УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар гурван асуудал хэлэлцжээ. Эхлээд Ардчиллын алтан хараацай С.Зориг агсны хэрэгт холбогдсон гэх хүмүүсийг эрүүдэн шүүсэн бичлэгийг авч хэлэлцсэн байна. Уг асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж бүлгийн хуралдаанд танилцуулжээ. Ингээд Монгол Улсад эрүүдэн шүүх явдал байхгүй гэж үзээд энэ бичлэгийг олон нийтэд цацах нь зүйтэй гэж бүлэг үзсэн байна. Мөн энэ асуудлыг ҮАБЗ-ийн хурлаар яаралтай хэлэлцэх ёстой гэж гишүүд үзжээ.
Улсын ерөнхий прокурорын орлогчийг томилох эсэх асуудлыг зөвшилцөхөөр Ерөнхийлөгч оруулж ирсэн. Энэ асуудлыг бүлэг хэлэлцээд хойшлуулах шаардлагатай гэж үзжээ. Шалтгаан нь, С.Зориг агсны хэрэгтэй холбоотой эрүүдэн шүүсэн гэх асуудалтай холбон тайлбарлаж байна.
АТГ-ын дарга, дэд дарга нарын бүрэн эрхийн хугацаа дууссан учраас дараагийн удирдлагыг томилох асуудлыг Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлсэн. Үндсэн хуулийн цэц дээр АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаатай холбоотой маргаан үүсээд байгаа. Эрхзүйн хувьд маргаан үүссэн асуудлыг УИХ яаралтай шийдэх шаардлагагүй гэж үзжээ. Иймд шүүхийн маргаан дууссаны дараа уг асуудлыг хэлэлцэх ёстой гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзсэн гэдгийг тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ.