Categories
мэдээ улс-төр

Намууд гишүүнчлэлийн татвараас илүү сонгуулиар болон бусад үед авдаг хандиваар “амьдарч” байна

“Шилэн нам” авлигын эсрэг түншлэлээс өнөөдөр “Улстөрийн санхүүжилтийн ил тод байдал, авлигын эрсдлийн үнэлгээ” хэлэлцүүлгийг зохион байгуулж, дээр сэдвээр хийсэн судалгааны дүнг сэтгүүлчдэд танилцуулав.

Монгол Улсын Улстөрийн намын тухай хуулийн “Намын санхүүжилтийн үйл ажиллагааг жил бүр аудит хийлгэн баталгаажуулан олон нийтэд мэдээлнэ” гэсэн заалт амьдралд хэрэгжихгүй байгааг судалгааны дүнг танилцуулсан улстөр судлаач, доктор Э.Гэрэлт-Од хэлж байв.

Тэрбээр “УИХ-аар Улстөрийн намын тухай болон Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж буй энэ үед улстөрийн намуудын санхүүжилтийн талаар хэлэлцэж буй нь цагаа олсон сэдэв бөгөөд намууд санхүүжилтээ гишүүд, олон нийтэд ил тод, нээлттэй, хүртээмжтэй тайлагнаж байх, түүнийг нь хянаж байх, улмаар санхүүжилтийн зөрчилд хариуцлага хүлээж байх талаар хуульд нэмж тусган шинэчлэх зүйл олон байгаа”-г онцолж байв. “Өнөөдөр улстөрийн намууд гишүүнчлэлийн татвараас илүү сонгуулиар болон бусад үед авдаг хандиваар “амьдарч” байгаа”-г тэмдэглэж, олон шинэчлэл хийх ёстой байгаа Улстөрийн намын тухай хууль өөрчлөгдөхгүй, урагшлахгүй байгааг улстөрчид тэрхүү өөрчлөлт шинэчлэлийг хүлээн авах хүсэл эрмэлзэлгүй байгаатай холбож байв.

Хэлэлцүүлэгт намуудын авлигын байдлын талаар илтгэл тавьсан “Трансперенси интернейшнл Монгол” байгууллагын төлөөлөгч О.Батбаяр Монгол дахь улстөрийн намууд авлигын эрсдлийн үнэлгээг нэн эхэнд хийлгэх шаардлагатай байгааг онцолж байв. Тэгвэл “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлийн тэргүүн Ч.Сосормаа, “Өнөөдөр намуудын санхүүжилт ил тод бус байгаа нь түүнийг хэн яаж хянахыг хуульд нарийн тусгаж өгөөгүйтэй холбоотой. Наад захын жишээ гэвэл улсын төсвөөс улстөрийн намуудыг дэмжиж мөнгө өгдөг ч тэрийг нь юунд яаж зарцуулж байгаа нь тодорхой бус байдаг. Уг нь намуудын хөгжилд зарцуулж байх учиртай. Үүнийг хуульд тусгах хэрэгтэй байгаа”-г онцолж байв.

“Шилэн нам” авлигын эсрэг түншлэлээс хараат бус судлаачдын багийн хамт хийсэн “Улстөрийн санхүүжилтийн ил тод байдал, авлигын эсрэг үнэлгээ” судалгааг Азийн сан дэмжжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *