УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж шинэ дарга сонгох асуудлыг хэлэлцлээ. Тус байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилогдсонтой холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Д.Оюунхоролын нэрийг дэвшүүлжээ. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Байнгын хорооны хуралдаанд оролцож бүлгийнхээ шийдвэрийг танилцуулсан бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа өөрийгөө байнгын хорооны даргад нэр дэвшүүлжээ. Харин Байнгын хорооны гишүүдийн олонх нь УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг дэмжжээ.