Categories
гадаад мэдээ

Их Британийн ерөнхий сайд Т.Мэй өнөөдөр огцрох уу?

Өнгөрсөн бямба гаригт Лондон хотноо олныг хамарсан жагсаал боллоо. Их Британи улс Европын холбооноос гарах (Брексит)-тай холбоотой асуудлаар жагсагчид бүх нийтийн санал асуулга дахин явуулахыг шаарджээ. Гуравдугаар сарын 29-ний өдөр бол Брекситийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх хугацаа.

Жагсаалыг People’s Vote байгууллагаас зохион байгуулжээ. Тус байгууллагын төлөөлөгчийн мэдээлснээр жагсаалд хамрагдсан иргэдийн тоо нэг саяд хүрсэн гэв. Зохион байгуулагчдын хүлээж байснаас хавьгүй олон хүн цугларсан гэжээ. Улмаар Их Британийн түүхэнд хамгийн олон хүнийг хамарсан жагсаал болж байгаа юм.

Жагсагчид “Засгийн газар мухардалд орлоо. Брекситийн ирээдүй бүрхэг байна. Бид Европын холбооноос гарах асуудлыг таслан зогсоомоор байна. Брекситийн асуудлаар бүх нийтийн санал асуулга дахин явуулахыг хүсч байна” гэсэн уриа лоозонг гартаа барьжээ. “Уг асуудлаар дахин санал асуулга явуулбал британичууд Европын холбоонд үлдэх шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна” хэмээн жагсаалд оролцогчдын нэг, 42 настай Брайн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа онцолжээ. “Гурван жилийн өмнө явуулсан санал асуулга нь том алдаа байсан. Эрх баригчид иргэдийнхээ дуу хоолойг сонсох хэрэгтэй. Жагсагчдыг сонсоосой гэж бид шаардаж байна” хэмээн өөр нэг оролцогч, 54 настай Жон хэлжээ.

Жагсагчид Лондон хотын төвөөс Парламентын ордон хүртэл тайван жагсчээ. Лондон хотын дарга Садик Хан жагсаал нэгдсэн байна. Тэрээр твиттертээ “Британичууд 2016 онд Брекситийн асуудлаар санал өгсөн. Үүнийг үл харгалзан тэд Европын холбоотой байгуулсан муу гэрээний төлөө саналаа өгөхгүй гэдгээ илэрхийлсээр байгаа. Тиймээс эрх баригчид иргэдийнхээ өмнө эцсийн үгээ хэлэх цаг боллоо” хэмээн жиргэжээ.

С.Ханы үзэж буйгаар Т.Мэйн Брекситийн асуудлаар дорвитой шийдвэр гаргаагүй нь тус улсад хөрөнгө оруулалтыг бууруулсан гэдэг. Тэрбээр “Долоо хоног тутамд аль нэг аж ахуйн томоохон нэгжүүд Их Британид явуулж буй үйл ажиллагаагаа танах болсноо мэдэгдээд байгаа” гэв. Жагсаалд Брекситийг дэмжигчид болон эсэргүүцэгчид аль аль нь оролцсон байна. Оюутан, өндөр настан, төр нийгмийн зүтгэлтнүүдээс гадна жүжигчид, зохиолчид гээд олны танил хүмүүс нэгджээ. Мөн зарим иргэд үр хүүхэд болон гэрийн тэжээвэр амьтнаа ч авчирсан гэнэ. Алдартнуудын дунд дуучин Элтон Жон, жүжигчин Патрик Старт, Бенедикт Камбербэтч, Стив Куган, зохиолч Жоан Руолинг, дизайнер Вивьен Вестфуд, хөлбөмбөгчин Дэвид Бэкхэм зэрэг олон хүн байлцжээ. Түүнчлэн бямба гаригт Брекситийг цуцлах асуудлаар дөрвөн сая гаруй хүн гарын үсэг зурсан талаар “The Independent” сонинд мэдээлжээ.

Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй өнгөрсөн долоо хоногт Брекситийн асуудлыг хойшлуулах саналыг Европын холбоонд тавьсан. Тухайлбал, энэхүү хугацааг гуравдугаар сарын 29-нд эцэслэн шийдвэрлэх байсныг зургадугаар сарын 30-ныг хүртэл сунгах санал тавьсан аж. Европын холбооны гишүүн орнууд түүний саналыг хүлээн авч хэлэлцжээ. Их Британийн парламент Брекситийн асуудлыг энэ долоо хоногт дахин хэлэлцэх юм. Хурлын үр дүн ямар гарснаас үл хамааран Европын холбоо уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх хугацааг дөрөвдүгээр сарын 12, эсвэл тавдугаар сарын 22-ныг хүртэл хойшлуулахаар төлөвлөж байна. Үүнтэй зэрэгцэн Их Британийн Засгийн газрын зарим гишүүд ерөнхий сайдаа огцруулахаар хуйвалдсан байгаа. Тэд энэхүү саналаа даваа гаригт болох хуралдаанаараа хэлэлцэх аж. Хэрэв Т.Мэй саналыг нь хүлээж авахгүй бол тэд өөрсдөө огцрох талаар “Sun­day Times” сонинд онцолжээ. Түүнд дурдсанаар Засгийн газрынх нь 11 сайд ерөнхий сайдаа огцруулах хүсэлтэй байгаа аж. Тиймээс өнөөдөр болох хуралдаанаар Т.Мэй огцрох эсэх нь шийдэгдэх бололтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *