Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Венесуэль тамыг Уго Чавес, Мадуро нар биш, Венесуэлийн ард түмэн бүтээсэн

Өмнөд Америкийн Венесуэльд ямархан үйл явдал өрнөж, юу болж байгааг дэлхий нийтээрээ харж байна. Цагтаа энэ улс газрын тосны олборлолтоороо дэлхийд тав дугаарт бичигдэн, АНУ, Европт нэрэх үйлдвэр байгуулснаар Өмнөд Америкийн хамгийн хүчирхэг эдийн засагтай оронд тооцогдож байлаа. Байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд есдүгээрт, Өмнөд Америкт нэгдүгээрт эрэмбэлэгддэг. Мөн төмрийн хүдэр, нүүрс, хөнгөн цагаан, алт, никель, алмааз эрдэнийн асар их нөөцтэй. 1950-иад онд нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн Баруун Германы хэмжээнд хүрч байв. Гуч гаруй сая хүн амтай, тэнгис далайгаар хүрээлэгдсэн, байгаль цаг уурын маш таатай уур амьсгалтай улс. Энэ бүхнээс харахад дэлхийд хөгжил дэвшлээрээ түрүүлдэггүй юм гэхэд ингэж там болтлоо дордохоогүй улс. 1990-ээд оны эхээр Венесуэлийн олон ангит “Халтар царайт” кино манайд гарч, хэн хүнгүй л хөгжилтэй сайхан орон юм гэж гайхдаг байсан сан. Ядуусын хороололд амьдардаг Халтар царайт л гэхэд тухайн үед бидэнтэй харьцуулашгүй догь амьдарч байдаггүй юу. Ямартаа ч тэр үед эдийн засаг нь өсөлттэй, хөгжиж буй орны тоонд орж байж. Өнөөдөртэй харьцуулахад тэр үед Венесуэль диваажин байжээ.

Одоогийн Венесуэлийг хар даа. Нэгэн цагт хөгжин цэцэглэж байсан энэ орон одоо амьдын там болон хувирсан байна. Тог цахилгаан тасраад хэзээ ирэх нь мэдэгдэхгүй болтлоо хяналтгүй болсон. Эмнэлэгт нялхас хэдэн зуугаараа эндэж байна. Хоол, ундны ус, эм тарианы хомсдолд орсноос өлсгөлөн гуйланчлал дээд цэгтээ хүрч, нийгмийн эмх замбараагүй байдал нүүрлэсэн. Хүнс хүрэлцээгүйгээс жилд венесуэльчүүд 11 кг турсан гэсэн тоо гаргасан байна. Бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсанаас инфляци 2,7 сая хувьд хүрсэн гээд бодчих. Тэнд мөнгө зүгээр л хог болсон гэсэн үг. Шуудай шуудай мөнгөтэй байгаад ч юм авч хүрдэггүй. Хүний наад захын хэрэглээ болсон ариун цэврийн цаас хүртэл олдохоо больжээ. Өдгөө 30 сая хүний гурван сая нь өлсөж үхэхээсээ өмнө эх орноосоо дүрвэж гарчээ. Байдал ийм хэвээрээ байвал оны эцэс гэхэд дүрвэгсдийн тоо таван саяд хүрнэ гэж ажиглагчид үзэж байна. Гэтэл Олон улсын Валютын сангаас 2019 оны эцсээр Венесуэлийн инфляци 10 сая хувьд хүрч магадгүй гэж мэдээлжээ.

Муу, муухай дээрээ улцан гэгчээр төрийн эргэлтээр хоёр удирдагчтай болчихсон, хоорондоо талцан тэмцэж, ядарсан улсаа сүйрүүлж байна, тэд. Одоо тэнд байгаагаас хийрхсэн хэдэн поп улстөрчид, Уго Чавесын үргэлжлэл автобусны жолооч Мадуро нар л социализм байгуулах мөрөөдөлдөө итгэсэн хэвээр явна. Гэтэл венесуэльчүүд төдийгүй дэлхий нийтээрээ “Тийм сайхан байсан улсыг ийм муухай болгочихлоо” гэж Уго Чавес, Мадуро хоёрыг зүхэцгээж байна. Яг үнэндээ Венесуэль тамыг Уго Чавес, Мадуро нар бүтээгээгүй юм. Энэ тамыг Венесуэлийн ард түмэн өөрсдөө бий болгосон. Поп улстөрчид гарч ирээд баячуудын хөрөнгийг хураагаад “Энэ баялаг та нарынх. Ард түмэндээ хувааж өгнө” гэхэд тэд алга ташин дэмжээд л сууж байв. Ард түмэн зүгээр сууж байгаад бэлэн мөнгө авч жаргахын тулд мэдлэг, чадвар, боловсрол үл харгалзан автобусны жолоочийг сонгосоор байгаад өнөөдрийнхөө тамд өөрсдөө унацгаасан юм.

Үүн шиг үйл явдал манайд ч өрнөж байна. Бид хүний толгой дээрх өвсийг харж шаагилдаж байхын оронд өөрсдийнхөө толгой дээрх зэрлэг ургамлыг тасдаж хаях хэрэгтэй болж.

Гадаадын хөрөнгө оруулалттай уурхайг хаахаар Засгийн газрын хэрэг эрхлэхийн дарга нь цагдаа, тагнуулаа босгон зэр зэвсэг агсан очиход Фэйсбүүкийн оркууд дур тавин муурцгаасан. 30 гэр бүлийн хөрөнгийг хурааж, 400 уурхайн лицензийг төрд авч, өмч хувьчлалыг буцааж, баячуудын хөрөнгийг ард түмэнд хувьцаа болгон өгнө. Ард түмэн та нар минь ангайж идэцгээж, тонгойж чацга алдах л үлдлээ гэж хэлэхэд бүгд итгээд дэмжин орилолдож байна. Одоо тэднийг сонгох нь дамжиггүй.

Хөдөлмөрлөхгүйгээр хүнээр тэжээлгэхийн тулд хэнийг ч хамаагүй сонгож хэнээр ч хамаагүй төрөө тоглуулсаар байгаад Венесуэлийн ард түмэн өнөөдрийнх шиг байдалд хүрсэн нь үнэн. Энэ бүхэн ард түмний буруу юм. Ажил хийхгүй ангайж сууж байгаад баяжина гэдэг үлгэрт итгэгсэд байсан цагт, нэг хэсэг хүний хөрөнгийг хурааж нийтээрээ жаргана гэж попрогсод сонгогдсоор байвал улс орны хөгжил Венесуэлийнх шиг болох нь ойлгомжтой. Ийм болохгүйн тулд ард түмэн ухаалаг, хэрсүү байх хэрэгтэй. Ухаантнуудынхаа үгийг сонсож, ухаж ойлгож сурах ёстой. Хүн төрөлхтний түүхэнд хүний хөрөнгийг хураагаад нийтээрээ баян амьдарч байсан түүх байхгүй. Бид ч гэсэн хэдхээн жилийн өмнө бүх хөрөнгөө нийгэмчлээд ганц ч баян хүнгүй улсаараа жигд ядуу амьдрах нийгэм байгуулаад давхиж явлаа. Үр дүнд нь хуйгаараа хувхай хоосон болж, арай гэж тэрнээсээ салсан нь саяхан. Үүнийгээ монголчууд маань арай мартах болоогүй баймаар юм.

Гэвч сүүлийн үеийн нийгмийн байдал, үзэл суртал яг Венесуэль там бүтээх гэж байгаа мэт хардлага төрүүлэхээр байгаа нь Монголын сэхээтнүүдэд түгшүүрийн дохио болох ёстой. Барууны дэвшилтэт либерал үзэлтэй монголчууд нэгдэх хэрэгтэй. Попуудыг дагаж хошуурсан ард түмэн үеийн үед амаараа шороо үмхдэг гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна. Эцсийн эцэст ард түмэн тамд зовох, диваажинд жаргах сонголтоо өөрсдөө хийдэг. Буруу сонголт хийвэл яадгийг өнөөгийн Венесуэлиэс харж болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *