Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Бямбадорж: Эрүүдэн шүүж байгааг нь мэдсэн ч нууцын зэрэглэлтэй хэргийн талаар олонд дэлгэх эрх бидэнд байхгүй

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хорих ангиудад нэвтэрч шалгалт хийх бүрэн эрхтэй байгууллага бол Хүний эрхийн Үндэсний комисс. С.Зориг агсны хэрэгт байцаагдаж байсан иргэдийг эрүүдэн шүүж байхад та бүхэн хаана юу хийж явсан юм. Тэдний эрх ашгийг хамгаалах танай үүрэг биш үү?

-С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг шалгахтай холбоотойгоор 2015 оны долдугаар сараас эхлээд л “эргэлт оруулахгүй байна, тамлаж зовоож байна, эрүү шүүлт тулгаж байна” гэх мэт гомдол ар гэрийнхнээс нь олон ирсэн. Маш нууцын зэрэглэлтэй учир тухайн үед нь гаргаж тавьж болохгүй байлаа. Эрүүдэн шүүх гэдэг бол гэмт хэрэг. Гэмт хэргийг мөрдөн шалгах эрх мэдэл бидэнд байхгүй. Хуулинд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүх шатанд байгаа хэрэг маргааны талаарх гомдлыг хүлээж авахгүй гэж заасан байдаг. Гагцхүү бид түүнд дүн шинжилгээ хийж хэрэг мөрдөгч, албан тушаалтнуудад сануулж ажилласан. Ганцхан хариу бидэнд ирсэн. Нийслэлийн прокурор Б.Амгаланбаатар гэж хүний гарын үсэгтэй бичиг бидэнд ирүүлсэн. 2014 оны нэгдүгээр сарын 24-нд УИХ-ын есөн гишүүн санаачилж Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгасан. Энэ үеэс л манайд эрүүдэн шүүх асуудал газар авч эхэлсэн шүү дээ. Комисс нийт 17 илтгэл бичсэн байдаг. Үүний 13 нь ямар нэгэн байдлаар эрүүдэн шүүхийн асуудлыг оруулсан. Өөрөөр хэлбэл иргэдийн эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн асуудлын талаар гэсэн үг. Харамсалтай нь энэ талаар дорвитой арга хэмжээ огт аваагүй. Мөрдөн байцаах албыг татан буулгаад янз бүрээр тэр үүргийг оногдуулах гэж оролдсон. Авлигатай тэмцэх газрын албан хаагчдыг асуудлыг цагдаа, Цагдаагийн асуудлыг Тагнуулын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын үйлдсэн хэргийг шүүх прокурор гээд шалгана, тойроод сүлжсэн сүлжээ бий болчихсон. Өнөөдөр томоохон хэргүүд хэргийн бүрэлдэхүүнгүй байна, нотлогдсонгүй гэх хариу ирүүлсэн гээд л чимээгүй болоод байгаа.

Байдал ямар байгааг олон түмэн харж байгаа байх. Одоо зарим аймаг суманд хэрэг мөрдөх үйл ажиллагаа ийм байдалтай явагдаж байгаа шүү. Дуулин тарьсан нь л С.Зориг агсных болохоос биш. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.6-д “Мөрдөгч мэдүүлэг авах гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд эзэгтэй, үр хүүхдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлах ба санаатай худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх тухай сануулна” гэж заасан байдаг. Үүнийг эсрэгээр нь хэрэглэж байгаа. Манайд ирж байгаа гомдлоос харахад “Чи хэргээ хүлээхгүй бол ээжийг чинь хорино шүү, эхнэрийг чинь шоронд хийнэ шүү” гэж дарамталдаг.

-Б.Содномдаржаагийн гэрийнхнээс ирүүлсэн хүсэлтэд юу дурдсан байв?

-Б.Содномдаржаагийн ч , Т.Чимгээгийнх ч тэр ар гэрийнхнээс ирүүлсэн гомдол төстэй. Утсанд нь мессэж ирээд л дараагаар нь толгойд нь уут углаж авч яваад өдөр шөнөгүй дарамталсан байсан. Хэрэв энэ хэргийг хүлээхгүй бол “Аюул болно шүү, хүлээчихвэл гайгүй” гэх мэтээр тархийг угаасан байна лээ. Хамгийн сүүлд өмгөөлөгчгүй тэд айж сандарсандаа хэлснээр нь мэдүүлгээ өгвөл гайгүй юм болов уу гээд хэлчихсэн байгаа юм. Өмгөөлөгч нь яагаад ийм мэдүүлэг өгсөн тухай асуухад “Энэ улсууд ингээд мэдүүлчихвэл гайгүй гэж хэлсэн шүү дээ” гэсэн байсан. Иймэрхүү л зүйл Хүний эрхийн үндэсний комисст ирүүлсэн. Нууцын зэрэглэлтэй учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй.

-Энэ хэрэг нууц ангилалд байгаа ч тухайн хүмүүсийн эрхийг хамгаалж эрүүдэн шүүж мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгааг нь та бүхэн олон нийтэд мэдэгдэж болоогүй юм уу?

-Маш нууцын зэрэглэлтэй учраас бидэнд ирүүлсэн материалыг би зарлаж болохгүй. Хүний эрхийн үндэсний комисс хариуцсан албан тушаалтанд л ханддаг. Удаа дараа хандсан. Цаазаар авах ялыг халсны хүчинд л тэр хүмүүс өнөөдөр амьд явж байна. Хэрэв халаагүй байсан бол магадгүй цаазлуулчихсан байхыг үгүйсгэхгүй. Эрэгтэйчүүдийг нь. НҮБ-ын хүний эрхийн комиссын төлөөлөгч 2006 онд Монголд ажиллахдаа эрүүдэн шүүлт бодитоор байдаг гэдгийг тогтоож, энэ тухайгаа НҮБ-ын илтгэлд дурдсан байдаг. Энэ үеэр мөрдөн шалгаж байсан иргэнийг 24 цагийн турш зодож амийг нь хөнөөсөн ноцтой хэрэг ч гарсан. Түүнчлэн таван хүнийг зургаан жил шалгаад, эрүүдэн шүүлтийн улмаас нэг нь нас барсан гэх мэт олон тохиолдлууд гарч байсан.

-Мөрдөн байцаах үйл ажиллагааг хэзээнээс камертай өрөөнд явуулах болсон бэ. Хэн үзэж шалгах эрхтэй вэ?

-ХЭҮК мөрдөх үйл ажиллагааг сүүлд нь шалгахад баримттай байлгахын тулд камертай, дуу бичлэгтэй өрөөнд явуул гэж 2012 оноос хойш л хөөцөлдсөн. Үр дүнд нь нийслэлийн есөн дүүрэг, аймгуудын төв, 461 дүгээр ангийн камер дуу бичлэгтэй өрөөнд байцаалт авдаг болсон. Шинэ хуулийн 25.1.2 дугаарт “Мөрдөгч мэдүүлэг авахдаа шаардлага хангасан өрөөнд явуулна” гэж заасан байгаа. Энэ дагуу Улсын ерөнхий прокурорын 2017 оны зургадугаар сарын 27-ны өдөр тушаал гарсан байгаа юм. Энэ шаардлага хангасан өрөө нь “Дуу, дүрсний төхөөрөмжийг мэдүүлэг өгөх гэж байгаа хүнийг бүтэн харуулах байдлаар тохируулах ба мөрдөгчийн хөдөлгөөн нь бичлэгийн төхөөрөмжийн харах өнцгийг хаахгүй байдлаар суурилуулна. Мэдүүлэг өгч буй хүний нүүр царай, үйл хөдлөлийг бүрэн хэмжээнд тусгах бол нэмэлт төхөөрөмж суурилуулж болно гэсэн заалттай. Үүнээс гадуур мөрдөхөд л эрүү шүүлтийн нэг хэлбэр гэж үзэж байгаа юм. Орон нутагт энэ ажил хэрэгжихгүй байгаа. Камерыг зөвхөн нэр бүхий прокурор, мөрдөн байцаагч нар шалгаж болно.

-Та есөн дүүрэг 21 аймгийн төвийн мөрдөн байцаах өрөөнд хяналтын камер байдаг гэж яриандаа дурдсан. Хүний эрхийн үндэсний комисс тус камерыг үзэх эрх байдаг юм уу?

-Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд явж буй хэргийн талаар гомдол маргааныг Хүний эрхийн үндэсний комисс хүлээж авах эрхгүй. Тэр бичлэгийг нь холбогдох газрууд нь хараад арга хэмжээ авч байг гэж санасан юм. Сая С.Зориг агсны хэргийг эрүүдэн шүүж байсан нь ил гарлаа гэж дуу алдаад байна. Энэ чинь камертай болсны ач буян шүү дээ.

-Камеруудыг байршуулсан ч хянах боломжгүй нууцын зэрэглэлтэй үед энэ мэт хэргүүд цаашид гарах эрсдэл өндөр байна шүү дээ?

-Бид олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу шалгаж болно. Гэхдээ нууцын зэрэглэлтэй хэргийг мэдээлэх эрх байхгүй. Мөрдөн байцаах ажиллагааны нууцтай холбоотойгоор маш нууцын зэрэглэл дээр зөвхөн нэр бүхий прокурор, нэр бүхий мөрдөн байцаагч нарыг л оруулдаг журамтай. Цагдан харих төвүүд дээр ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд бид үзнэ. Үзэж ч байсан.

-Цаашид яах вэ?

-Цаашид бүгдээрээ хамтаръя. Олон түмэнд хүргэж, дэмжлэг авъя.

-Эрүүдэн шүүж байгаад хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж, амь насыг хохироовол ямар шийтгэл оногдуулдаг вэ?

-Эрүү шүүлтийн асуудал нийгэмд цочроо өгч байна гэхээс илүү эрүү шүүлттэй тэмцэж байгаа механизм, урьдчилан сэргийлэх механизм, хариуцлага тооцдог механизмаа хуулиар бүрэн тодорхой болгож өгөх хэрэгтэй. 2017 он хүртэл эрүү шүүлтийн эсрэг конвенцийн хуулинд орсон зүйл заалт нь конвенцтойгоо нийцэхгүй байсан. Одоо шинээр оруулж өгсөн хуулийн заалт нь ялыг нь хөнгөрүүлж шийдсэн. Эрүүдэн шүүж байгаад хүний амь нас болон ямар нэгэн байдлаар хохироосон бол тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгэнэ гэж заачихсан. Хуучин Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйл ангид 15 жилээр хорих зүйл ангитай байсан. Тэр залууг 24 цаг зодож амь насыг нь хохироосон хянагчид 13 жилийн ял өгч байсан.

-Ц.Нямдорж эрүүдэн шүүх сандалнуудыг оруулж ирсэн асуудал байгаа. Сандалнууд өнөөдөр хорих ангиудад ашиглагдаж байгаа юу?

-Аймаг дүүргүүдэд хуваарилсан сандалнууд байсан л даа. Хяналт шалгалт хийгээд тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Тэмүүжинд хандаж “Бүх тасаг хэлтсүүдэд хэрэглүүлэхгүй байх шаардлага” хүргүүлсэн. Аймгуудад хүртэл тараагдсан сандалнууд буцаж хураагдсан. Тухайн үед “Энэ сандал хөдөө орон нутгийн мөрдөн байцаагч нарт хэрэгтэй байсан” гэсэн маргаан гарч байсан. Монгол Улс Үндсэн хуулиндаа олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ гээд заачихсан байдаг. Үүний дагуу л хураасан хэрэг. Бид 2014 онд Эрүүдэн шүүх, хэрцгий хүнлэг бусаар, хүний нэр төрийг доромжлон харилцахын эсрэг конвенцийн нэмэлт протоколд манайх нэгдэж орсон байдаг. Үүнээс хойш таван жил өнгөрч хоёр парламент дамжиж байна. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизм байгуулах ёстой. Дэлхийн хөгжилтэй ихэнх орнууд энэ үйл ажиллагаагаа явуулж байгаа.

-Жил болгон та бүхэн илтгэл тавиад л хурдан морины хүүхдийн эрх ашгийг хамгаална, эрүүдэн шүүх гээд яриад байдаг. Энэ чинь ямар ч үр дүнгүй байна шүү дээ?

-Энийг та бүхэн тэр шийдвэр гаргагчдаас асуу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *