Явган аялалд явахын өмнө 1991 он
МУБИС-ийн анхны дасгалжуулагчийн ангийг 1993 онд төгссөн хамт олон энэ удаагийн “Нэг анги” буланд уригдан оролцож байна. Тус анги нь 22 хүүхэдтэй. Энэ ангийнхан Монголын хамгийн анхны дасгалжуулагчийн анги байсан төдийгүй олон спортын алдартнууд төрөн гарснаараа онцлог. Эл ангид “Алдар” спорт хорооны багш дасгалжуулагч Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Хосбаяр, Монгол Улсын гавьяат тамирчин Улсын гарьд агсан П.Сүхбат, Монгол Улсын гавьяат тамирчин, Улсын заан Ц.Баярсайхан, Зээрэнцэг шидэлтийн спортын мастер, Боловсролын доктор, дэд профессор Ш.Долгор, Уртын харайлтын Спортын мастер, Боловсролын доктор, дэд профессор Д.Баярлах, Монгол улсын 100, 200м-ийн рекордч буюу Монголын хамгийн хурдан гүйгч Я.Отгончимэг, Спортын мастер Ц.Батхүү, А.Ганбаатар, Дунд, Холын зайн гүйлтийн Спортын мастер Г.Эрдэнэбаатар, Кураш бөхийн ОУХМ Н.Мурат, Өндрийн харайлтын Спортын мастер Ч.Барсболд, Чөлөөт бөхийн ОУХМ Сэлэнгийн Ганзориг, Хөнгөн атлетикийн спортын мастер Р.Нацагням нар Хөнгөн атлетикийн олон төрөлтийн рекордч Д.Дамдинсүрэн багшийн удирдлаган дор төгссөн түүхтэй. Ангийн багш Д.Дамдинсүрэн нь Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонт, МҮОХ-ны “Алтан-Очир” одонт, багшийн алдар гавьяаны “Алтан-Өлзий” одонт, Ардын боловсролын болон биеийн тамирын тэргүүний ажилтан, Монгол Улсын хөнгөн атлетикийн арван төрөлтийн рекордыг 1971 оноос хойш эзэмшигч, хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер, ахмад багш юм. Эл анги нь өдгөө гурван гавьяаттай.
“1989 онд тэр үеийн УБИС-ийн анхны дасгалжуулагч бэлтгэсний анхны төгсөлт нь манай анги байлаа. Улаанбаатараас гэхэд л 200 хүүхэд энэ ангид орох гэж Сагсанбөмбөг, волейбол, хөнгөн атлетик, гимнастик зэрэг 4-5 спортын төрөлд 16 үзүүлэлтээр шалгалт өгч байлаа. Маш их өрсөлдөөн дунд хамгийн хүнд элементүүд гүйцэтгэж байсан. Одоо бодоход хамгийн өндөр шалгуураар биднийг шалгаж байж дээ гэж боддог юм. Тал талаас л бид цугларч байлаа шүү дээ. Манай анги дотроо дасгалжуулагч, чөлөөт бөх гэж хуваагддаг байсан юм. Анх бид энэ ангидаа элсэн орж байхад дийлэнх маань олон улсын мастерууд байсан. Анхнаасаа л ур чадвар сайтай учраас тэмцээн уралдаанд ч их оролцдог байлаа. Мөн биднийг 14 хоног Цанын бааз дээр гаргана. Хүн болгоныг нормоо биелүүлтэл буулгадаггүй байсан. Тэр их хичээл зүтгэл, бидэнд хатуужил суулгасан. Тамирчин хүний зорилго гэдэг хамгаас чухал. Бид хичээл ном, бэлтгэл сургуулилтаа ягштал хийнэ. Хичээл гээд бэлтгэлээ цалгардуулахгүй, бэлтгэл гээд хичээлээ орхигдуулдаггүй байсан. Багшаас даалгавар авна. Цаг тухайд нь хийхгүй бол шууд муу дүн авна. Бид зорилгынхоо төлөө тууштай зүтгэсэн. Гадаад, дотоодод зохиогдож байгаа бүхий л тэмцээнд идэвхийлэн оролцохын тулд бэлтгэл сургуулилтдаа их анхаарна. Бид степенттэй оюутнууд байлаа. Бид 180 төгрөгний степент авдаг байлаа. Тэгээд онц сурвал бүр 220 төгрөг авна шүү дээ. Оюутан болоод гурван жилийн хугацаанд цаанаасаа бэлтгэлийн хувцас өгдөг байлаа. Манай сургууль л дан ганц биеийн тамирын багш, дасгалжуулагч бэлдэж байлаа шүү дээ” хэмээн тэд хуучилсан юм.
МУБИС-ийн биеийн тамирын сургуулийн өргөтгөл баригдаж эхлэхэд энэ ангийнхан идэвхтэй оролцож байсан гэнэ. Сар гаруй хугацаанд барилгын ажилд туслалцаж байж. Тэд байн байн л багшаа дурсах юм. Ангийн багш болоод тухайн үеийн хамгийн алдартай багш нар манай ангид хичээл орж байсан. Н.Цогт багшийг харахад л сүрдмээр сайхан хүн байлаа. Сайн багш нарын ачаар бид бүгдээрээ энэ сайхан мэргэжлээрээ ажиллаж байна. Бид аяллын хичээлээрээ “Асралт хайрхан”-ыг зорьж 14 хоногийн явган аялал хийдэг байлаа. Тэр жил Ц.Хосбаяр маань том тэмцээнд явах гэж байсан юм. Өнөөх маань хийморио сэргээнэ гээд л хамгийн түрүүнд орой дээр нь гарч байсан. Бид чинь аливаа тэмцээнд орохдоо бие, сэтгэл бүхий л зүйлээ бэлдэнэ шүү дээ хэмээн ангийн анд Д.Баярлах ярьж байлаа.
Энэ анги дөрвөн эмэгтэйтэй гэнэ. Ш.Долгор нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын спортын сэтгэл судлалын төлөвлөлт, сургалт, судалгаа хариуцсан мэргэжилтнээр ажилладаг бол Я.Отгончимэг нь Хоёрдугаар дунд сургуульд багш, Р.Нацагням нь Багануур дүүргийн ЕБС-ийн багш, Д.Баярлах нь МУБИС-ийн БТС-ийн багшаар ажиллаж байгаа юм байна. Харин Ч.Барсболд нь бизнес эрхэлж байгаа гэнэ. Тэрбээр спортын аливаа тэмцээнийг ивээн тэтгэж ажилладаг гэдгийг тэд тодотгож байлаа. н.Цэрэнсамбуу, Ц.Батхүү нар нь ЕБС-ийн багшаар ажиллаж байгаа аж. Харин Д.Даваадорж нь Хөвсгөл аймагт Жүдогийн дасгалжуулагч хийж байгаа гэнэ. Маш олон өсвөрийн жүдочид бэлдэж байна даа хэмээн ангийнхан хэлж байв. Ангийн хөвгүүн Ц.Хосбаярыг Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхоны багш гэдгээр хүмүүс андахгүй.
Энэ ангийнхан багш, дасгалжуулагч гэсэн дип-ломтой гэнэ. Тиймээс зарим нь багшилж, зарим нь дасгалжуулагчаараа ажиллаж байгаа аж.
Ангийнхны хамгийн тод томруун ярианы сэдэв бол Асралт хайрханыг зорьсон явган аяллын хичээлийн талаар байлаа. Бүх оюутнууд 14 хоногийн хугацаанд идэж уух зүйлээ үүрээд л багш нарынхаа удирдлага дор явдаг байж. Яг тэр жил явган аялалд гарахад зах зээл рүү шилжсэн үе таарч картын бараанд оочерлодог байлаа. Аялалд явж байхад дотроо хоёр гал болж хуваагддаг. 4-5 хүн нэг гал болоод майхан, тогоо шанагаа бариад л явна. Дэлгүүр картын бараагаар юм худалдаалахаас гадна бүх хүмүүст нормоор тараадаг байсан болохоор гэрийнхээ хоол унднаас илүүчлээд авч явна. Нэг өдөр хүнс нь барагдаад Ц.Хосбаярын цүнхийг уудаллаа. Тэгтэл цав цагаан оймс, подволк, шорт байв. Хоол хаана байгаа юм бэ хэмээн асуухад өнөөх чинь ээж л цүнхэнд хийсэн байх ёстой гэдэг юм. Нэг ширхэг ч хүнсний зүйл байхгүй. Сүүлийн гурван хоног хүнс дуусч нөгөө залуучуудын бригад манай галын хоолыг дааж байлаа. Ц.Батхүү Ганбаатар Я.Отгончимэг, Р.Нацагням нар маань орон нутгаас ирсэн болохоор тэр үү боорцог, борц ихтэй байсан даа хэмээн тэд инээлдэв.
Нэг удаа майхан дотроо дээшээ хараад хэвтэж байтал тэр үеийн 11.20-ийн “Нислэг” гээд чихрийг идэж байна гэж төсөөлөөд хоорондоо ярьж байж. Тэгтэл Хосоо нь за хүн бүрт нэг чихэр гэж байснаа өөртөө хоёр чихэр гээд хэлтэл нөгөө хэд нь чи яагаад хоёр чихэр иддэг юм гээд л нөгөө төсөөлж байгаагаа мартаад бөөн инээдэм болж байлаа хэмээн хөхрөлдөв.
Монгол бөхийн тухай өгүүлдэг хэд хэдэн кино байдгийн нэг нь “Хэлтгий заяа” кино гэдгийг хүмүүс андахгүй. Аавынхаа зодог шуудгийг өмсөж, наадамд барилдаад “Шувуун толгойт”-ыг давдаг энэ дүрийг өдгөө энэ ангийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын спортын сэтгэл судлалын төлөвлөлт, сургалт, судалгаа хариуцсан мэргэжилтэн, доктор, дэд профессор Ш.Долгор бүтээсэн аж. Энэхүү киноны зохиолыг Улсын арслан М.Мөнгөн бичиж, Соёлын Гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг найруулан тавьж байсан. Киноны гол дүрд М.Мөнгөн арслан өөрөө тоглосон байдаг. Тухайн үед Ш.Долгор нь АНУ-д тэмцээнд явахаа больж, энэ кинонд тоглосон аж. Тэрбээр 21 настай УБИС-ийн Биеийн тамирын сургуулийг төгсдөг жил буюу 1993 онд киноны зураг авалтад оролцож байжээ. Зураг авалтын дундуур Намжилдорж улсын наадамд ирж зодоглоод чимэгтэй улсын начин болж байж. Тэгээд Мөнгөн арслан тухайн үед “Эмэгтэй хүнтэй барилдлаа гээд эр хүн мууддаггүй л юм байна гэдгийг энэ кино харууллаа” гэж хэлж байсан. “Хэлтгий заяа” кино зураг авалтын үеэр буюу өдгөө 26 жилийн өмнө Монгол Улсын арслан М.Мөнгөн буюу Далантай арслан аав минь гол дүрийн жүжигчин охин Борхүүдээ бичиж байсан тэмдэглэл надад байдаг. Би тухайн үед тэр киноны жүжигчдээс сэтгэгдэл бичүүлж авч байсан юм л даа. Тэр олон сайхан хүний надад захиж, хэлж өгсөн захиасыг би үргэлж бодож явдаг. Урлаг, спортын Арслангуудтай хамт байсан тэр жилийн зуны гурван сард адал явдал их байсан даа хэмээн Ш.Долгор хуучилж байлаа. Ангийнхан ч энэ талаар бахархан хөөрөлдөж байв.
Ер нь аяллаар явж байхдаа бид бие биенээ илүү таньж мэдсэн. Бид жаргал, зовлон, өлсөх, цангах, ядрах бүх л зүйлд хамт байдаг болохоор хоорондоо маш хурдан дотноссон. Бие биедээ тусална. Бидний хувьд хүнсийг хөнгөнөөр авч явах нь биед амар байдаг. Сүүлдээ нөгөө ядарсан хүүхдүүд чинь хүнд зүйл үүрхээсээ цааргалж зарим нэг юмаа хаяхдаа энийг хэн нэгэн нь авах уу гээд л зарлана. Тэгтэл нэг маань гурилаа хаях гэж байдаг байгаа. Нөгөөхийг нь нэг маань аваад л нээх олон гамбир хийж байлаа. Улиастайгаас нааш Шар хадны эцсийн зогсоолд ороод ирэнгүүт л бүх хүн дэлгүүр дотор гүйж орж ирээд зогсчихсон байж билээ. Тэглээ гээд одоогийнх шиг шууд худалдаад авах боломж байсангүй шүү дээ. Тэр 14 хоногийн явган аяллыг бид бие бялдар, сэтгэлийн бэлтгэлээр давж байсан. Багш нар маань ямар мундаг гэж санана. Тэд биднийг аливаа зүйлд хатуу чанд сургасан нь өдгөө биднийг амьдралд хөл алдуулахгүй явахад дэм болсон доо хэмээн ярьцгаав.
Эл ангийнхан өдөр бүр холбоотой байдаг гэнэ. Уулзах бүртээ спортоо ярьдаг хэмээн тэд инээлдэж байлаа. Өдгөө бид өөрсдөө ч олон шавьтай болж. Биднийг сургасан багш болоод шавь нараараа үргэлж бахархаж явдаг хэмээн тэд дурсацгаалаа. Спортын томоохон төлөөллүүдийн нэгээхэн хэсэг болсон эл ангийнхан 2023 онд төгсөлтийнхөө 30 жилийн ойгоор уулзацгаах гэнэ.