Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөшигийн хөндийн нисэх буудал нарны цахилгаан станцаар ажиллана

Хөшигийн хөндийд нарны цахилгаан станц баригдах гэж байна. Тус цахилгаан станц улсын нийт эрчим хүчний хэрэглээний 80 гаруй хувийг хангадаг төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх юм. Тодруулж хэлбэл энэхүү цахилгаан станц Улаанбаатар хот болон шинэ олон улсын нисэх онгоцны буудлыг эрчим хүчээр хангах гэнэ. Төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлэх 15 мегаваттын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц барих, ажиллуулах гэрээнд Азийн хөгжлийн банк (АХБ), “Тэнүүн гэрэл констракшн” ХХК, “Сермсанг пауэр корпорейшн паблик” компанийн төлөөллүүд өчигдөр гарын үсэг зурлаа. Уг арга хэмжээнд Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн, тус банкны Хувийн хэвшлийн үйл ажиллагааны газрын ерөнхий захирал Майкл Баррау, “Тэнүүнгэрэл констранкшн” компани болон “Сермсанг Пауэр Корпорейшн Паблик” компани “Лимитед” компанийн удирдлагууд оролцлоо.
Уг ёслолыг АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен нээж, үг хэлсэн. Тэрбээр “Азийн Хөгжлийн Банк (АХБ) нь Монгол Улсын засгийн газартай 1991 оноос хойш хамтран ажилласаар ирсэн. Энэ хүртэлх хугацаанд 2.4 тэрбум америк долларын туслалцаа дэмжлэгийг Монгол Улсын Засгийн газарт үзүүлсэн юм. АХБ нь гол төлөв томоохон эрчим хүчний төслүүдэд санхүүжилт хийж, бодлогын дэмжлэг үзүүлж ирсэн.
Жишээлбэл, эрчим хүчний салбарт шинэтгэлийг хэрэгжүүлэх, тарифыг зохицуулах
орчныг бүрдүүлэхэд техникийн туслалцаа үзүүлсэн билээ. Сүүлийн үед АХБ-аас Монгол Улсын эрчим хүчний салбарт оруулах хөрөнгө оруулалтыг гол төлөв сэргээгдэх эрчим хүчний салбар руу чиглүүлж байна. Нарны сэргээгдэх эрчим хүчнээс гадна бусад төрлийн сэргээгдэх эрчим хүчний салбаруудыг бид нар судалж байгаа. Цаашилбал, Монголд үйлдвэрлэсэн эрчим хүчээ хадгалах хураагуурын төсөлд санхүүжилт олгох тал дээр судалгаа хийгээд явж байна. Сэргээгдэх эрчим хүчний тухайд АХБ-ны гол анхаарлын төв бол нарны эрчим хүч юм. Мөн газрын гүний дулааныг үйлдвэрлэж боловсруулах арга болоод үүнд ямар төсөл хэрэгжүүлэх талаар судалж байна.
Гэхдээ эрчим хүчний салбарт бидний үзүүлж байгаа туслалцаа дэмжлэг зөвхөн ийм станцууд барихад төвлөрөөгүй. Өөрөөр хэлбэл, Монгол орны өөрийнх нь эрчим хүчний салбараас үйлдвэрлэгдэж байгаа нүүрсэд тулгуурласан. Өрхийн түвшинд дандаа түүхий нүүрс шатааж гэрээ дулаацуулж байна. Иймд хүний эрүүл мэнд болон байгаль орчинд ээлтэй утаа багатай бусад эрүүл түлшний хэлбэрүүдийг өрхийн түвшинд илүү ашигладаг болох тал дээр төслүүдийг хэрэгжүүлэхэд бид санхүүжилт оруулна.Монгол Улсад анх удаа эрчим хүчний салбарт Тайланд улс хөрөнгө оруулснаараа уг ажлын онцлог оршино. Мөн АХБ-тай хувийн хэвшилд анх удаагаа Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа. Бидний хэрэгжүүлж эхэлсэн төсөл дөрвөн жилийн хугацаатайгаар явагдлаа. Бид төслийг яаж хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтыг хэрхэн босгох вэ гэдэг асуудал дээр хамтарч ажиллаж эхэлсэн байдаг. Мөн Тайланд улсын “Серпсан” компанитай хамтарсан. Манай төсөл нь Монгол Улсын төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогын дагуу 2020 онд 20 хувиа сэргээгдэх эрчим хүчээр хангана гэсэн төлөвлөгөөг биелүүлж чадсандаа баяртай байна. Хөшигийн хөндийг ирээдүйд 100 мянган хүн амтай хот болгоно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв.
Мөн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен “Юуны өмнө энэ төслийн онцлог нь Монгол орны хувьд их чухал. Учир нь одоог хүртэл Монгол оронд үйлдвэрлэгдэж байгаа эрчим хүч, цахилгаан дулаан аль аль нь түүхий нүүрс их шатааж боловсруулсан эрчим хүч байгаа. Тэгэхээр энэ бол цэвэр эрчим хүч биш. Тийм болохоор бид сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж ирсэн. Сэргээгдэх эрчим хүчний төрөл дотроос нарны эрчим хүч яагаад онцлогтой вэ гэхээр Монгол орон уур амьсгалын хувьд нарны маш их нөөцтэй. Өөрөөр хэлбэл, нартай өдрийн тоо жилд их байдаг. Тийм учраас энэ нөөцөө дайчлаад эрчим хүч үйлдвэрлэх чиглэлд хувь нэмрээ оруулах боломж бололцоог бүрдүүлсэн төсөл учраас бид үүнд санхүүжилт оруулсан.
Хоёрдугаарт, төслийн хүрээнд Олон улсын их туршлагатай томоохон компаниудыг татан оролцуулж чадсан. Монголын сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн компаниуд хамтраад энэ төслийг хэрэгжүүлэх болсон нь Олон улсын түншлэлийн нэг хэлбэрийг шинээр бий болгож байгаагаар онцлогтой” хэмээн онцолж хэллээ.
“Тэнүүн гэрэл констракшн” компанийн Гүйцэтгэх захирал С.Одбаатартай ярилцлаа.
-Сэргээгдэх эрчим хүч гэхээр нар, салхи , ус байна л даа. Яагаад заавал нарны эрчим хүчийг хэрэглэж, үүнд төвлөрч ажиллах болсон бэ?
-Монголд яг хөгжиж байгаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд бол салхи, нар хоёр л байгаа. Усан дээр юу болж байгааг бид нар мэдэж байгаа шүү дээ. Усан цахилгаан станцын хувьд Оростой ямар асуудалтай байгаа билээ. Ус уг нь үр ашиг өндөртэй, 24 цагийн турш тасралтгүй ажиллах боломжтой. Гэхдээ өртөг зардал асар өндөр байдаг. Олон жилийн судалгаа шаарддаг. Миний хувийн бодлоор салхитай газарт олон судалгаа шаардагддаг. Харин нар бол ерөөсөө л нарны тусгал. Их амархан. Технологи нь ч өөрөө барьж, байгуулах угсрах ажил нь их амархан байдаг.
-Нарны цахилгаан станцын технологийн хувьд?
-Нарны панелууд байгаа. За мөн хувиргагч төхөөрөмж байгаа. Сүүлийн үед асар хурдтайгаар хөгжиж байгаа нарны технологи юм. Манайх жишээ нь панел. Ашигт үйлийн коэффициент нь өндөр панелийг тавьсан. Үйлдвэрлэх эрчим хүчний хэмжээ ч гэсэн өссөн. Одоо панелийн технологи байна. Мөн хувиргагч бий. Барьж угсрах асуудал амархан байдаг юм. Жишээ нь, 15 MBT-ын цахилгаан станцыг бид нар зургаан сарын хугацаанд бариад дуусгасан.
-Хөшигийн хөндийд нарны цахилгаан станцыг барьж байгууллаа. Ямар учраас энэ газрыг сонгож барих болсон бэ?
-Хөшигийн хөндий маань Монгол Улсдаа Олон улсын чанартай нисэх онгоцны буудлыг байгуулагдаж байна. Та бүхний мэдэж байгаачлан тэнд баригдаад дууссан. Энэ долоон сард ашиглалтад орно гэж байгаа. Мөн Монголд анх удаа олон улсын чанартай хурдны зам тавигдсан, холбогдсон байгаа. Энэ нь ирээдүйд юу гэсэн үг вэ гэхээр тэр хавиар суурьшлын бүс үүснэ гэж байгаа. Одоо бол трэнд нилээн олон байгууллагууд газраа авсан. Мөн төмөр зам явна гэж би сүүлд сонссон. Төмөр замын бас нэг замыг тавиад тэндээ ложистик төв барихаар. Энэ юу вэ гэхээр суурьшлын бүс их болохоор эрчим хүчний хэрэглээ өснө гэсэн үг. Тэрний жижигхэн ч гэсэн хэрэглээг хангачих эх үүсвэр яагаад байж болохгүй гэж бид, нар үзээд тэнд буюу Хөшигийн хөндийд цахилгаан станцаа барьсан.
-ОУ-ын байгууллагуудтай
гар нийлж ажиллахад ямар байв?
-Нарны цахилгаан станцын сүүлийн үеийн технологийг заавал Олон улсын байгууллагатай хамтарна. Монгол Улсад тийм үйлдвэр нь ч байхгүй. Яахав нарны панел үйлдвэрлэдэг. Ганц хоёр станц байгаа л даа. Гэхдээ технологи нь бидэнд байхгүй. Шарп корпораци нь технологитой орж ирсэн. Тэгэхээр бид заавал хамтрах ёстой.
-Бүтээн байгуулалт хийж, хамтарч ажилласан тухайгаа яриач?
-Бүтээн байгуулалтын ажил өндөр зохион байгуулалтын дор явах ёстой. Энэ ажлын гол онцлогийг дурдвал нарны цахилгаан станцыг яг монгол инженерүүд нэг ч гадаад хүний оролцоогүйгээр барьж байгуулсан. Дандаа монгол хүмүүс, монгол инженерүүд гүйцэтгэлийг нь бүгдийг хийсэн. Зураг төслийг нь гаргасан байгаа. Мэдээж барих хугацаанд ажил зогссон. Мөн хэсэг хугацаанд завсардана. Гэхдээ бид хуваариасаа гажаагүй. Мэдээж АХБ-тай хамтарч ажиллахын тулд компанийн бичиг баримтын бүрдэл гэж асуудал байдаг. Төслийн санхүүжилт авах гэж байгаа бол тухайн төслийн бичиг баримтыг өндөр түвшинд хангах ёстой.Энэ дээр манай баг хамт олон болон Олон улсын баг ажилласан. Тэгж байж өнөөдрийн түвшинд хүрсэн.
-Та бүхний цаашдын зорилго юу вэ?
-Экологийн цэвэр эрчим хүчийг улсдаа нийлүүлэх зорилготой. Ямар ч утаа гардаггүй, ямар ч ус , нүүрс ашигладаггүй. Энийг л удаан хугацааны турш ногоон эрчим хүч буюу экологийн цэвэр эрчим хүчийг улсдаа нийлүүлэх. Ер нь дэлхийн чиг хандлага тийм болсон. Хаа ч явсан нар салхины эрчим хүчийг хөгжүүлэх боломжтой. Жишээ дурдвал Герман байна. Цахилгаанаа 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангадаг. Нүүрсний болон атомын цахилгаан станцыг хааж эхэлж байна. Монгол Улсдаа бас энийг хөгжүүлэх зорилгод хүрэх үүргээ биелүүлээд явж байна.
-Нисэх онгоцны буудлыг цахилгаанаар хангана гэж ойлгох нь зөв үү?
-Зөвхөн онгоцны буудлыг хангах биш. Тэнд байгаа ганц холбогдох дэд станц гэж байдаг. Тэр нь онгоцны буудлын хажууд байгаа. Тийм учраас тэнд л очиж холбогдох ёстой. Тэр маань нэгдсэн сүлжээний нэг ёсондоо тойрог тор сүлжээ. Тэнд байдаг холбогддог дэд станц юм. Жишээ нь, нэг разетик шиг л юм шүү дээ. Тийшээ л бид очиж холбогдож байгаа. Бидний хувьд нэгдсэн сүлжээндээ эрчим хүчээ нийлүүлэх юм.
-Доголдол үүсэх гэх ойлголт бий юу?
-Доголдол үүсэхгүй, эрчим хүчний үйлдвэр буурна гэж байдаг. Нар хурц тусаж байгаа өдөр үүл гараад бороо орвол үйлдвэрлэл явагдана. Гэхдээ бага хэмжээгээр үйлдвэрлэнэ гэсэн үг. Үйлдвэрлэл гэдэг нь панел дээр тусч байгаа нарны гэрлийн тусгал гэж шууд ойлгож болно. Тусгалаас хамаарч байгаа. Гэвч зөвхөн тусгал биш, агаарын температур нөлөөлдөг. Сэрүүн байх тусмаа сайн байдаг. Архангай аймгийн Өгийнууран дээр станц барилаа гээд яваад байсан. Яагаад усан дээр тавьж байна гэхээр усны хөргөлтийг нь авч байгаа юм. Нарны панел нартай, хүйтэн сэрүүн байх тусмаа эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрлэлийн хэмжээ их байдаг. Тиймээс ч усан дээр барих технологийн шийдлүүд байдаг л даа.

Б.НОМИН-ЭРДЭНЭ, П.САЙНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *