Зээлийн хүүг бууруулахыг шаардсан иргэдийн автомашинтай жагсаал өнөөдөр Төв талбайг гурван удаа тойрлоо. Тус жагсаалыг Хувиараа тээвэр эрхлэлтийн үйлдвэрчний нэгдсэн хорооноос зохион байгуулсан юм.
Энэхүү жагсаалд оролцож буй иргэд “ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнууд жилийн 3 хувийн хүү төлж байхад, жинхэнэ бизнес эрхлэгчид 30 хувийн хүү төлж байна”, “Ипотекийн зээлийн хүүг 3 хувь болго”, “Цалин, тэтгэврийн зээлийн хүүг 9 хувь болго” гэх уриа лоозонг автомашин дээрээ байрлуулжээ. “Өнөөдөр монголд зээлгүй хүн алга. Цалин, тэтгэвэр, ипотекийн зээлийн хүү их байгаа нь ард түмний нуруунд ачаа, дарамт болж байна. Тиймээс тэмцлийн эхний алхамаа эхэллээ” хэмээн Хувиараа тээвэр эрхлэлтийн үйлдвэрчний нэгдсэн хорооны тэргүүн Ц. Батчулуун хэлэв.
Зөвшөөрлийн дагуу болж буй дээрх жагсаалд 20 гаруй автомашинтай иргэн оролцож байна. Жагсагчид ойрын хугацаанд илүү өргөн хүрээтэй дахин жагсахаа мэдэгдэж байв.
Хувиараа тээвэр эрхлэлтийн үйлдвэрчний нэгдсэн хороо өнгөрсөн оны 11 дүгээр сард шатахууны үнийн нэмэгдлийн эсрэг 300 гаруй автомашинтай жагсаж байсан юм.