Categories
мэдээ нийгэм

Хүн амын улсын тооллогын бэлтгэл ажлын сургалт болов

Завханы Статистикийн хэлтсээс 2020 оны тооллогын бэлтгэл ажлын хүрээнд улсын бүртгэлийн хэлтсийн ажилчид, болон 24 сумын бүртгэгч нарт сургалт хийжээ.

Сургалтаар сум орон нутагт хийх ажил, мөн статистикийн хэлтсийн үйл ажиллагаа, тооллого, судалгаа, мэдээллийн сайтууд түүний хэрэглээний талаарх арга зүйн зөвлөгөөг өгчээ. Мөн иргэний бүртгэлийн шинэчилсэн хууль, иргэний шилжилт хөдөлгөөний талаарх аймгийн дүнгийн мэдээллийг солилцож хүн амын тооллогыг хэрхэн явуулах талаарх санал бодлоо солилцжээ.

Монгол Улс хүн амын XX зууны анхны тооллогоо 1918 онд явуулснаас хойш найман удаа, XXI зуун гарсаар анхныхаа ээлжит тооллогыг 2010 онд, Хүн ам, орон сууцны анхны завсрын тооллогыг 2015 онд зохион байгуулсан ажээ. Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн 7.1-ийн а-д “Хүн амын орон сууцны ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам”, “Хvн ам, орон сууцны улсын тооллогын тухай” хуулийн 8.1-д “Ээлжит тооллогыг 2010 оноос эхлэн 10 жил тутамд нэг удаа улсын хэмжээнд явуулна”, мөн хуулийн 8.2-д “Тооллогын товыг ээлжит тооллого явуулах хугацаанаас хоёроос доошгүй жилийн өмнө Улсын Их Хурал зарлана” гэсэн заалтуудын хэрэгжилтийг хангах үүднээс ээлжит тооллогыг 2020 онд зохион байгуулах юм байна.

Тооллого явуулах товыг Улсын Их Хурлын 2017 оны 76 дугаар тогтоолоор, Тооллогын улсын комиссыг 77 дугаар тогтоолоор тус тус тогтоож өгсөн билээ. 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Тооллогын улсын комиссын анхдугаар хуралдаан болж, “Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит улсын тооллогыг зохион байгуулж явуулах үйл ажиллагааны төлөвлөгөө”, “Аймаг, нийслэлийн тооллогын комиссын бүрэлдэхүүнийг томилох тухай” зэрэг тогтоолыг баталжээ. Тооллогын улсын комиссын дарга Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бөгөөд Хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 оны нэгдүгээр сарын 8-9-нд шилжих шөнийн 00:00 цагаас эхлэн долоо хоногийн турш явуулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *