Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу улсын хэмжээнд гэр хорооллын айл өрхүүдэд гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгууллаа.
Төв, орон нутгийн Онцгой байгууллагын алба хаагчид гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтад нийт 283 баг, хороо, дүүргийн 23,457 айл өрхийг хамруулж, гал түймэр гарч болзошгүй 18,785 зөрчил дутагдлыг илрүүлсэн байна.
Илэрсэн зөрчил, дутагдлыг хувиар авч үзвэл, 15 хувь нь гал унтраах автомашин хүрэлцэн очих боломжгүй, 24 хувь нь гэр, хашаандаа үнс нурмаа ил задгай асгасан, 12 хувь нь пийшин зуухны галын аюулгүй байдлын зөрчилтэй, 13 хувь нь гэр, байшин хоорондын зай хэмжээ ойр, 25 хувь нь цахилгаан дамжуулах утас шаардлага хангаагүй, 11 хувь нь бага насны хүүхэд орон байрандаа эзэнгүй орхисон зэргээс шалтгаалжээ.
Хяналт шалгалтын явцад 6591 зөрчлийг арилгуулж, 12,194 зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 39, мэдэгдэл 1557, танилцуулга 39бичиж тухайн аймаг, нийслэл, дүүрэг, баг, хорооны холбогдох албан тушаалтанд хүргүүлж ажиллалаа