Categories
мэдээ цаг-үе

Д.Гантулга: Энэ сарын сүүлээр дахин хэд хэдэн хүний орлогыг нотлуулна

Хөдөлмөрийн Үндэсний намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулгатай ярилцлаа.


-Оны өмнөхөн ХҮН нам Орлогоо нотол хөдөлгөөнийг эхлүүлсэн. Энэ ажил зогсчихоогүй биз дээ?

-“Орлогоо нотол” хөдөлгөөн нь Монгол төрийг хулгайчдаас цэвэрлэх зорилготой. Үргэлжилж байгаа. Эхний ээлжинд бид олон нийтийн хардлагатайгаар хөрөнгөжсөн төрд байгаа хүмүүсийг шударгаар орлогоо нотлохыг уриалсан. Эхлээд бид МАН-аас Ж.Мөнхбат, АН-аас С.Эрдэнэ нарыг орлогоо нотлохыг шаардсан. Энэ хоёроос эхэлсэн нь шалтгаантай. Тухайн үед Ж.Мөнхбат “Цензургүй яриа”-гаар ороод баахан тоо ярьсан л даа. Гэтэл тэр тоонууд нь 500-гаад сая төгрөгөөр зөрсөн. 500 сая төгрөг гэдэг их мөнгө шүү дээ. Харин Ардчилсан намын дарга С.Эрдэнийн тухай олон зүйл яригддаг. “Шонхор” товэроос эхлүүлээд л. Ямар нэг хардах үндэслэл байгаа учраас энэ бүгдийг гаргаж ирж тавьсан. Бид нар ч гэлтгүй Монголын иргэд төрд байгаа хүмүүсээсээ орлогоо нотлохыг шаардах ёстой. Тэд нар нийтийн баялгаас аваад байгаа юм биш үү гэдгийг шалгаж байх ёстой. Бид нарт тодорхой хэмжээний мэдээлэл цугларч байна. Энэ сарын сүүлээр дахин хэд хэдэн хүний орлогыг нотлуулна. Энэ нэг удаа хийгээд орхичихдог ажил биш. Долоо хоног болгон хийгээд байдаг ч ажил биш.

-Дараагийн орлогоо нотлох төрийн түшээд тодорсон уу?

-Дараагийн хүн тодорхой болж байгаа. Гэхдээ тэдний нэрийг одоо зарлахад арай эрт байна. Мэдээллээ сайн нягтлахгүй бол эргээд гүтгэлэг болох магадлалтай шүү дээ. Тиймээс нухацтай судалж, тэдгээр хүмүүсийг гаргаж ирнэ.

-Танай намыг ард иргэд АН, МАН-ын араас гуравдагч хүчин болно гэж ярьж байсан цаг саяхан. Гэвч намын дотоод зөрчлийн асуудал үүссэн шүү дээ. Яагаад ийм байдалд хүрсэн юм бэ?

-Манай нам дээр үүссэн асуудлын өдөөгч нь гаднаас байсан. Хэн гэдэг нь ч ойлгомжтой. Эрх баригчид зөвхөн биднийг ч биш, бусад жижиг улс төрийн намуудыг олон нийт дэмжих аястай болоод ирэхээр янз бүрийн арга сүвэгчилж бусниулдаг. Дотор нь хутган үймүүлдэг. Манай нам ч гадны хүчин зүйл, өдөөлгөнд орсон нь үнэн. Гэхдээ гадны хатгалгад ороод хоорондоо зөрчилдсөн нь бидний алдаа. Энэ томоохон сургамж болсон. Энэ үйл явдлыг базаад хэлэхэд тухайн үед манай нам хоёр даргатай болсон. Нэг нь одоогийн ХҮН-ын дарга Б.Найдлаа болон түүнийг дэмжсэн нэг хэсэг бүлэг хүмүүс. Нөгөө талд нь МАХН-ын дэд дарга С.Ганбаатар байсан. Ганболд мэтийн хүмүүстэй нийлчихсэн. Дотоод зөрчлийн шалтгаан нь энэ байсан. Мэдээж жижиг сажиг зүйлс зөндөө бий. 2016 оноос 2018 оны арванхоёрдугаар сар хүртэл бүтэн хоёр жил энэ асуудалтай шүүх дээр зууралдлаа.

-Тамга авч зугтсан асуудал юу болсон бэ?

-Тамга авч зугтаасан хүн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард шүүхээр орсон. Тэгээд тамгаа буцаагаад өгчихсөн шүү дээ. Тэр хүн намын тамга, гэрчилгээг буцааж өгөөд дотоод зөрчил дууссан. Одоо бид ХҮН-ын хууль ёсны удирдлагууд болсон. Манай намд хууль зүйн ямар ч зөрчил байхгүй.

-Энэ хоёр жилийн хугацаанд та бүхэн юу хийв?

-Бид зүгээр суугаагүй. “Монгол хүний товчоон” номыг өнгөрсөн пүрэв гаригт хэвлэлтээс гаргалаа. Энэ номоороо манай улсын хөгжлийн үндсэн үзэл баримтлалыг өгүүлсэн. Ингэхдээ бүр Хүннүгийн үеэс эхлээд одоог хүртэлх сургамж, дэлхийн бусад улсууд хэрхэн хөгжсөн талаар судаллаа. Хөгжлийн томьёог л хайгаад байна гэсэн үг байхгүй юу. Дэлхийн 28 улсын талаар 28 өөр хүн бичсэн. Энэ бүгдийг нийлүүлэд төр цогцлоох гэдэг асуудлыг хөндлөө. Бид дээр дооргүй Монгол төр мухардалд орчихлоо гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ долоо хоногийн дөрөв дэх өдөр номныхоо нээлтийг хийх гэж байгаа.

-Танай нам одоогийн байдлаар ямар зорилготойгоор урагшилж байна вэ?

-Цөөхөн хэдэн гэр бүл, нийгмийн хэсэгт биш, бүх монголчуудад дэвшил хэрэгтэй байна. Бид бусдаас хоцорчихсон гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 1990 онд Эрээнд очиход ямар газар байлаа. Тосгон л байсан шүү дээ. Тэнд байсан байшин барилга, зам харгуй, хүмүүсийнх нь царай зүс ямар юм байлаа. Цаашлаад Бээжин нь ямар юм байлаа. Тэгэхэд тэр үед Замын-Үүд, Улаанбаатар хот ямар байлаа. 30 жилийн дараа ялгааг нь харъя. Эндээс үзэхэд л бид үнэхээр их хоцрогдчихсон байна. Манай намын гишүүн биш ч, бид нарыг дэмждэг залуучууд бий. Бид нар 1970-1978 оны үед л төрсөн залуучууд. Бид 90-ээд оны үед нийгэм өөрчлөгдөхөд бизнес хийж хөрөнгөжиж чадаагүй. Ихэнх нь гадны улсуудад сурч байсан хүмүүс. 1996 онд ардчилсан Засгийн газар гарч ирээд сурагчдыг тэтгэлгээр гадаад явуулсан. Мөн Сорсын сангийн гэх мэт маш олон тэтгэлгээр монголчууд гадаад явсан. Тэр үеийн хүмүүс бол бид. Бид нар яахав бизнес эрхлээд амьдралаа залгуулаад явж болно. Гэтэл ирээдүйд хүүхдүүд минь ямар нөхцөлд амьдрах нь бүрхэг байна. Ийм нийгэмд яаж үр хүүхдээ үлдээх юм бэ. Амьдрал зөвхөн мөнгө биш гэдгийг бид нар ойлгочихсон хүмүүс. Амьдрал гэдэг өргөн ойлголт. Бид тодорхой хэмжээнд биеэ засаад, гэрээ засчихсан хүмүүс. Ийм зорилгоор улс төрд орж ирж байна. Зорилгодоо хүрэхэд алсын хараа хэрэгтэй. Тиймээс “Монгол зорилго 2050”-ыг тодорхойлсон. 2050 онд Монгол Улс ямар түвшинд очих вэ, хүмүүс нь ямар байх юм гэдгийг тодорхойлоод, зорьж байгаа. Үүнийгээ ХҮН-ын мөрийн хөтөлбөр болгож Дээд шүүхэд бүртгүүлчихсэн байгаа.

-Ойрын зорилго юу вэ?

-Төрийн эрх мэдэлд очихыг зорино. Яаж вэ гэвэл сонгуулиар очно. Тиймээс бид нарын ойрын зорилго сонгууль л байна даа.

-2020 оны сонгуульд танай нам ямар зорилт дэвшүүлж ажиллах вэ?

-Зорилтуудаа яриад эхэлчихсэн байгаа. Бид есөн үндсэн чиглэлээр шийдэл гаргаж ирж танилцуулна. Тухайлбал, боловсролын салбар дахь хөгжлийн стратеги маань гурван үндсэн чиглэлтэй. Нэгдүгээрт, хөгжил гэдэг хүний хөгжил. Тэрнээс зам талбай барих, өндөр шилэн барилга барих биш. Тэгэхээр монгол хүн яаж хөгжих юм. Эхлээд бид шинэ технологиудыг маш хурдтайгаар өөрсдөдөө нааж авах хэрэгтэй байгаа юм. Одоо манай шинжлэх ухааны байгууллагуудад улсын төсвөөс татаас өгч байгаа шүү дээ. Төсвийн татаас гэдэг нь халамжийн чанартай мөнгө өгч байгаа хэрэг шүү дээ. Хөгжих гэж байгаа бол үүнийг тулгуур хүчин зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүнчлэн байгаль орчны асуудал байна. Наад зах нь л хүрээлэн байгаа орчны асуудал бий. Улаанбаатар хотод гэхэд л агаарын бохирдол, түгжрэлийн асуудал биднийг зовоосоор байна.

-Өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа утаа, түгжрэл гэх асуудлаар танай нам шийдэл ярилцаж байгаа юу?

-Утааны шийдлийг бид аль хэдийнэ танилцуулаад, гаргаад тавьчихсан шүү дээ. Утааны талаар хүмүүс янз бүрийн өнцгөөс ярьж байна. Нэг хэсэг нь хэдэн инженерийн асуудал ч юм шиг, янданг сайжруулах талаар ч юм шиг ярьж байна. Энэ гол нь биш юм байна аа залуус аа. Асуудлын үндсийг бид харах хэрэгтэй. Утааны асуудлыг улсын байгууллагууд хоорондоо шидээд байна. Хамгийн эхэнд Ерөнхийлөгчийн дор, дараа нь Ерөнхий сайдын мэдэлд байсан. Хамгийн сүүлд Байгаль орчны сайдын дор очсон. Утааны асуудалд сүүлийн найман жил гэхэд 575 тэрбум төгрөг зарцуулчихаад байгаа. Нөгөө талдаа Засгийн газрын өр 7-8 тэрбум доллар боллоо. Энэ мөнгийг юунд зарцуулаад байгаа юм бэ. Эрх ашгийн зөрчилтэй хүмүүс хувийн шугамаар зарцуулаад байна. Наад захын жишээгээр Богд уулын араар, туул голын урдуур зам тавьсан. Мөн Богд уулын амуудаар баригдсан байшингууд руу халуун, хүйтэн усны инженерийн дэд бүтэц тавьсан байна. Хэнд зориулж вэ. Тэнд өөрийн амралтын газраа орлоготой байлгах гэж, эсвэл хууль бус барилгаа зарах гэж төсвийн мөнгөөр дулааны шугам татаад байна. Яагаад гэр хорооллоор инженерийн шугам сүлжээ татахгүй байгаа юм.

Мөн Улаанбаатар хотын утаатай байгаа шалтгаан нь орон байрны асуудлаа шийдэж чадахгүйд байна. Монгол гэр гэхэд суурин газар амьдрахад тохиромжгүй шүү дээ. Тиймээс өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжих ёстой. Нэг нь гарч ирээд зогсоочихдог баймааргүй байна. Энэ асуудлаар зөндөө ажил хийгдэж байгаа. Тэр ажлуудыг төр нь базаад цэгцлэх хэрэгтэй. Гэр хороолол руу зоригтой мөнгө хаях хэрэгтэй. Мэргэжилтнүүдийн гаргасан тооцоогоор Улаанбаатар хотын орон байрны асуудлыг шийдэхэд 2.5 тэрбум долларын санхүүжилт хэрэгтэй. Орон байрны асуудал шийдэгдсэнээр утааны асуудал шийдэгдэнэ. Тэрнээс уул сэтлээд утааг нь гаргачихаар бид нар сайхан амьдарчихгүй. Цаад талд нь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал байгаа. Бид үр дагаврыг нь л хараад байна. Асуудлын үндсэн суурийг нь шийдэх ёстой.

-Танай намын үзэл баримтлалын мөн чанар юу вэ. Нэгэн зүгт байгаа гэж бодож байгаа юу?

-Бид зүүн төвийн нам. Төвийн гэж байгаа мөртлөө зүүн тал руу яагаад хэлбийсэн бэ гэхээр монголчууд гуравхан саяуулаа. Бид нарт Америк шиг том капитализм таарахгүй. Энэтхэгт байдаг шиг олон анги давхаргын систем зохихгүй. Тэгэхээр Монголд дундаж давхарга давамгайлсан нийгэм байх ёстой. Ийм нийгмийг цогцлоох боломж байгаа. Бидэнд байгалийн баялаг бий. Нийгэм, эдийн засгийн хөгжлийг бид нар зоосны хоёр талаар хараад байгаа шүү дээ. Эдийн засгийн хөгжил гэдэг бидний орлого, амьжиргаа. Амьжиргаа муу, ядуу газар юу ч яриад хэрэггүй. Ардчилал ч яриад бүтэхгүй. Тиймээс бид үзэл баримтлал дотроо амьжиргааны асуудал буюу эдийн засгийн түвшнийг ихээхэн чухалчилж авч үздэг.

Эрдэнэт үйлдвэрийн асуудал гол сэдэв болоод байгаа. Засгийн газраас авч буй арга хэмжээг хэрхэн харж байна?

-Энэ асуудалд бүгдийнх нь л буруу байгаа. 49 хувийг авсан нь ч буруу. 51 хувийн асуудал ч буруу. Тэрийг шийдэж байгаа арга нь ч буруу. Буруу зүйлийг цэгцлэх гэж байгаа нь зөв. Шуудхан хэлэхэд энд бүлэглэлүүдийн хоорондын зодоон яваад байна шүү дээ. Наанаа нийтийн эрх ашиг гэж түрүү барьсан хүмүүс. Ойлгомжтой байна шүү дээ. Жишээлбэл, хэсэг бүлэг хүмүүс Эрдэнэтийн 49 хувийг авчихжээ. Тэрийг хууль зөрчөөд авчихсан байгаа бол хууль энд ажиллах ёстой. Энэ асуудал хуулийнхаа дагуу шийдэгдэхээс биш, хувь хүмүүс рүү нь дайрах нь өөрөө өрөөсгөл. Нөгөө талд нь төрийг төлөөлж ярьсан хүмүүс нь хаана байна. Хэн 49 хувийг авах эрхийг нь өгсөн юм. Хувийн сектор төртэй харьцсан байна шүү дээ. Төрийг төлөөлж харьцсан хүмүүс нь хаана байна. Зэрэгцээд суулгах ёстой. Тэдгээр төрийг төлөөлсөн хүмүүсийг яагаад шалгахгүй байгаа юм. Хуулийн дагуу л үйл ажиллагаа явуулах ёстой. Тэрнээс эрх мэдэлтэй болоод дураараа авирлах ёсгүй. Зөв зүйлийн төлөө буруу аргаар муйхарлан дайрж болохгүй шүү дээ.

-Намууд ялзарч дууслаа гэж ярьж байна. Энэ тухай?

-Манайх шиг цөөхөн хүн амтай, том газар нутагтай улсад пропорционал сонгуулийн систем зайлшгүй хэрэгтэй. Энэ системийг 2012 онд ганцхан удаа хийж үзээд, буцаагаад сольчихлоо. Пропорционал системээр нийтийн юм ярьдаг, мэргэжлийн хүмүүс сонгуульд гарч ирэх боломж бүрддэг. Түүнчлэн намууд төлөвшинө. Төлөвшсөн намд л иргэд итгэж санал өгнө шүү дээ.

-Улс төрийн намын тухай хуульд нэмэлт оруулах талаар яригдаж байгаа. Үүнийг судалж үзэв үү?

-Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд манай намын зүгээс албан ёсны байр сууриа ажлын хэсэг рүү нь хүргүүлсэн. Харамсалтай нь өнгөрсөн намрын чуулганаар хууль хэлэлцсэнгүй. Ер нь улс төрийн намын санхүүжилтийн асуудал чухал. Үүнийг л цэгцлэх хэрэгтэй. Үгүй бол нөгөө албан тушаалын наймаа, 60 тэрбумын хэрэг шиг асуудлууд давтагдсаар байна. Тиймээс сонгуульд шаардлагатай мөнгөн дүнг нь хуулиар багасгах хэрэгтэй. Бидний байр суурь бол санхүүжилтийн хэмжээ бага байх ёстой нэгдүгээрт. Хоёрдугаарт, намуудын сонгуулийн зардлыг төсвөөс даадаг байх ёстой. Үүнийг зарим хүмүүс буруу ойлгодог л доо. Тухайлбал, сонгуулиар их мөнгө зарлагаддаг шалтгаан бол ажиллах хүч байдаг. Нэг тойрог дээр 10 орчим хүн нэр дэвшдэг. Нэг нэр дэвшигчид хуулиараа 50-60 ухуулагч ажилладаг. Тэр хүмүүс айлуудын хаалга цохиод л ухуулах хуудсаа тараана. Энэ нь тийм ч хэрэгтэй ажил биш. Хүмүүс хаалгаа цоожлоод залхсан маягтай байдаг. Энэ ажлууд зарлага ихтэй, хэрэггүй санагддаг. Харин тойргийн нэг сургууль дээр нэр дэвшигчид очоод зэрэгцээд өөрсдийн үзэл баримтлалаа яривал харьцангуй бага зардал гарна. Сонирхсон хүмүүс нь очоод үнэлэлт, дүгнэлтээ өгөөд саналаа өгөхөд харьцангуй амар болно. Үүнийг улсын төсвөөр зохион байгуулна гэсэн үг.

-Танай нам нөхөн сонгуульд оролцох уу?

-Оролцоно. Манай нам 2016 оны УИХ-ын сонгуульд орж чадаагүй. Мэдээж нөхөн сонгуульд оролцогчийг намын дүрмийн дагуу төлөөллийн төв байгууллагаараа батлуулж, тухайн цаг үед зарлана. Баттай хэлэхэд манай нам бие дааж орно. Өөр эвсэл, намуудтай нийлж орохгүй. Хоёрдугаарт, хулгай хийдэггүй, худал хэлдэггүй, хүчин хийдэггүй хүнийг л бид нэр дэвшүүлнэ. Тэр хүн заавал манай намын хүн байх албагүй. Амьдрал нь цэвэрхэн. Өөрийнхөө оюун ухаан, тархиараа амьдарч ирсэн, юм мэдэхгүй байж худлаа попроод байдаггүй, асуудлыг хүчээр шийддэггүй шинэ хүнийг бид нэр дэвшүүлнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *