Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Амармөрөн: Цагдаа, иргэн хоёрыг ялгаж хандах асуудал байхгүй

Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Амармөрөнгөөс тодрууллаа.


-Халаасны хулгайн гэмт хэргийг бууруулахын тулд автобусанд байрлуулсан камерын ашиглалтыг сайжруулж байгаа гэв үү?

-Нийслэлд нийтийн тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй автобус компаниуд 2014 оноос эхэлж, хяналтын камер суурилуулсан. Хяналтын камерыг “Улаанбаатар смарт карт” компани гүйцэтгэсэн байдаг. Жил ирэх тусам автобусанд үйлдэгдэж буй халаасны хулгайн гэмт хэрэг өсч байна. Өнгөрсөн онд Нийслэлийн цагдаагийн газраас бүх автобус компаниудад нэгдсэн шалгалт хийсэн. Ингэхэд автобусны камеруудын ашиглалтын 80 орчим хувь нь хангалтгүй байсан. Өөрөөр хэлбэл, камер ажилладаггүй, зарим жолооч камераа унтраадаг, гацсан, эвдрэл ихтэй болчихсон байсан зэрэг зөрчил илэрсэн юм. Эвдрэл гэмтэлтэй камер их бий. Тиймээс асуудлыг хамтран шийдвэрлэхийг зорьж байна.

-Автобусанд ямар төрлийн хулгайн гэмт хэрэг зонхилж гардаг вэ?

-Нийслэлд нийтийн тээврээр үйлчлүүлж буй хэдэн мянган иргэд бий. Тэдгээр иргэдийн зарим нь автобусанд суух гэж байгаад “Халааснаасаа эд зүйлээ алдчихлаа, түрүүвчээ алдлаа, цүнхээ зүсүүллээ” гэх зэргээр гомдол гаргадаг. Үүнээс гадна хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг гарах тохиолдол ч байдаг. Автобусанд хүмүүс хоорондоо маргалдаж, зодолдох тохиолдол байна. Эдгээр асуудлыг камерын тусламжтай шийдэж, хариуцлага оногдуулдаг юм. Камер байнгын ажиллагаатай байх нь үр дүнтэй, өгөөжтэй юм шүү дээ.

-Халаасны хулгайн гэмт хэрэг өссөөр байгаа гэлээ. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ямар шийтгэл оногдуулж байна?

-Улаанбаатарт 600 гаруй халаасны хулгайч нар бий. Тэдгээрийг цагдаагийн байгууллага байнга хяналтад авч, судалгаа явуулж, тогтмол шалгадаг. Өмнөх Захиргааны хариуцлагын тухай хуулиар хулгайчдыг 20 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрдөг байсан. Харин Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлд 30 хоног баривчлахаар зааж өгсөн байгаа. Өнгөрсөн онд 160 гаруй иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлд зааснаар баривчилж, шийтгэсэн. Хулгайн гэмт хэргийг хоёр удаа давтан үйлдвэл эрүүгийн хэрэг үүсгэнэ. Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлд “Удаа дараа гэмт хэрэг үйлдэж, хулгайн замаар олсон зүйлийг амьжиргааны эх үүсвэрээ болгосон бол зургаан сараас таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж заасан байгаа. Мөн удаа дараа, байнгын, бүлэглэж гэмт хэрэг үйлдэж, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн бол таваас 12 жилийн хорих ялтай.

-Хулгайн эд зүйлийг барьцаалж, борлуулсан бол мөнгө угаах гэмт хэрэг гэж үзэж байгаа юу?

-Ломбардууд 5472 гэх стандартыг мөрдөнө. Ломбард ажиллуулж буй хүн иргэдийг эд зүйлээ хулгайн замаар олсон уу, гэрээсээ авчирч барьцаалж байна уу гэдгийг мэдэхгүй. Тиймээс ломбарданд ирсэн эд зүйлийг бүгдийг нь сан дээр бүртгэх ёстой.

Ингэхээр хулгайд алдагдсан эд зүйл тодорхой болох боломжтой. Ломбардаас олдож буй хулгайн гар утас, эд зүйлүүд илэрч буй тохиолдол бий. Ломбард ажиллуулж буй хүмүүс стандартын шаардлага хангаагүй, цагдаагийн болон төрийн байгууллагаас урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж бичиг хүргүүлснийг биелүүлэхгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авч байгаа.

-Цагдаа нар өөрсдөө эд зүйлээ алдахад их хурдан олдог. Харин иргэдэд үйлчлэхдээ удаашралтай, тэр бүр хурдан эд зүйлийг нь олж өгдөггүй гэдэг юм билээ?

-Цагдаа, иргэн хоёрыг ялгаж хандах асуудал байхгүй. Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Мэдээж тухайн хэрэг үйлдэгдэхэд үзлэгээр камерын хяналт байсан уу, ямар гэрчүүд байсан гэх зэргээс хамаарна. Хэрэг ямар хугацаанд илрэх боломжтой вэ, тодорхой ажиллагаа шаардах уу, хоёр, гурван хоногийн хугацаа хэрэгтэй ч юм уу гэх зэрэг байдал нөлөөлнө. Цагдаагийн алба хаагчдын хэрэг материал шалгах ажлын ачаалал их байдаг.

Нэг мөрдөгч дээр хэдэн хэрэг шалгагдаж байна вэ гэх зэргээс шалтгаалдаг. Энэ болгонд Нийслэлийн цагдаагийн газрын удирдлагаас мөрдөгч, байцаагч нарт бүрэлдэхүүн очиж, дэмжлэг үзүүлдэг. Ингэж байж, ажлын ард гардаг.

-Хулгайн гэмт хэргийг бууруулахын тулд хэрхэн ажиллаж байгаа юм бэ?

-Цагдаагийн байгууллага хулгайн гэмт хэргийг бууруулах чиглэлээр өнгөрсөн нэгдүгээр сард “Та сэргийлж чадна” хэмээх арга хэмжээ зохион байгуулсан. Та хулгайгаас сэргийлж чадна гэсэн үг. Он гараад Цагаан сар болохын өмнө иргэдийн бууз, банш болон бусад эд зүйл хулгайд алдагдаж, хотын худалдаа үйлчилгээний төвүүдийн ачаалал эрс нэмэгдсэн. Үүнийг дагаж, хулгайн гэмт хэрэг өсдөг тал бий. Иймээс арга хэмжээ зохион байгуулсны үр дүнд хулгайн гэмт хэрэг 31 хувиар буурсан. Зөвхөн цагдаагийн байгууллага арга хэмжээ зохион байгуулаад гэмт хэрэг буурахгүй. Иргэд, олон нийтийн байгууллага тус арга хэмжээнд идэвхтэй оролцсон.

Иргэдийн хууль эрх зүйн мэдлэг сайжирсан. Хэрхэн эд зүйлээ алдахгүй байх вэ гэдэгт сэрэмжтэй болсон байна лээ. Тогтмол сэрэмжлүүлэг хүргэж байгаа. Иргэд өөрсдөө ухамсартай байж, анхаарал сэрэмжтэй, ухаалаг байх хэрэгтэй. 2019 оныг хариуцлагын тогтолцоог сайжруулах жил болгосон. Төлөвлөсөн ажлууд их бий.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *