Categories
мэдээ улс-төр

Налайх, Дархан чиглэлийн автозамын барилгын ажлыг ирэх сараас эхлүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны гуравдугаар сарын 21-ний өдөр боллоо.

“Эрдэнэт үйлдвэр” компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгов

”Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь баталлаа. Үйлдвэрийн газар нь өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллана. Мөн “Монголросцветмет” компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь батлав.

Дархан чиглэлийн замын ажил ирэх сараас эхэлнэ

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх барилгын ажил болон техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг цаг алдалгүй шийдвэрлэхийг сайд Ч.Хүрэлбаатарт даалгав.

Энэ хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлээс хөрөнгө гаргах тухай эцсийн шийдвэр гарах хүртэл эхний ээлжинд Хөгжлийн банк санхүүжилт хийх юм.

Замын барилгын ажлыг богино хугацаанд хийх зорилгоор тоо хэмжээ, цар хүрээгээр нь багц болгон хувааж, гүйцэтгэгч, зөвлөхийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллахыгсайд Б.Энх-Амгаланд даалгав.

Түгээмэл тархацтай ашигт малтал хайх, ашиглах зөвшөөрлийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх, замын зурваст орсон шугам сүлжээ, кабель зэргийг шилжүүлэх, хамгаалах, иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшил, өмч хөрөнгийг шилжүүлж газар чөлөөлөх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зэргийг холбогдох сайд, агентлаг, аймгуудын Засаг дарга нарт даалгалаа.

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд ирэх сараас дөрвөн эгнээ болгон өргөтгөж эхлэхээр төлөвлөөд байна.

Налайхын замын ажил дөрөвдүгээр сараас эхэлнэ

“Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төсөл”-ийн хэрэгжилтийн талаар сайд Б.Энх-Амгалан танилцуулав.

Үүнтэй холбогдуулан замын зурваст орсон цахилгааны шугам, холбооны кабель, цэвэр, бохир усны шугам сүлжээг шилжүүлэх, хүчитгэх, хамгаалах, замын инженерийн нарийвчилсан зураг төсөлд оруулах, түр замын ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн богино хугацаанд гүйцэтгэхийг холбогдох сайд, агентлаг, нийслэлийн удирдлагад үүрэг болгов. Мөн Төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулан ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Дээрх чиглэлийн замыг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг батлав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь Хөгжлийн бодлого, Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан хоёр орлогчтой байна. Мөн Хот байгуулалт, Инноваци, технологи, Агаар, орчны бохирдол, Зам, тээвэр хариуцсан төсөл, хөтөлбөрийн удирдагчдыг Засаг даргын орлогчтой дүйцэх түвшинд ажиллуулах юм. Харьяа 33 агентлагийн хоёрыг нэгтгэн, хоёрыг нэмж 34 агентлагтай байхаар тогтлоо.

Хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар болон Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрыг шинээр байгуулна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орон тоог 129 хүртэл, Захирагчийн ажлын албыг 55 хүртэл, БЗД, СХД тус бүрт 68 хүртэл, БГД, СБД, ХУД, Чингэлтэй дүүрэгт тус бүр 59 хүртэл, Багануур, Налайх дүүрэгт тус бүр 39 хүртэл /Захирагчийн ажлын албатай/, Багахангай дүүрэгт 25 /нормативаар ажиллах орон тоо орохгүй/ хүртэл байхаар тогтоов.

Кино урлагийг хөгжүүлэх тухай хуулийн төслийг дэмжив

Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Төсөлд төрөөс кино урлагийг хөгжүүлэх бодлогын чиглэл, зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагийн эрх, үүрэг, кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх зэргийг тусгажээ.

Кино урлагаар дамжуулан үндэсний соёл, онцлог, өв уламжлалыг харуулсан, монгол агуулгатай киног дэмжин улсаа сурталчлах нь зүйтэй гэж үзэж байна.

Засгийн газар жил бүр үндэсний бахархал, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн түүхэн сэдэвт кино, тайз дэлгэц, утга зохиолын томоохон хэмжээний мэргэжлийн түвшний нэг бүтээл туурвихад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж заасан. Энэ дагуу сонгон шалгаруулалт зарлах, кинонд тавих шалгуур үзүүлэлтийг тогтоох, киноны чанарыг сайжруулах, техник, технологийн ололт, амжилтыг нэвтрүүлэх, кино зохиол, найруулагч, инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зэргийг ч нарийвчлан тусгасан байна.

Товч мэдээ

– Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ байгуулахтай холбогдуулан талуудын нөхөн төлбөр авах, хөрөнгө оруулалтын дотоод өгөөжийн баталгаа гаргах, Япон Улсын Засгийн газрын зээлийн эргэн төлөлт, концессын төлбөр зэрэг санхүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллахыг Ажлын хэсэгт чиглэл болгов.

– Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн урилга, үр дүнг тухай бүр нь Худалдан авах ажиллагааны цахим системд оруулж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав. Худалдан авах ажиллагааг заасан хугацаанд нь хэрэгжүүлэх, бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой тайланг цахим системд бүрэн оруулж байх зэргийг үүрэг болгов.

– Дорнод аймгийн Халхгол сумын төвийг шинэчлэх “Шинэ сум” төслийг Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх өдрөөс өмнө бүрэн хэрэгжүүлж дуусгана. Төслийн хүрээнд төрийн бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой Нутгийн удирдлагын ордон, 240 хүний суудалтай Соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн сургууль, дотуур байр, 150 хүүхдийн цэцэрлэг барина. Мөн төв талбай, усан оргилуур, спорт танхим, хөлбөмбөгийн талбай, авто зогсоол, цэцэрлэгт хүрээлэн зэргийг байгуулах юм. Төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, дотоод, гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандив, олон нийтийн оролцоо, дэмжлэгээр хэрэгжүүлж байна.

– Хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулах орон тоог аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилчдын 25 хүн тутамд нэг байхаар тогтоов. Ажиллуулаагүй тохиолдолд сар бүр төлөх төлбөрийн хэмжээг Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул аймагт тухайн байгууллагын ажиллагсдын дундаж цалингийн хэмжээгээр, бусад аймагт дундаж цалингийн 60 хувиар тооцон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлж байхаар болов.

– Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжив. Хэлэлцээр нь уламжлалт найрсаг харилцааг сэргээж, худалдаа, эдийн засгийн харилцааг урт хугацаанд, тогтвортой хөгжүүлэх зорилготой юм. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа 1990 он хүртэл идэвхтэй хөгжиж, үүний дүнд “Чингис хаан” зочид буудал, савхин эдлэлийн үйлдвэр баригдан, манай 50 гаруй иргэн тухайн үеийн Югослав Улсад суралцжээ.

– Техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Аргентин Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлав. Хэлэлцээрийн хүрээнд малын гоц халдварт өвчний эсрэг дархлаажуулалт зэрэг чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, мэргэжилтэн, судлаач, дэвшилтэт технологи, судалгааны материалаа харилцан солилцох юм.

– Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар Вьетнам Улсад ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн байхгүй. Харин Вьетнам Улсын хоёр иргэн энд ял эдэлж байна. Вьетнамд манай 71 иргэн оршин сууж, 40 орчим иргэн суралцаж байна.

– Шинжлэх ухаан, технологийн салбарын бодлого, төлөвлөлт, салбарын удирдлага, менежментийн тогтолцоог оновчтой, боловсронгуй болгож, шинжлэх ухааны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах талаар судлан, санал боловсруулж танилцуулахыг сайд Ё.Баатарбилэгт даалгав.

– ОХУ-д болсон Римский-Корсаковын нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн дуучин Э.Анхбаяр болон БНХАУ-ын Ухань хотод болсон олон улсын өсвөрийн циркчдийн уралдаанд “Аватар” үзүүлбэрээрээ хоёрдугаар байр эзэлсэн “Монголын циркийн хөгжлийн төв”-ийн уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгохоор болов

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *