УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр саяхан УИХ-ыг даргыг Швейцарьт айлчлах бүрэлдэхүүнд багтсан билээ. Уг айлчлалын хүрээнд Швейцарийн банкны данснаас иргэн С.Баярцогтын гүйлгээний дансыг авснаа мэдээлж байсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлэлдээ:
-Би УИХ-ын гишүүн, Оффшорын эсрэг бүлгийн ахлагчийн хувьд Швейцарт хийсэн айлчлалын хүрээнд мэдээлэл хийсэн. Зарим гишүүд энэ мэдээллийг үгүйсгэж байна. Иргэн С.Баярцогтын нэр дээр Швейцарын банкны дансаар мөнгө орсон, гарсан баримт байгаа. Миний авсан мэдээллээр хараахан АТГ-т очоогүй байгаа гэсэн. Чухал ач холбогдолтой мэдээлэл дарагдахаас сэргийлэх ёстой.
Иргэн С.Баярцогтын нэр дээрх таван дансаар 2008 оны есдүгээр сарын 30-наас 2013 он хүртэл хийгдсэн гүйлгээ байна. “Оюутолгой”-н гэрээ 2008 оны 10 дугаар сард хийгдсэн. Иргэн С.Баярцогт энэ хугацаанд Сангийн сайд, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан. Тиймээс өөр олон эзэн холбогдогчтой байж магадгүй. Төр нийгэмд хуулийн хяналтыг тогтоох зорилгоор би энэ мэдээллийг хийж байна. Хуулийн байгууллагад шалгах боломжийг нь олгох ёстой. Нөлөөллөөс ангид байлгах хэрэгтэй гэж үзэж байна.
Швейцарийн холбооны улсаас иргэн С.Баярцогтын бүх гүйлгээний мэдээллийг өгсөн. Энэ бол АТГ, прокурорын байгууллагуудтай хийсэн албан ёсны харилцааны үндсэн дээр Монгол Улсад хүлээлгэн өгсөн. Хуулийн байгууллага хуулиа биелүүлэхэд бид улс төрийн дэмжлэг үзүүлэх ёстой. УИХ дахь оффшорын эсрэг бүлгээс Швейцарийн холбооны улсын өмгөөллийн товчоо, холбогдох банкинд удаа дараа хүсэлт илгээсэн.
Энэ асуудлыг ил болгоход төрийн бус байгууллагуудаас идэвх санаачлагатай ажилласан. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, О.Баасанхүү нар буруу мэдээлэл өгсөн байна лээ. Тэд оффшорын эсрэг хуруу байтугай хошуу нэмэрлэж байгаагүй хүмүүс. Тийм учраас энэ асуудлыг мэдэхгүй байх нь аргагүй. Айлчлалын хүрээнд энэ хүмүүс багтаад ямар ч үр дүнгүй, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийгээд яваад ирсэн. УИХ-ын нэр бүхий гишүүдийн мэдээлэл дээр үндэслэн би энэ мэдээллийг хийж байна.
Энэ мэдээлэл УИХ-ын даргын айлчлалын хөтөлбөрт байхгүй. Гэхдээ Швейцарийн холбооны улсын банкнаас иргэн С.Баярцогтын нэр дээрх дансны дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн. Таван дансанд орсон гарсан гүйлгээ байгаа учраас лавшруулж шалгах шаардлага үүсч магадгүй. Өөр бусад эзэн холбогдогчийг шалгаж ч магадгүй.
Бусад мэдээллийг мөрдөн байцаах ажиллагааны үед мэдээлэх хориотой хэмээлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултда хариулав.
-Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан гишүүд үгүйсгээд байхад та яагаад дахин мэдээлээд байна вэ? Энэ мэдээлэл 14 хоногийн өмнө ГХЯ-д ирсэн байсан гэсэн.
-ГХЯ-нд 14 хоногийн өмнө С.Баярцогтын оффшор данстай холбоотой мэдээлэл ирээгүй. ГХЯ дээр байгаа мэдээллийг би саяхан авсан. Бусад хүмүүс энэ мэдээллийг мэдээгүй байсан.