Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ойлголтын зөрөө

Насны зөрөө амаргүй гэж үг бий. Амаргүй гэснээс боломжгүй гээгүй аж. Харин ойлголтын зөрөө гэж бий. Харамсалтай нь, ойлголтын зөрөөг амаргүй гэхэд багадна. Ойлголтын зөрөө биднийг дэлхий ертөнцөөс өөр, дэлхий ертөнцийг биднээс өөр харагдуулж байна. Учир нь ойлголтын зөрөө нь яван явсаар итгэл үнэмшлийн зөрөө, үнэт зүйлсийн зөрөө болон хувирч байнам.

-Монгол хүн машин угсарлаа, монгол хүн пүүз хийлээ, монгол хүн араак эдгээлээ… монгол хүн тэглээ… монгол хүн ингэлээ…нэг талаараа өчигдрийн нүүдэлчид өнөөгийн иргэншсэн нийгмийн нэг хэсэг болсондоо бахадсан сэтгэл мөн. Гэхдээ л цаад утга нь “форд юу юм бэ”,”Тоёота хэн юм бэ”, “үхсэн баасны найк”, “элэнцгийн чинь анагаах ухаан”…гэхчлэнгийн бардамналууд ханхална. Үнэн хэрэгтээ Монголд машин орж ирснээс хойш л түүнийг эвлүүлж угсарч ирсэн, хүннүгийн булшнаас “юун найк, яасны чинь адидас” гэмээр пүүз олдсон, араанк тусаад эдгэрсэн тохиолдол гарч л байсан…тэглээ гээд бид юугаараа өөр болсон бэ?

Асуудлын гол нь Адидасаас өөр этгээд пүүз оёж чаддаггүй, Фордоос өөр газарт машин угсрах сачийгүйд байна уу, эсвэл бүх хүний чадаж болох зүйлсийг тэд илүү сайн зарж байна уу? Ойлголтын зөрөө эндээс л эхэлнэ.

Жишээлэхэд, ориг дипломтой хүмүүсийн доторх цөмийн физикчийн эзлэх хувийг авч үзвэл манайх дэлхийд тэргүүлнэ гэдэг. Хэдэн минутын өмнө Дубна дахь Оросын цөмийн шинжилгээний институтэд ажиллаж байсан цөмийн физикч Р.Бадамдамдин орж ирээд гарах жишээний. Энэ нь Монгол орон цөмийн зэвсэгтэй болох боломжтой гэсэн үг хараахан биш.

Манайд, захын утас засварын бүхээгт гар утас элбэгхээн хийнэ. Үүнийгээ “монгол хүн гар утас хийж чадаж байна, ийм учраас Айфлээс юугаараа дутах юм бэ” гэж бардана. Харин дэлхий ертөнц “Үгүй яахав дээ, арга барагдахад гар утастай болчих нөхөр байна. Тэрийгээ борлуулж чадахгүй болохоор нэмэргүй дээ” гэж бодно. Хэрвээ сайн санаатай илэн далангүй хүн байж таарвал “Хөгшөөн, ингэж цагаа үрж байхаар самсунгийн бэлэн утас борлуулбал чамд унацтай” гэж зөвлөх байх.

За тэр, “манай эрдэмтэд хорт хавдрын эм байнга нээж байгаа” асуудал байна. Зөв ойлгоорой, “Хорт хавдар анагааж байгаа” асуудлыг үгүйсгэх гээгүй юм шүү. Үнэхээр ч тийм тохиолдол байдаг.

Хамгийн гол нь нь анагаах ухаан ба монгол ухааны “ойлголтын зөрөө” гараад хэн хэнийгээ зовоогоод байгаа юм. Дийлдэшгүй гэгдэх өвчнөөс итгэл үнэмшил, эмчийн авьяасаас хамаараад салж чадсан, бурханы ивээлээр эдгэрсэн хувь заяатан бишгүй. Ийм тохиолдол ганцхан манайд ч байгаа юм биш. Гэтэл шинжлэх ухаан тохиолдлыг тооцож үздэг болохоос биш, түүнийг аксиом болгодоггүй.

Жишээлэхэд, манай садангийн Б.Дэмчигсүрэн эмчийн тээр жил ярьснаар, Улиастайд таван давхраас согтуу хүн унаад амьд үлдсэн тохиолдол гарчээ. Бэртсэн гэхээсээ илүү үйрсэн гэвэл зохистой байсан тэр нөхөр шал умаахан байсныхаа ачаар өвдөлтийн шокийг давж чадсан байна.

Ингэлээ гээд “Дээмээ эмч таван давхраас унасан хүний амийг аврах арга олсон” хэмээн одон тэмдэг, патент нэхсэнгүй. Бас “Монголчууд болкооноос унасан хүнийг аврах арга нээлээ” гэж шуугьсангүй. Улмаар “Хөх толбот монгол хүний үл үйрэх ясан” гэхчлэнгийн судалгаа илтгэл хийгдсэнгүй. Хориод жилийн өмнө арай ч эрүүл байсан юм биш байгаа, бид чинь.

Одоо эргээд “хавдар эдгээгч” нарын сэдэв рүүгээ оръё. Анагаахын салбарын илтгэл биш учраас нэлээд бүдүүвчилж бичнэ шүү, хэлчихье. Манайд анх “араанк” нэрээр орж ирсэн хорт хавдарын унаган нэр нь Рак (латинаар cancer гэх ба манайхан энэ нэрийг орос хэлнээс зээлджээ) буюу хайчин гартай хавч ажгуу. Дотор нь амьд рак орчихоод гэдэс дотрыг нь хайчлан тасчих мэт өвдөн шаналдаг байснаас тийн нэрийдсэн гэнэ. Олон зууны турш хүн төрөлхтөн түүнтэй байлдсаар иржээ.

Өсөлт нь дийлдэхээ байсан эсүүд урган раак мэт идсээр эзнээ үхүүлдэг ажгуу. Эсийг дунд сургуульд үздэг. Бүдүүвч байдлаар авч үзэхэд, амьд амьтан нь үй олон бөгөөд жижигхээн “амьд амьтан”-аас тогтоно. Тэр олон амьд амьтад нь өсч үржиж, үхэж үрэгдэн “том амьд амьтныхаа” амьдрах нөхцөлийг хангана. Тэдний насжил ба тоо нь генетикчдийн хэлдэгээр тусгай программаар зохицуулагдана. Энэ “жижиг амьтад”-ын өсөх үхэхийн зохицол ба нийт “жижиг амьтад”-ын тооны тэнцэл дээр том амьтны амьдрал тогтдог байдлаар үлгэрлэе. Хэн минь, чи гаднаас нь харахад ганц биетэй мэт үзэгдэвч, нүдэнд үл өртөх түг түмэн амьтны нийлбэр ажаам.

Дорно дахинд ийнхүү оршихуйг “зохистой харьцаа” хэмээн томьёолох ба өрнөдөд “хүчний баланс” гэж харах жишээний. Эрүүл мэнд “зохистой харьцаа”-дээр оршдог бол, энхтайван “хүчний баланс” дээр тогтдог гэдэг нь ийм учиртай.

Одоо “араанк” руугаа оръё. Зарим нэг эс хяналт алдагдан өсөөд дийлдэхээ байхыг раак гэдэг гэнэ дээ. За даа, манайхны сайн мэдэх мөнгөний ханш уналттай ч төстэй юм уу?

Ингээд инфляци болсон хавдрын эсүүдтэй хүний дархлааны эсүүд байлдаж эхэлдэг гэнэ. Төгрөгийн ханшийг унагахгүй гээд л Монголбанкнаас цаасан мөнгөний операци хийж аргацаадаг шиг юмуу даа. Цаад эдийн засаг нь сэргэж, хөрөнгө оруулалт орж ирэхгүй бол төгрөг унасаар л байдаг шиг хөөрхий дархлааны эсүүд байлдаад л байдаг, дайсан хавдар өсөөд л байдаг ажээ. Сонин шүү, хэрвээ эсүүд нь үхвэл эзэн үхнэ, бас эс нь үхэхээ байчихвал эзэн нь үхнэ, нэг ийм л дүрэм амьдралд үйлчилдэг аж.

Сонирхолтой нь тавиас дээш насныхны хавдар даах хугацаа харьцангуй урт ажээ. Болхидуухан тайлбарлахад, хөгшин хүний хавдар “хөгшин” байдаг, иймээс удаан томордог гэмээр юмуу. Шинжлэх ухааны хэллэгээр бол хөгшрөлөөс үүдэн физиологийн процесс удаашрах үзэгдэл.

Хүн төрөлхтөн олон зуун жил хорт хавдартай байлджээ. Гэхдээ ганцхан л тактиктай. Тэр нь аль болох удаан хугацаанд хориглон байлдах. Өөрөөр хэлбэл хавдрын эсийн өсөлтийг боломжоороо сааруулах гэсэн үг. Анагаах ухаан хорт хавдрын өсөлтийн боломжоороо л сааруулж чаддаг болсон, цөөнгүй тохиолдолд эдгээж байгаа ч түүнийг ялаагүй хэвээр. Яг л цэцгийн вакцина гарахаас өмнө цэцэг өвчин тусаад эдгэрсэн хүмүүс бишгүй байсан ч анагаах ухааны утгаар түүнийг ялаагүй байсан шиг зүйл.

Шинэ мянганы босгон дээр манай гаригийн эмч докторууд ийм дүгнэлт хийжээ. Хавдрын эсийг байлдаад байлдаад хориглолт хийхээс хэтэрч чадахгүй юм байна гэж үзэв. Ингээд тактикаа өөрчилжээ. Тактикийг хавдрын эсийн өөрийнх нь тактикаас санаа авсан гэвэл зохилтой. Хэрвээ “Хорт хавдрын эс бидний дотор орчихоод, бидний амьдрах программыг өөрчлөн үхүүлж чадаж байгаа юм чинь, бид нар чиний дотор ороод гэдэс дотрыг нь хутган алийг нь алдуулж яагаад болохгүй билээ” гэсэн асуултын хариу энд бий.

Ингээд орчин үеийн анагаах ухааны салбар хорт хавдрын эсрэг тэмцлийнхээ тактикийг 180 градус эргүүлсэн бөлгөө. Бүдүүн тоймоор бол “Хавдартай байлдахын оронд дотор нь ороод уушгийг нь гэдэстэй, улаан хоолойг нь давсагтай нь холбоод, үржиж өсөх аргагүй болгож тавина” гэсэн санаа. Шинжлэх ухааны утгаараа хавдрын эсийг өөрийг нь шинэчлэн программчлах боломжийн тухай асуудал.

Тэгэхээр эс гэдэг “амьтныг” ширээн дээрээ боодог шиг тавьчихаад задлах аргагүй учраас илүү нарийн лабортори хэрэгтэй. Улмаар түүнийг мөч мөчөөр нь янзалж, илүү нарийн түвшинд холиодог болохын тулд салбарын хэдэн мянган эрдэмтэн шаардлагатай. Энд хэрэгтэй мөнгө ба эрдэмтний тоо хэмжээ манай засгийн өнөөгийн чадавхаас давсан эд гэнэ.

Нэг бус удаа, Баабар бичихдээ: Хорт хавдартай тэмцэх, ялах ажил нь эсийн түвшинд яригдаж байгаа учраас маш их мөнгө, олон институт, мянга мянган хүний оролцоо хэрэгтэй болсон гэж хэлээд байдаг нь ийм учиртай юм байна.

Ийм түвшинд оччихсон учраас л өрнөдийн судлаачид “Монгол хүн ийм өвснөөс хавдар эдгээдэг тийм эм гаргалаа. Тийм тангаар хавдрыг нам дарж сурлаа” гэхээр тоож өгөхгүй зовоогоод байгаа юм гэнэ. Тэрнээс биш, манай төр засаг эрдэм ухааныг олигтой дэмжихгүй, Монголын ард түмэн эрдэмтдээ санаанд нь хүртэл хайрлаж өгөхгүй, эсвэл гадаадынхан биднийг дээрэлхээд хүний дайтай үзэхгүй зэргээс болоод байгаа юм биш ажээ.

Ер нь бол наад захын ийм зүйлийг, энгүүнээр, бас түвэггүй ойлгоё гэвэл Их Британийн анагаах ухааны холбоо, ДК ба НЭПКО хэвлэлийн газрын хамтын бүтээл “Анагаахын иж бүрэн гарын авлага” номыг үзэхэд гэмгүй.

Угаасаа ч энд хорт хавдрын тухай ч ярих гээгүй юм. Энэ гайхал монголчуудаас хол байг. Харин “Ойлголтын зөрөө” гэдэг ойлголтын тухай ярих гэсэндээ түүнийг жишээлсэн хэрэг. Ойлголтын зөрөөг бол яаралтай шийдүүштэй байна. Учир нь өнөөдөр энэ “Ойлголтын зөрөө” нь манай “нийгмийн сэтгэлгээний араанк” болчихоод байна. Энэ зөрөө л манай улс төрийн хямралын гол шалтгаан ч бас мөн.

Наад зах нь бидний “Болно” ба хүн төрөлхтний “Болно” хоёрын хооронд асар их ойлголтын зөрөө байдаг. Соёлт ертөнцийн хувьд “ингэж-тэгж болно” гэдэг нь нэгдүгээрт, уг үйлдэл хууль журамд нийцэж байгаа эсэхээс хамаарна. Хоёрдугаарт, хуулиар хориглоогүй ч нийгмийн ёс суртахуунаар зөвшөөрөгдөх эсэхийг авч үзнэ. Гуравдугаарт, уг үйлдэл өөрөө хийх боломжтой эсэх нь орно. Харин, бидний хувьд эхний хоёр үзүүлэлт тийм ч чухал биш бөгөөд гурав дахь хэсэг л шийднэ.

Жишээлэхэд, болкоон дээрээс морь харж, сарих тухай асуудал гарлаа гэж бодъё. Баруунд бол хуулиар энэ асуудлыг яаж зохицуулсныг авч үзнэ. Хэрвээ улсын хуулиар болкоон дээрээс морь харахыг хориглоогүй байвал ёс суртахуун руу шилжинэ. Тухайн үндэстний ёс мораль нь хаа хамаагүй сарихыг юманд боддоггүй байж болно. Эндээс хувийн боломж руу шилжинэ. Хувийн боломж гэдэг нь болкоон дээрээс сарих гэхээр өндрөөс айдгаасаа болоод шээс нь боогдохгүй байх, өөрөө “юм хум”-аа олон түмэнд харуулахаас ичихгүй болох талын асуудлууд орно.

Харин манайд, ердөө л “шээс боогдохгүй” байхыг л боломж, бололцоо гэж үздэг. Бидний “болно” ба соёлт хүн төрөлхтний “болно” хоёрын зөрөөг эндээс харж болно.

Бид чадаж байгаагаа хийхийг ардчилал гэж ойлгож байгаа бол соёлт ертөнцөд хууль ёс суртахууны болон хувийн шалгуур энэ гуравт нийцсэн зүйл хийхийг ардчилал гэж үздэг. Ардчилал маш олон зүйлийг хуулиар зохицуулдаг ч түүнээс дутахгүй зүйлсийг нийгмийнхээ ёс суртахуунд даатган үлдээдэг. Манайд ёс суртахуунд даатгасан тэр хэсгийн орон зай “хар нүх” маягтай байна….Ойлголтын зөрөө ийм аймааааар.

2017.06.20

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *