Дотрын их эмч, клиникийн профессор Ё.Наранцэцэгтэй ярилцлаа.
-Сүүлийн үед бүдүүн гэдэсний өвчлөл нэлээн яригдах болсон. Юунаас шалтгаалж бүдүүн гэдэс өвчилж байна вэ?
– Дэлхий нийтээр анхаарал татаж байгаа зүйлсийн нэг нь хүн яагаад өвдөж байна, юунаас шалтгаалж байгаад анхаарлаа хандуулж эхэлсэн. Харин сүүлийн үед бүдүүн гэдсэнд маш том асуудал байна гэдгийг судалж эхэлсэн. Хүний биед ашигтай бактерууд байдаг гэдгийг хүмүүс мэддэг шүү дээ. Гэвч үүнд ач холбогдол төдийлөн өгдөггүй. Тэгтэл эдгээр ашигтай бактерууд хүнийг эрүүл байхын гол үндэс болдог. Бид хоол хүнсээс хэрэгцээт зүйлсээ авч чадаж байна уу, үгүй юу гэдгийн учир шалтгаан гэдсэнд амьдардаг бактертай холбоотой. Бактерийн дутагдлын үед дисбактериоз үүсдэг. Энэ нь гэдсэн дэх ашигтай бактер устаж байгааг хэлж байгаа юм. Хүмүүсийн хэрэглэж байгаа хоол хүнс, эм тарианаас шалтгаалж энэхүү бактерууд устдаг. Устахын хамгийн том нөлөө нь стресс. Бид нийгмийн харилцаанд байнга орж байдаг учраас стрессгүй байна гэдэг боломжгүй. Хэр их стрессдэнэ тэр хэмжээгээр бидний биед байгаа ашигтай бактерууд үхэж байдаг. Харин бидний хоол хүнснээс хамаарч өөрөө буцаад өсөн үржих чадвартай бактер. Тиймээс бид хүнсэндээ шинэ ногоо, жимс хэрэглэх хэрэгтэй. Мөн зөвь зохистой хоолны хэрэглээ эрүүл амьдрах нөхцөл болдог. Хүний биеийн жингийн 2-3 кг-ыг нь ганцхан энэ бактери эзэлдэг. Хүний биед амьдарч байгаа ашигтай бактерууд өвчин үүсгэгч бактеруудтай хамт амьдарч байдаг. Энэ хоёрын тэнцвэрт харьцаанаас хүний биеийн дархлаа, хоол боловсруулалт зэрэг бүх зүйл шалтгаална. Эдгээр бактерууд бидний биед орох олон төрлийн витамин, уургуудыг хооронд нь нийлүүлж дахин шинэ уураг болоход тусалдаг. Эрүүл хооллолтын гол учир нь гэдсэн дэх бактериа хэвийн байлгах юм. Энэ бактерууд эслэгээр хооллодог. Эслэгийн нөлөөгөөр өөрсдөө тэжээгддэг гэсэн үг. Нэр нь сүүн хүчлийн бактер. Монголчууд эрт үеэс л хүүхдийг багаас нь зуны цагт тараг уулгаж сүүн хүчлийн бактерийг нь үржүүлж өгдөг байсан байгаа юм. Хэвийн бактеруудын үйл ажиллагаа алдагдаад ирвэл хүний биед ялзрах процесс маш өндөр явагддаг.
-Бүдүүн гэдэс өвчилснийг ямар шинж тэмдгээр мэдэх вэ?
-Хамгийн түрүүнд өөхний бодисын солилцоо алдагдаад эхэлдэг. Цусандах өөх тосны хэмжээ ихэсдэг. Ингэснээр зүрх судас, чихрийн шижин өвчний эх үүсвэр бий болж байгаа юм. Нэг өвчин үүсэхэд ганцхан энэ зүйл нөлөөлөөд байгаа юм биш. Гэхдээ маш том нөлөөлөх хүчин зүйл нь болж байдаг. Бид гэдсэндээ маш их анхаарах хэрэгтэй болсон гэдгийг сүүлийн үеийн судалгаанууд харуулж байна. Монголын эмч нар ч энэ тал дээр нэлээн анхаарч ажиллаж байгаа. Хоол боловсруулахын эмч нар энэ чиглэлээр ид ажиллаж, судалж байна. Манайд илрүүлэхэд хүндрэлтэй. Бид өвчтнөөс амаар асууж байж мэддэг. Өвчин байна гэдгийг мэддэг ч хэддүгээр үе дээрээ явж байгааг илрүүлэхэд хүндрэлтэй. Энэ төрлийн шинжилгээг ганцхан гуравдугаар эмнэлэг дээр хийдэг. Шинжилгээг бүх өвчин дээр авч байх хэрэгтэй. Ялангуяа үүнтэй холбоотой бодисын солилцооны гэмтлүүд их гарч ирдэг.
-Бүдүүн гэдэсний гол өвчлөл ашигтай бактер устсанаас үүсдэг гэж ойлгож болох уу. Бүдүүн гэдэс өвдөж эхлэхээр цаашлаад ямар эрхтэнүүд өвчлөх вэ?
-Тийм. Эрүүл хооллож байвал бактери эрүүл байна гэсэн үг. Бүдүүн гэдэсний шархлаанд үндсэндээ хоёр том өвчлөл байдаг. Нэг нь бодисын солилцоо буруу явагдсанаас, бүдүүн гэдэсний шимэгдүүлэх боловсруулах үйл ажиллагаа алдагдсантай холбоотой үүсч байдаг. Бүдүүн гэдэсний үрэвслийн хэд хэдэн өвчлөлүүд байдаг. Бүдүүн гэдсэнд явагддаг бас нэгэн өвчлөл бол бүдүүн гэдэсний аль нэг хэсэг дээр бүдүүн гэдэс зузаараад өөрийнхөө үйл ажиллагааг алдаж нарийсна эсвэл тэлэгдэнэ. Шалтгаан тодорхойгүй бүдүүн гэдэсний шархлаат өвчин гэж байдаг. Голдуу системийн өвчлөлүүд үүнд хамаардаг. Нэгдүгээрт бактеруудын алдагдлаас болно. Бактерууд алдагдалд ороод байгаагийн шалтгаан нь ердөө л буруу хооллолт. Ингэснээр бүдүүн гэдсэнд өтгөн хаталт бий болдог. Бүдүүн гэдэс байнга хөдөлгөөнд оршиж байдаг. Тэгж байж гэдсэнд байгаа хоолыг эхнээс нь доош нь явуулж байдаг. Тэр хооронд хэрэгтэй зүйлсийг нь шимж авч, хэрэггүй нь хэлбэржээд өтгөн болж гардаг. Бүдүүн гэдэсний хөдөлгөөн хэвийн байгаа үгүй нь маш их нөлөөтэй. Хүний сэтгэл санаа, цөсний ялгарал, хоол биед орж ирж байгаа маш олон фермэнтүүдийн нөлөөлөл хамаарна. Архаг өтгөн хаталтын хамгийн муу нь эргээд хүний бие рүү шимэгддэг. Энэ нь хүний арьсан дээр илэрдэг. Бид гэдсээ хэр сайн ажиллаж байна гэдгээ арьсаараа харж болно. Сүүлийн үед хүний арьс маш эмзэг болчихсон. Ихэнх нь бүдүүн гэдэстэй холбоотой. Бүх өвчин гэдсэнд үүсдэг. Улмаар мэдэгдэхгүй байсаар ямар нэгэн өвчний суурь болсон байхыг үгүйсгэхгүй. Бүдүүн гэдэс бүх өвчний аль нэг эрхтэнд очих эх суурийг явуулж байдаг. Үүнээс үүдэн бамбай булчирхай, арьсны өвчнүүд гарч ирж байгаа. Сүүлийн үед мөн D витамин дутагдалд орж байна гэж ярих болсон. Энэ ч мөн ашигтай бактерийн тоо бага байгааг илэрхийлж байгаа юм. Бидний эргэн тойрон бактериас ангид байна гэж байхгүй л дээ Хүмүүс хоносон, халаасан хоол их иддэг. Удаан хадгалсан хоолонд маш олон төрлийн бактерууд байдаг. Ингэснээр олон бактерууд дотроо исэлдэж үржиж зарим нь үхдэг. Исэлдэлт мөн хүний гэдсэнд байдаг хэрэгцээт бактерийг устгадаг. Тэгэхээр эрүүл байя гэвэл нэн тэргүүнд зохистой хоол хэрэглэх нь хамгийн чухал. Биед хэрэгцээт бүх зүйлсээ хоолоороо авч байх ёстой. Нүүрс ус бидний бүх энергийн эх үүсвэр болж байдаг. Мөн эрүүл байхын бас нэгэн үндэс нь ус уух юм. Хамгийн чухал нь гэдсээ хайрлаж байж эрүүл байх боломжтой.