Categories
мэдээ улс-төр

Чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлав

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.03.21) нэгдсэн хуралдаан 10 цаг 07 минутад 60 хувийн ирцтэй эхэлж, чуулганы нэгдсэн хуралдаанаар татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүний өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг эхэллээ. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Уг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Харин Төсвийн байнгын хороо энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хуулийн нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжжээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулан Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан бол ажлын дэд хэсгийг Ажлын хэсгийн ахлагчийн шийдвэрээр байгуулж ажиллуулжээ.

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад аж ахуйн нэгж, татвар төлөгчид, ажил олгогчид, олон нийтийн оролцоотой хэлэлцүүлгийг удаа дараа зохион байгуулж, гаргасан саналуудыг хуулийн төсөлд тусгахад анхаарч ажилласныг Байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдсан байна.

Мөн тус Байнгын хороо хуулийн нэгтгэсэн төслүүдийг анхны хэлэлцүүлэгтт бэлтгэх явцад Ажлын хэсгээс болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр тогтжээ.

Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулах үед Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хороо энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хийж, хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлт болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр тогтсон. Гэвч өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс болон Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс хуулийн төсөлтэй холбогдуулж зарим саналууд ирүүлсэн. Тиймээс ажлын хэсэг хуралдаад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх нөхцөл байдал шинээр үүссэн гэж үзсэн тул чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх горимын санал гаргасан юм. Ингээд хуралдаан даргалагч гишүүний гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71.2 хувь нь дэмжив.

Дараа нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхэлж, энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Ингээд шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх тухай Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэнгийн гаргасан горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.7 хувь нь дэмжлээ.

Үргэлжлүүлэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхэлж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссон юм. Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, мөн Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Төсвийн байнгын хороо нэгтгэн энэ сарын 19-ний өдөр анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр тогтжээ.

Харин шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн хийх горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 65.5 хувь нь дэмжсэн юм.

Иймээс хуралдаан даргалагч чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулж, Төсвийн байнгын хороог хуралдуулж татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр боллоо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *