Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч ноён Эмрах Устаомерыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд өнөөдөр (2019.03.20) Бүгд Найрамдах Турк Улсын хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч ноён Эмрах Устаомерыг хүлээн авч уулзав.

ТИКА-ийн Улаанбаатар хот дахь хөтөлбөрийн зохицуулагч Эмрах Устаомер цаг зав гарган уулзаж буйд нь УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдэд талархал илэрхийлээд үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулав.

Ноён Эмрах Устаомер ТИКА-д 15 жил ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатарт зохицуулагчаар томилогдоод найман сар болж байгаа юм. Тус байгууллагаас 2004-2019 оныг хүртэлх хугацаанд Монгол Улсад нийт 620 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлснээс тэрээр өнгөрсөн найман сарын хугацаанд 35 төсөл хэрэгжүүлжээ. Тэрбээр ТИКА-аас хөдөө орон нутагт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, иргэдийн аж амьдралын тулгамдсан бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд ТИКА-ийн шугамаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд үр дүнтэй байдгийг үгийнхээ эхэнд онцлоод аялал жуулчлал, түүх, соёл, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх шинэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг дурдав. Мөн Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийг амжилттай хийж чадсан туршлагаас суралцах, нийгмийн зөвшилцлийг хийсэн арга хэлбэрийг судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд ТИКА-ийн үйл ажиллагаа цаашид ч үр дүнтэй, өгөөжтэй хэлбэрээр үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлээд, УИХ-ын зүгээс болон хувиасаа бүх талын дэмжлэг үзүүлж ажиллана гэв

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *