Categories
мэдээ нийгэм

Монгол инженерүүд согтуу жолооч илрүүлэх төхөөрөмж бүтээжээ

Цагдаагийн байгууллага улсын хэмжээнд 2017 онд зам тээврийн ослын шинжтэй дуудлага 92200 орчмыг хүлээн авч, 36500 орчим зам тээврийн осол бүртгэн шалгасны 89.3 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 1500 орчим бүртгэгдэн, ослын улмаас 500 орчим хүний амь нас хохирч, 4712 орчим хүн гэмтэж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад арван тэр бум орчим төгрөгийн хохирол учирсан байна.

Замын хөдөлгөөний тухай хуулийг цусаар бичигдсэн гэж ярьдаг. Цусаар бичигдсэн гэх дүрмийг сахиулахын тулд олон улсын хэмжээнд замын хөдөлгөөний дүрмээ шинэчлэн сайжруулахаас гадна автомашин үйлдвэрлэгчид болон инженерүүд техник технологийн шийдэл хайсаар иржээ. Замын ослыг бууруулахын тулд зайлшгүй тохиолдолд автомашин өөрөө хүний оролцооноос өмнө зогсдог эсвэл асахгүй болох гэх мэтчилэн сүүлийн жилүүдэд цахим системүүд машины хяналтаас гадна жолоочийн биеийн байдалд хүртэл санаа тавьдаг болж хөгжөөд байна. Хамгийн сүүлд гэхэд “Ниссан” компани согтуу жолоочийг илрүүлж жолооны ард суулгахгүй байх төхөөрөмж бүхий машин нийлүүлж байгаагаа мэдэгдсэн.

Тэгвэл монгол инженерүүд ч согтуу жолоочийг илрүүлэх төхөөрөмж бүтээж автомашинд суурилуулахад бэлэн болгоод байгаа аж. Уг төхөөрөмжийн ажиллах зарчим нь жолоочийн амьсгал дахь агууламжид согтууруулах ундааны орц байгаа эсэхийг мэдрэх буюу жолоочийн амьсгалд агуулагдаж байгаа спиртийн молекулуудыг хэмждэг байна.

Ийнхүү согтуурлыг хэмжсэн төхөөрөмжөөс илгээсэн “матаас” Цагдаагийн албаны хяналтын төвд мессеж хэлбэрийн мэдээлэл, байрлалын хамт автоматаар хүрэх юм. Ирсэн мэдээллийн дагуу тухайн тээврийн хэрэгслийн холбогдох хаяг, байрлалын дагуу хамгийн ойр байрлах цагдаагийн пост, албан хаагчид мэдэгдэж, тээврийн хэрэгслийг түр саатуулан шалгаж, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх шийдлийг инженерүүд боловсруулсан нь энэ. Замын цагдаа нар жолооч нарыг зогсоон үлээлгэдгийн хажууд алкоголь мэдрэгч илрүүлэгч технологийг суурилуулснаар хамаагүй хялбар шийдлээр тээврийн ослоос урьдчилан сэргийлж, жолооч нарын сахилга хариуцлагыг сайжруулна гэж цагдаагийн байгууллагаас үзэж буй.

Монгол Улсад “Айзерзоне” ХХК-ийн Мэдээлэл технологийн лаборатори, Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэн, Цагдаагийн ерөнхий газрын мэргэжилтнүүд хамтран хэрэглээний судалгаануудыг гүйцэтгэж бэлэн болгоод байна.Согтуу жолооч илрүүлэх төхөөрөмжийг монгол инженерүүд бүтээжээ

Гадаадын туршлагыг харвал Канад, Франц, Австрали, Сингапур, Япон зэрэг улсад тус технологийг хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүлж эхлээд байгаа аж. Тодруулбал, Канад улсад нийтийн тээвэр болон хурдны замаар ачаа тээвэрлэдэг хүнд даацын авто машинд цагдаагаас батлагдсан журмын дагуу заавал суурилуулдаг бол Австралид такси үйлчилгээ, жуулчдад үйлчилдэг бүхий л тээврийн хэрэгсэл, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэдийн авто машинд суурилуулдаг байна. Сингапурт такси үйлчилгээ болон төр захиргааны үйлчилгээнд явдаг бүх тээврийн хэрэгсэлд энэ төхөөрөмжийг суурилуулж, цагдаагийн газраас хяналт тавьсны үндсэн дээр согтуугаар жолоодох гэмт хэрэг буурсан үзүүлэлт гарчээ.

Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан салбарын сайддаа танилцуулахдаа, 2018 оны хооронд орон нутгийн замд гарсан нийт гэмт хэргийн тоо 7835, гэмтсэн хүн 4908 байгаа бол 2557 хүн амь насаа алдсан харамсалтай тоо баримт байна. Үүнээс Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь аймгуудын замд гарсан осол, гэмт хэргийн тоо ихэнх хувийг эзэлж байгаа нь хүн ам цөөтэй улс орны хувьд маш өндөр үзүүлэлт гэдгийг онцолж байсныг энд дурдая.

Улсын хэмжээнд Тээврийн цагдаагийн албанд 2015-2017 онд нийт 128000 орчим осол хэрэг бүртгэгдсэн шалгагдсаны 2800 орчим нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргасан,үүний 59.7 хувь нь нийслэлд, 40.2 хувь нь орон нутагт гарсан осол байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *