Categories
мэдээ улс-төр

Тендер шалгаруулалтад гадаадын этгээдийг оролцохыг хориглоно

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд худалдан авах ажиллагааны олон дэвшилттэй асуудлуудыг тусгажээ гэж Байнгын хороо үзсэн байна.
Тухайлбал, дотоодын үйлдвэрлэлээс худалдан авах боломжтой барааг импортын бараанаас тусад нь багцлах, дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой бол тендер шалгаруулалтад гадаадын этгээдийг оролцохыг хориглоно гэж заасан нь үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих бодитой алхам болно гэж үзжээ. Түүнчлэн урьдчилан худалдан авах ажиллагааг хэрэгжүүлснээр Засгийн газрын төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг боловсронгуй болгох, шуурхай байдлыг хангах, төсөв хэмнэх боломжийг бүрдүүлэх аж. Улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгждэг төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн хугацаа сунжирч, үргүй зардал гардаг. Тухайлбал, олон улсын байгууллагын хөрөнгөөр хэрэгжсэн төслүүдийн хувьд дунджаар худалдан авах ажиллагааг зохион байгуулахад 6 сараас 1 жилийн хугацаа зарцуулагддаг байна. Хугацаас сунгаснаас шалтгаалан 400-500 сая төгрөгийн үргүй зардал гардаг аж.
Цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлж, жигдрүүлснээр худалдан авах ажиллагаа ашиг сонирхлоос ангид байх, өрсөлдөөнт, ил тод байдлыг нэмэгдүүлэх, гомдол маргаан гарахгүй байхад ахиц гарна гэж тооцсон байна. Худалдан авах ажиллагаа шилэн байх, мэдээллийг оролцогчдод ил болгох, хууль тогтоомж зөрчсөн бол эрхийг нь хязгаарлах зэрэг асуудлыг журамлан зохицуулах өөрчлөлтүүдийг төсөлд тусгасан талаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулгадаа дурдлаа. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *