Давс хэтрүүлэн хэрэглэх нь даралт ихсэлт, цус харвалт, чихрийн шижин, яс сийрэгжилт, шалтгаан тодорхойгүй хаван, таргалалт зэрэг олон өвчний шалтгаан болдог. Монгол Улсад хүн амын нийт нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байгаа нь дэлхийн хүн амын халдварт бус өвчний нас баралтаас 7 пунктээр өндөр байна. Түүнчлэн давсны хэрэглээг бууруулахад зарцуулсан зардал нь бусад нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаанд зарцуулсан зардлаас хамгийн өндөр буюу давсны хэрэглээг бууруулах арга хэмжээнд зарцуулж буй 1 төгрөг 16 төгрөг болж өсдөг. ДЭМБ-ын шинжээчдийн баг Монгол Улс халдварт бус өвчин, түүнээс үүдэлтэй цаг бус нас баралтаас сэргийлэх хамгийн өртөг багатай, үр дүнтэй арга хэмжээ бол давсны хэрэглээг бууруулах интервенц гэж тодорхойлжээ. Тиймээс ДЭМБ-аас 2030 он гэхэд хүн амын давсны хэрэглээг 30 хувиар, Монгол Улс 2025 он гэхэд 30 хувиар бууруулсан байх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд МХЕГ ХХААХҮЯ, ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Монголын хүнсчдийн холбоо хамтран “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг 2 үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын байцаагчид болон “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” 2-р шатны арга хэмжээнд оролцогч байгууллагуудын мэргэжилтнүүдийг мэдээлэл, арга зүйгээр хангах зорилгоор сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр 1-р шатны арга хэмжээний Гран при шагналт, СХД-ийн 112-р цэцэрлэгийн ахлах тогооч Г.Оюунсүрэн сайн туршлагаасаа хуваалцсан юм.