Засгийн газрын 2017 оны 94 дүгээр тогтоолын дагуу 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн үндэсний гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй болсныг гадаад улс дахь Элчин сайдын яамдууд мэдэгджээ.
Паспорт сунгахгүй тухай шийдвэр нь одоо хэрэглэгдэж байгаа паспортын хүчинтэй хугацаанд нөлөөлөхгүй бөгөөд сунгалт хийгдсэн паспортын хувьд сунгалтын хугацаа дуусах хүртэл хүчинтэй. Гадаад паспортын хугацааг сунгахгүй болсон нь олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандартыг бүрэн хангах, монгол иргэдийн гадаадад зорчих эрхийг баталгаажуулж, гадаад улсын хилээр нэвтрэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах зорилгоор хийгдэж буй ажил юм.
Гадаад улсад зорчиход паспортын хүчинтэй хугацаа доод тал нь 6 сар байх шаардлага тавигддаг тул паспортын хугацааг дуусахаас 6 сарын өмнө шинээр паспортаа захиалахыг зөвлөж байна. Гадаад паспортыг шинээр 10 жилийн хугацаатай олгож байна.