Categories
ардын-цолтон булангууд мэдээ

Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Л.Цогзолмаа: “Бөмбөгөр ногоон”-ы тайзан дээр морьтон баатрууд арын хаалгаар орж ирдэг байлаа

“Бөмбөгөр ногоон” театр гэрэл зургийн цомог номын нээлт Монголын театрын музейд уржигдар болсон. Эл цомгийг ардын жүжигчин Чимэд-Осорын хүү, сэтгүүлч Болд эмхэтгэсэн бөгөөд БНМАУ-ын төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, төрийн шагналт, ардын жүжигчин, эрдэмтэн зохиолч Э.Оюун, төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Д.Чойдог, ардын жүжигчин Д.Чимэд-Осор, гавьяат жүжигчин, бүжигчин Ж.Алимаахүү, Монгол циркийг үндэслэгч, гавьяат жүжигчин Ж.Раднаабазар нарын гэр бүлийн архив, цуглуулагч, судлаач А.Дэмбэрэлдоржийн хувийн цуглуулгаас зарим ховор баримт, гэрэл зургуудыг ашиглажээ. Монгол Улсын соёл урлагийн гал голомт болсон Ардын цэнгэлдэх хүрээлэн буюу “Бөмбөгөр ногоон” театр нэгэн зууны тэртээ нийслэл Улаанбаатар хотын төвд одоогийн Төрийн ордны зүүн урд хэсэгт олон түмний тус дэмээр 1927 оны долдугаар сарын 9-ний өдөр сүндэрлэн боссон түүхтэй. Тус театрын зураг төслийг тухайн үед Монголд амьдарч байсан Унгарын иргэн, инженер Иосеф Гелета зохиож монгол, хятад барилгачдаар бариулахдаа монгол гэр болон тоорцог малгайн хэлбэрийг дуурайлган бөмбөгөр оройтой, баганагүй театр сүндэрлүүлсэн аж. Том дугуй хэлбэрээр ханыг босгож, түүний дотор давхар дугуй хонгил гаргасан агаад цул модон дээврээ олон давхар эсгийгээр бүрж, дахин төмрөөр дээвэрлэн ногоон өнгөөр буджээ. Дээврийн зүүн, баруун урд талд тооно хэлбэрийн цонх гаргасан тул өглөө, оройн нар чөлөөтэй тусдаг байжээ. Театрын үзэгчдийн суудлын тооны талаар түүхэн баримт материалд янз бүрээр бичсэн байдаг боловч найруулагч, зохиолч Д.Намдаг 500 хүний суудалтай байсан хэмээн бичсэнийг үндэстэй гэж үздэг. Тус театрынхан Богд хааны ордноос шилжүүлсэн баяд, ноёд хатдын тансаг дээл хувцас, гоёл чимэглэлийн нандин эдлэлийг тоглолтдоо хэрэглэдэг байсан аж. Тус театрт 1949 оны нэгдүгээр сарын 15-нд “Талын баатар” жүжиг тоглогдсон орой гал гарснаар ихээхэн гарз хохирол учирчээ. “Бөмбөгөр ногоон” театрт тухайн үеийн авьяас билгийн охь болсон хүмүүс уран бүтээл туурвиж байсныг Монголын урлагийн алтан үеийнхэн хэмээдэг. Алтан үеийн төлөөлөл болсон хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Л.Цогзолмаа, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Мушгиа нар цомгийн нээлтэд хүрэлцэн ирсэн байлаа. Эдүгээ зуун насны босго давах дөхөж буй Лувсанжамцын Цогзолмаа гуайтай уулзаж хэдэн хором хөөрөлдлөө.


-Та сайхан хаваржаад байна уу?

-Сайхан хаваржиж байна аа. “Бөмбөгөр ногоон театр”-ынхаа түүхэн цомгийн нээлтэд ирсэндээ баяртай байна.

-Таны бие лагшин тунгалаг уу?

-Өдий болтол амьд яваадаа байна. Мушгиатайгаа хоёулаа энд ирлээ. “Бөмбөгөр ногоон театр”-ын түүхийг гэрэл зургийн цомогт мөнхөлсөнд сэтгэл хөдөлж, их сайхан санагдаж байна. Цомгийг эмхэтгэсэн ардын жүжигчин Чимэд-Осор гуайн хүү Болддоо талархлаа. Энэ ажлыг зохион байгуулсан хүмүүс, Театрын урлагийн музейнхэндээ баярлалаа.

-“Бөмбөгөр ногоон театр”-ын алтан үеийнхэн ч агуу хүмүүс шүү?

-Бөмбөгөр ногоон театраас үлдсэн нь Мушгиа бид хоёр л байна даа. Бөмбөгөр ногоон театр маань соёл урлагийн түүхэнд маш их үүрэг гүйцэтгэсэн. Одоо эргээд бодоход театрын ар талын тайзнаас эхлээд үзэгчид, сандал ширээ хүртэл нүдэнд харагдаж байна. Өөрөөр хэлбэл бидний ид цэцэглэж явсан, сайхан насандаа ажилласан анхны минь газар юм аа. (хоолой нь зангиран уйлав. сур) Амьдралын минь марташгүй том хэсэг Бөмбөгөр ногоон театртай холбоотой. Тийм учраас энэхүү театрын тухай их сайхан дурсамжууд үлджээ. Монголын урлагийн түүхэнд томоор үлдсэн ийм анхны театр аа.

-Бөмбөгөр ногоон театрыг мажар хүн бариулсан гэдэг бил үү?

-Энэ их сонин театр л даа. Театрыг бариулсан эзэн нь унгарын иргэн И.Гелета гэдэг хүн. Жараад оны үед Монголд ирэхэд нь манай өвгөн (Намын Төв хорооны гишүүн, АИХ-ын депутат, соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын нэрт сэтгүүлч Баянхонгор аймгийн Заг сумын уугуул Цэндийн Намсрай. сур) уулзаж байсан л даа. Театрын сонин нь юу гэхээр нэг ч баганагүй барьсан байдаг. Таван зуугаад хүний суудалтай их хөөрхөн театр байсан.

-Бас ч том л театр байж?

-Театрын арын хаалгаар тайзан дээр морьтой орж ирдэг байсан шүү дээ.

-Морьтойгоо тайзан дээр гарч ирнэ гэдэг чинь их амьд жүжиглэж байсан хэрэг шүү…

-“Шарай голын гурван хаан” жүжигт тэр арын хаалгаар гурван баатар морьтойгоо тайзан дээр гарч ирж байсан дүрс одоо надад нүдэнд харагддаг юм. Цагааны Цэгмид гуай, Нямын Цэгмид хоёр л лав тоглож байсан. Энэ их сайхан санагддаг байлаа. Монголын урлагийн олон нэртэй жүжигчид энэ бөөрөнхий театраас төрж гарсан. Бөөрөнхий театрыг зохиолч, найруулагч, орчуулагч Эрдэнэбатхааны Оюун гуай, ардын жүжигчин Нямын Цэгмид гуай нар удирдаж байсан. Задгай Ламзав гэдэг хүн театрын даргаар ажиллаж байлаа.

-Та бөөрөнхий театртайгаа хэдэн онд хувь заяагаа холбосон билээ?

-Гучин дөрвөн онд юм. Арван настайдаа анх удаа “Бөмбөгөр ногоон”-ы босгыг давж “Говийн хүүхэн Гүндэгмаа” гэдэг жүжгийг үзсэнээ мартдаггүй. Тайзны гол дундаас урд нүүр хүртэл өндрөөс нам болсон ногоон тавцан зүлэг дээр час улаан дээл, мөөмөн оройтой малгай өмссөн өндөр гоолиг нуруутай бүсгүй гүйж гарч ирээд унахад савхин цамцтай, суран бүс, саравчтай малгай өмссөн эрэгтэй алсаас ирээд бүсгүйг босгож уулзаж байгаагаар уг жүжиг төгсч байсныг санаж байна.

-Та зорьж очиж үзэж байв уу?

-Чухам ямар аргаар орсныг мэдэхгүй. Жүжиг тарсны дараа жүжигчдийн өрөөнд гүйгээд ортол маш гоё гялтганасан цэнхэр торгомсог хувцастай нөгөө сайхан хүүхэн чинь нүүрний будгаа яаран сандран арилгаж байхыг хараад ёстой л мэл гайхан биширч билээ. Тэр торгомсог гялалзсан хувцас нь торгон дотуур хувцас байж. Урлаг ингэж хүүхэд миний сэтгэлд цахилгаан гэрэл харвуулан гийгүүлсэн юм даа. Хожим мэдэхэд, тэр бүсгүй гавьяат жүжигчин Болд, эрэгтэй нь Шаравдоо гуай байсан. Мөн гучин таван онд байх. “Бөмбөгөр ногоон”-д нэг концерт үзсэн. Хажуу тийшээ самнасан халимаг үстэй хөөрхөн бор хүү сандал дээр суучихсан, хөл нь газар хүрэхгүй, хуучир тоглож, хажууд нь бас нэг жижигхэн охин ёочин дарж байлаа. Тэд бол хожим нь ардын жүжигчин болсон Намсрайжав, гавьяат жүжигчин Базаррагчаагийн дүү Вандуй нар байсан байдаг. Надаас жаахан хүүхдүүд хөгжимдөж байхыг хараад ийм болох сон гэж сэтгэл ихэд хөдлөн урлагт улам ч донтох болсон сон.

-Таныг театрт орох үед ардын авьяастан голдуу хүмүүс байв уу?

-Бид цөмөөрөө л жаахан залуучууд орсон. Зөвлөлтийн мэргэжилтэн бүжгийн багш, найруулагч, хөгжмийн багш, зураач гэсэн таван хүн лав ажиллаж байсан. Бөмбөгөр ногоон театр маань дотор нь ажиллаж байсан урлагийн зүтгэлтнүүд, барилга байшингаараа ч мартагдахгүй сайхан дурсгалын газар байсан.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *