БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл 2014 оноос хэрэгжиж эхэлсэн. Төслийн хүрээнд ШУТИС-тай хамтран Коосэн, Бакалаврын хамтарсан хөтөлбөр, хамтарсан судалгаа, зэргийн болон зэргийн бус гэсэн хөтөлбөрүүдээр сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Энэ сард эдгээр хөтөлбөрт хамрагдсан эхний ээлжийн 22 оюутан амжилттай төгсөж ирэх юм байна. Харин өнөө жил Япон улс руу инженерийн чиглэлээр бакалавр, магистр, докторын хөтөлбөрт 90 гаруй оюутан суралцахаар явах ажээ. Тэдэнд зориулсан зөвлөмж лекц ШУТИС-ийн урлагийн танхимд өчигдөр боллоо. Энэ үеэр Мобиком корпорацийн захирал Хамада Тацүяа, Шинэ Монгол технологийн дээд сургуулийн захирал Ч.Ганзориг, JCI байгууллагын гишүүн “Positive Mind” төслийн сургагч багш Г.Хонгорзул зэрэг илтгэгчид сонирхолтой илтгэл тавьсан юм. Мобиком корпорацийн захирал Хамада Тацүяа “Гэрэлт ирээдүйн төлөө” сэдвээр япон хэл дээр илтгэл тавьж хэрхэн мөрөөдлөө төлөвлөгөө болгон амжилтад хүрэх талаар зөвлөгөө өгч, оюутнуудын сонирхсон асуултад хариулсан юм. Мөн Шинэ Монгол технологийн дээд сургуулийн захирал Ч.Ганзориг их сургуулийн хөгжлийн хандлага, эрэлттэй мэргэжлүүд болон шинэ оюутнууд юун дээр алдах хандлагатай байдаг, юу анхаарах талаар зөвлөлөө. Түүнчлэн JCI байгууллагын гишүүн “Positive Mind” төслийн сургагч багш Г.Хонгорзул эерэг зөв хандлагын талаар илтгэл тавьж урам зориг өгсөн юм.
Мобиком корпорацийн захирал Хамада Тацуяа илтгэлдээ “Монголоос Японд олон оюутан суралцах гэж байгаад баяртай байна. Япон хэлийг сурахдаа гол нь биш, Япон амьдрал, зан заншил, соёлыг нэн тэргүүнд мэдэх хэрэгтэй. Хотын төвд хүмүүс хэрхэн амьдарч байна, хөдөө яаж амьдарч байна гэх мэтчилэн мэдэх зүйл их. Юмыг яаж, хэрхэн хийж байгааг сурах хэрэгтэй. Япончууд их соёлтой хүмүүс. Бусдад тун хүндэтгэлтэй ханддаг. Харин монголчууд тэр тал дээр их алддаг л даа. Япон хүмүүс нөгөө хүн яавал илүү баярлах бол гэж боддог. Хүлээлтээс нь аливаа зүйлийг давуулж хийхийг эрмэлздэг. Хамгийн түрүүнд өөрийнхөө зүгээс хүмүүстэй аль болох ярилцах хэрэгтэй. Энэ нь япон хэл сайжрахаас гадна хүмүүстэй илүү ойртох боломж бүрдүүлдэг. Хүн болгон өөрийн хүсэл эрмэлзэлтэй байдаг. Монголчууд төлөвлөгөө гаргахдаа муу санагддаг. Аливаа ажил, мөрөөдлөө төлөвлөх хэрэгтэй. Ингэснээр илүү амжилтанд хүрнэ” гэв. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш таван жилийн хугацаанд нийт 423 оюутан, багш, судлаачид Японд мэргэжил олгох, дээшлүүлэх сургалт, судалгааны ажлуудад хамрагдсан байна. Үүнээс Коосэн сургалтын хөтөлбөрөөр 85, бакалаврын түвшинд 55, магистр, докторын зэрэгт 74, зэргийн бус сургалтад 209 хүн Япон орныг зорьжээ.
Энэ үеэр япон хэлний багш Ямамото Канакотой ярилцлаа.
-Монгол оюутнууд Японд очоод нэн тэргүүнд юуг анхаарах ёстой вэ?
-Монгол хүмүүс огт танихгүй хүмүүстэйгээ таньдаг юм шиг харьцдаг л даа. Магадгүй энэ тал дээр илүү анхаарах хэрэгтэй байх. Япон хүмүүс таньдаггүй хүнтэйгээ шууд илэн далангүй харьцдаггүй. Монгол оюутнууд маань багшийн хэлж байгаа зүйлд эргэлздэггүй. Асуулт байсан ч асуудаггүй оюутнууд их байдаг. Японд очсон хойноо аливаа зүйлийг нэмж мэдэх зүйлээ асууж байх хэрэгтэй. Мэдэхгүй зүйлээ оюутнууд асууж байх нь чухал байдаг.
-Монгол оюутнуудын давуу тал болоод сул тал нь юу байдаг вэ. монголчууд япон хүмүүсийн ямар занг мэдэж байх ёстой вэ?
-Монгол оюутнуудын сайн тал нь гэвэл багшийн хэлсэн зүйлийг хүлээж аваад тэр дагуу мэрийдэг л дээ. Гэхдээ өөрөө сэтгэж, аливаа зүйлийг санаачилж хийдэггүй. Хамгийн түрүүнд монгол оюутнууд Японд очоод олон нийтийн газар биеэ хэрхэн авч явах ёстой вэ гэдэг соёлд суралцах хэрэгтэй. Өөрт нь эргэлзэж байгаа зүйл байвал багшаас асууж байх нь зүйтэй л дээ. Япончуудын өдөр тутмын соёлд суралцаасай гэж хүсч байна. Монголоос очиж байгаа оюутнууд их сайн оюутнууд гэж ярьдаг. Тэр оюутнуудын хувьд ч үнэлгээ сайтай байдаг. Монголчуудыг маш их эелдэг ард түмэн гэж үздэг. Тиймээс ч найз нөхөд болохдоо хурдан. Хичээмтгий хүмүүс гэж үнэлдэг.
-Багш хүн ямар байх ёстой вэ?
-Хэлний багш, мэргэжлийн багш хоёрын хооронд өөр зүйл их байх л даа. Хэлний багшийн талаас ярихад өдөр болгон сур гэж нүдэх биш, сурах эрмэлзлийг төрүүлэх нь маш чухал санагддаг. Үүн дээр манай хөтөлбөрийн багш нар ч хичээх ёстой. Анх уулзаж байгаа хүмүүст япон ч бай монгол ч бай ялгаа байхгүй гэж бодож байна. Ялгарах онцдог зүйл байхгүй. Манай оюутнууд бүгд техникийн салбарын оюутнууд л даа. Японы багш нар өөртэй нь тулж ажилладаг оюутнуудтай харилцах дуртай байдаг. Өөрөө мэдээлэл авахыг эрмэлзэж, хичээж, мэрийдэг оюутнуудад илүү сайн байдаг гэх үү дээ.
-Япон, монголын боловсрол ямар хэмжээнд байна вэ?
-Ерөнхий боловсролын сургуулийн тоог нэмэх, ямар нэгэн хичээлд ноогдож байгаа цагийг нэмэгдүүлсэн нь дээр болов уу гэж боддог. Үндсэн суурь боловсрол нь хангалтгүй хүүхдүүд байдаг. Зарим хүүхдүүд Японы ахлах сургуулийн хүүхдүүдийн мэддэг зүйлийг мэддэггүй. Ерөнхий боловсролын сургуульд хангалттай зааж чадахгүй байна. Сүүлийн үед японы боловсролын тогтолцоо өөрчлөгдсөн. Хүүхдийн тоо цөөхөн болж байгаа учраас ахлах сургууль төгсөж байгаа ихэнх хүүхдүүд их, дээд сургуульд элсдэг болсон юм. Энэ нь нэг талаараа сул тал болж байгаа юм. Бакалавраа төгсөөд магистрт сурч байгаа хүүхдүүдэд өндөр мэдлэг олгох эрмэлзэлтэй байдаг. тэдгээр хүүхдүүд дараагийн түвшинд суралцах чадварыг эзэмшихэд маш их анхаардаг.
-Япон багш нар голчлон юун дээр анхаардаг вэ?
-Нэн тэргүүнд хүүхдэд мэдлэг олгохоос илүү хүүхдийг мэдэж, сургахад их анхаардаг. Зарим сургуулиуд мэдлэг олгоход анхаарч байхад, зарим нь мэдлэг дээр тулгуурлан чадвар олгох зорилготой байдаг юм.