Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён энэ сарын 27-ныг хүртэл манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Ли Наг Ён “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, зочиллоо. Уулзалтанд БНСУ-ын “Корей Смарт Карт” корпорацын ерөнхийлөгч Ким Тэ Гыг болон БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам, “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун Ү болон бусад албаны төлөөллүүд оролцлоо.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Ли Наг Ён хэлэхдээ “Хоёр орны хамтын ажиллагааны үр дүн гарч өнөөдөр нийтийн тээвэрт төлбөрийн системийг бүрэн нэвтрүүлж, үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаад баяртай байна. Цаашид хийж, хэрэгжүүлэх олон ажилд нь амжилт хүсье” хэмээн онцоллоо.
“Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Нийтийн тээврийн үйлчилгээнд Удирдлага, Мэдээллийн болон Цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл” нь Улаанбаатар, Сөүл хотын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй анхны томоохон төсөл юм. Уг төсөл хэрэгжсэнээр нийтийн тээвэрт төлбөрийн ухаалаг системийг бүрэн нэвтрүүлж, далд орлогыг ил болгох, бүртгэлжүүлж, хяналтын системийг сайжруулсан юм.