Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэтхэгийн тэмдэглэл

Мумбай хот

Нохой хуцах дуунаар сэрчихэв. Хөдөө гэртээ унтаж байгаа ч билүү гэх нойрмог бодлоо үргээн цонхны хөшиг нээхэд Мумбай хотод дөнгөж үүр хаяарч байлаа. Чийглэг халуун агаарт бүүвэйлэгдсэн мөнх ногоон модод өглөө эртийн гудамжинд сүглийн харагдана. Алсад далайн хөвөө, усан онгоцны дүрс бүдэг бадагхан сүүмэлзэх нь зүүд мэт.

“Энэтхэгт золбин нохой их байдаг. Болгоомжтой яваарай” гэж эндэхийн амьдралыг сайн мэдэх хүний хэлсэн үг нохой харах бүрт санаанд орно. Нээрэн ч тэнд нохой шиг эрх дураараа амьтан алга гэлтэй. Хаа сайгүй ганц нэгээрээ, хэсэг бүлгээрээ тааралдана. Зарим нь эрхлэн хөл долоож налж унах гэнэ. Зарим нь хэрэлдэж зодолдож бүхий л авираа гаргана. Тэдгээр эрх дураараа амьтдын нэг л өглөө эртийн цагаар Мумбай хотыг ийн сэрээж байгаа бололтой.

Өнгөрсөн онд БНЭУ-ын Гадаад харилцааны сайд Монголд айлчилж ирэх үеэр Д.Цогтбаатар сайд санал болгож, жил бүр хоёр орон сэтгүүлчдийг багийг харилцан урьж байхаар болжээ. Үүний эхлэл нь болж Монголын хэвлэл мэдээллийн баг Энэтхэгийн Засгийн газрын зардлаар очоод буй нь энэ юм. Бидний аялал Мумбай-Шинэ Дели-Патна гэсэн маршрутын дагуу үргэлжилсэн юм.

Хүүхдүүд музей үзэхээр явж байгаа нь

МУМБАЙ

Мумбай хот бол Энэтхэгийн худалдаа, эдийн засгийн төв нь. 24 сая хүн амтай нүсэр том хот. Тэнгэр баганадсан орчин үеийн хэв загвар бүхий шилэн барилгуудаас эхлээд ноорхой цоорхой загасчдын хотхон эн зэрэгцэн оршино. Арабын тэнгисээр хүрээлэгдсэн энэ хотын иргэд айвуу тайван. Ер нь энэтхэгчүүд их тайван амгалан хүмүүс санагдсан. Яарч тэвдэж, сандарч агдсан хүн тэнд цөөн. Цаг агаарын байдал, мөнхийн халуун уур амьсгал нь ч хүмүүсийг ийм налгар тайван болгодог болов уу. Хилийн шалган нэвтрүүлэхийн ажилтнуудаас эхлээд дэлгүүрийн худалдагч нь хүртэл бүр нэг налайсан тайван. Хоорондоо юу ч юм ярьж инээлдэнгээ л ажиллана. Манайхан шиг яаруу хүмүүс бол “хурдлаач ээ” гэчихмээр. Харин Мумбайд ч, Делид ч, Патна хотод ч жолооч нар сигналаа хайр найргүй дарахыг чихээ дөжиртөл сонсож явав. Өнгө өнгийн дуут дохио тал талаас хангиана. Орчин үед хүн тэрэг жагсаалаас гарч хаалга, цонх онгорхой гурван дугуйтууд сүнгэнэлдэх болжээ. Мопед, дугуй ч эндхийн гол унаа нь. Үндэсний саари гэх даашинзаа өмссөн бүсгүйчүүд мопедний ард сундалдчихсан, үс гэзэг, өнгө алаг хувцсаа хийсгэн хийсгэн давхина. Нийтлэлч Б.Золбаярын “Уйтан дорнын талст” нэртэй Энэтхэгийн тэмдэглэлд “…Тийн жондойн суусан махлаг хүүхнүүдийн саарины нь ухлаадсаар хөрслөг хөх хар сүвээ зурваслах нь гэгээгүй. Төдийлөн сэтгэл эс татам сүвээгээ тийнхүү сэрүүцүүлж ч юм уу, гандааж явах бүсгүйчүүд бол харьцангуй намба сууж, эр нөхөрт гарсан нь юм болов уу гэмээр ажиглагдана” гэсэн үгс санаанд орж, инээд хүрч явлаа.

Мумбай хотод асуудал болж байгаа зүйл нь замын түгжрэл. Ачаалал ихтэй цагуудад бол манайх шиг таг зогчих болтой юм билээ. Харин дуут дохио хангинуулан давхилдах тэд осол бага гаргадаг. Хэд хоноход замын осол, шүргэлцсэн мөргөлдсөн зүйл л харагдсангүй. Нэг их дүрэм журам мөрддөггүй юм гэхэд тэндхийн жолооч нар цахилгаан товчны зарчмаар замын хөдөлгөөнд оролцдог нь их аятайхан санагдлаа. Нэг нь хүлээж, нэг нь орж гэх мэтээр тасралтгүй урсана.

Мумбай хотын төвд хаа сайгүй замын ажил хийж байна. Хэдэн хороолол дамнасан том том гүүрний ажил үргэлжилж, шинэхэн барилгууд хаа сайгүй сүндэрлэж байна. Манай гэр хорооллын барилгажилт гэдэг шиг өнөө ноорхой загасчдын хотхоныг шинэ барилгууд эзэлж байгаа нь илт, хаяа залган орон сууцны барилгууд барьж байна лээ. Зарим нь аль хэдийнэ ашиглалтад орсон, зарим нь удахгүй орох бололтой. Энэтхэг айлуудын тагт хэлцсэн юм шиг эрээн алаг. Учир юув гэвэл тагтан дээрээ хувцасаа хатаадаг. Халаалт энэ тэр гэсэн юм байхгүй, тэгээд ч чийглэг болохоор дотор хэрийн юм хатдаггүй юм билээ. Тийм болохоор байрнуудын тагт тэр чигтээ угаасан хувцас. Заримдаа замын хажуугийн хашаан дээр хүртэл хувцас, хөнжил гудсаа тохсон харагдана. Энэтхэгийн гудамжинд “Clean India” гэсэн самбар хаа сайгүй тааралдана. Улс даяар ийм төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд төрийн болон хувийн байгууллага маш олон ажил хийж байгааг бид сонсож явлаа.

ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэтхэгийн Хөрөнгийн бирж нь үйл ажиллагаа, цар хүрээгээрээ дэлхийд хоёрт ордог бөгөөд Мумбай хотод байрладаг. Азийн хамгийн ууган бирж юм байна. Хөтөлбөрийн дагуу энэ байгууллагын үйл ажиллагаатай танилцсан юм. Танилцуулгын үеэр “Энэ хөрөнгийн бирж бол энэтхэгчүүдийн үндэсний бахархал. Манай улсад ирж байгаа олон улсын бүхий л хөрөнгө оруулалтын урсгал Хөрөнгийн биржээр дамжиж орж ирдэг” гэж байв.

1994 оноос Энэтхэгийн хөрөнгийн биржийн үйл ажиллагаа идэвхжин сэргэсэн бөгөөд ийм иж бүрэн шинэчлэлийн бодлогын үр дүнд өдгөө дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэглэх хэмжээнд хүрчээ. Хамгийн түрүүнд технологийн шинэчлэл хийсэн нь маш олон хүнд хүрч чаджээ. Тухайлбал, хүмүүст заавал суурин комьпютер ашиглах бус энгийн гар утаснаасаа нэвтэрч орох боломжийг нээж өгсөн байна. Мөн бүх мэдээллийг ил тод, тодорхой болгосон учраас зах зээл өргөжин тэлэхэд гол нөлөө үзүүлсэн гэв. Хөрөнгийн биржид төр хувь эзэмшдэггүй аж. Тэд Америк, Европ, Азийн бүхий л том том биржүүдтэй хамтран ажилладаг гэнэ.

Энэтхэгт компанийн нийгмийн хариуцлагыг хуулиар зохицуулж өгсөн байдаг гэнэ. Сүүлийн гурван жилийн орлогын хоёр хувийг нийгмийн сайн сайхан ажилд зориулах учиртай. Хөрөнгийн биржийн хувьд ашиг орлого нь үргэлж нэмэгдэж байгаа болохоор нийгмийн хариуцлагын хүрээнд хийх ажлын цар хүрээ ч өргөжжээ. Эдний хувьд байгаль орчин, ундны цэвэр ус, сургуулийн өмнөх боловсрол, ахмадын асрамж зэрэг асуудлаар хамгийн алслагдмал хягзаар нутагт хүрч ажилладаг, түүнийг хариуцдаг алба хүмүүстэй ажээ. “Clean India” төслийн хүрээнд “угаалга” арга хэмжээг зохион байгуулдаг. Охидын хүчирхийлэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ч санаа тавьдаг гэнэ. Энэ мэт хийсэн ажлаа бишгүй тайлбарлаж ярилаа. Хөгжлөөс хол, ядуу буурай хүмүүстээ харамгүй тусалдаг юм байна. Гэлээ гээд нэг тэрбум 300 мянга шахам хүний асуудлыг нэг мөр шийднэ гэж байхгүй. Асуудал маш их бий нь ажиглагдаж л явлаа. Харин түүнийг алхам алхамаар, бага багаар шийдсээр яваа ажээ, энэ улс.

“Film city” хотхоны зураг авалтын нэг хэсэг нь

БОЛЛИВУДЫН КИНО ХЭРХЭН БҮТДЭГ ВЭ?

Энэтхэгийн кино, алдартай жүжигчдийг манайхан сайн мэднэ. Баян тансаг орд харш, царайлаг нуруулаг залуус, бүсгүйчүүдийг нь бид киноноос л хардаг. Эх оронд нь очоод Болливудад киногоо хэрхэн хийдгийг сонирхон үзлээ.

Энэтхэг соёлыг хамгийн ихээр түгээж чадаж буй нэгэн чиглэл бол Энэтхэгийн кино урлаг, шоу бизнесийн салбарын хөгжил юм. Энэтхэгийн кино үйлдвэрлэл салбартаа дэлхийд хамгийн том нь бөгөөд жилдээ дунджаар 1000 орчим кино үйлдвэрлэн гаргадаг байна. Энэ нь Холливудын кино үйлдвэрлэлийн хэмжээнээс гурав дахин их үзүүлэлт бөгөөд Хятад, АНУ-ын дараагаар орох дэлхийн гурав дахь том телевизийн зах зээлтэй улс юм.

Мумбайд байх “Film city” хэмээх маш том хотхонд энэтхэг киноны зургийг авдаг. Уул, ус, мод, цэцэг гээд байхгүй юмгүй энэ хотхон харуул хамгаалалт сайтай, хэр баргийн хүнийг нэвтрүүлдэггүй. Тэнд төв оффисоос нь гадна амьдралын бүхий л үйл явдлыг харуулах зорилго бүхий маш олон байгууламж барьжээ. Маш том гоёмсог хаус, цагдаагийн газар, хурим найр хийх сүм дугана, шоронгийн цайз, эртний тосгод гээд байхгүй юмгүй. Гэхдээ тэдгээр байгууламжийг хямд төсөр зардлаар хийдэг аж. Байшингийн хана гэхэд зузаан картон цаас мэт нимгэн байх жишээтэй. Харин өнгө үзэмж бол ярилтгүй сайхан, гоё ганган, гял цал. Ямар дотор нь амьдран суух биш, зураг аваад явахын хооронд бат бөх материалаар хийж, мөнгө гарздаад яахав гэж ханддаг нь илт. Кинонд тоглох амьтад тэр хотхонд бас амьдардаг. “Film city”-д байх төв замыг ихэвчлэн хурдны зам болгон кинонд ашигладаг юм байна. Уран бүтээлчид тэнд кино зураг авъя гэвэл багахан хэмжээний төлбөр төлөөд ажиллана. Харин жүжигчид болон тухайн кинонд гаргах бусад хэрэгслээ өөрсдөө авчрах ёстой.

Биднийг тэнд байх үед хэд хэдэн олон ангит киноны зураг авч таарав. “Хайрынхаа төлөө үхэхэд бэлэн” нэртэй сериал аль хэдийнэ телевизээр гараад эхэлсэн гэнэ. Зам дээрх шуурга, буудалцаан зэргийг харуулсан үйл явдлын зургийг кино урлагт маш хялбархан авчихдаг бололтой. Жижиг ууттай шороог тоос сорогчоор манаргаж ч байх шиг. Зогсож байгаа машиныг хажуунаас нь багахан түлхэн хөдөлгөх нь салхинд дайвалзан, маш хэцүү байгаа дүр зургийг гаргадаг бололтой.

Кино зураг авалтын хотхонд хаанахын хэн ч ирж зураг авах боломжтой, үүд хаалга нь нээлттэй хэмээн менежерүүд нь ярьсан. Бүр Монголын киноны уран бүтээлчдийг ирээрэй хэмээн урьж байна лээ.

ЗАЛУУСЫН ОРОН

БНЭУ 3,29 сая хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд долдугаарт ордог. Нэг тэрбум 300 орчим сая хүн амтай. Энэ нь дэлхийн нийт хүн амын 18 хувь ажээ. Хүн амын 54 хувь нь 26 хүртэлх насны хүүхэд, залуучууд, 65 хувь нь 35 хүртлэх насны залуус. 2020 он гэхэд Энэтхэгийн дундаж нас 29 байх бөгөөд дэлхийн хамгийн залуу орон болж байна. Энэтхэгчүүд дунджаар 68,8 насладаг. Хүн амын 78 хувь нь хинду, 15 нь лал, 2,5 хувь нь христ, 2 хувь нь сикх, 0,8 хувь нь буддын шашинтай. Албан ёсны хэл нь хинду, англи.

1885 онд байгуулагдсан Энэтхэгийн үндэсний конгресс нам /ҮКН/, түүний удирдагч Махатма Гандийн удирдлагын дор дэлхийн II дайны дараа үеэс тусгаар тогтнолын төлөө тэмцэж эхэлсэн. Хүч үл хэрэглэх тухай М.Гандийн онол хэрэгжин, англичууд Энэтхэгийг орхин гарснаар 1947 оны наймдугаар дугаар сарын 15-нд тусгаар тогтнолоо олжээ. 1950 оны нэгдүгээр сарын 26-нд БНЭУ-ыг зарлан тунхаглаж, Үндсэн хуулиа баталсан түүхтэй.

Энэтхэг, Пакистаны харилцаа тус хоёр улс тусгаар тогтнолоо зарласан өдрөөс эхлэн олон янзын бэрхшээлтэй тулгарсаар иржээ. 1948, 1965, 1971, 1999 онуудад зэвсэгт мөргөлдөөнд хүрч байсан. БНЭУ, Пакистаны хооронд Кашмирын, Панжабын гэх мэт өнөөг хүртэл шийдэгдээгүй газрын маргаантай асуудлууд нэлээд бий. Мөн Бангладештай хиллэдэг зурвас газрын зарим хэсэг эцэслэн шийдэгдээгүй бөгөөд Өмнөд талаараа арлын асуудлаар маргаантай.

Биднийг тэнд байх үед мөн Энэтхэг Пакистаны хооронд хилийн мөргөлдөөн болж, байдал хэсэг хугацаанд хурцадмал болсон. Тэр үеэр нисэх онгоцны буудал болон онцгой газруудын хамгаалалт их хүчтэй болсон байсан. Хаа сайгүй буутай цэрэг цагдаа харагдаад эхэлсэн юм. Ер нь Энэтхэгт зочид буудлаас эхлээд төрийн байгууллага, томхон хувийн хэвшлийн байгууллагад ороход заавал цүнх саваа рентгенээр нэвт харуулж, биедээ зэсвэгтэй эсэхээ хянуулдаг. Харуул хамгаалалт нягт, сайн бөгөөд камерын хяналт ч давхар тавьдаг.

Үргэлжлэл бий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *