Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан 2019 оны гуравдугаар сарын 02-08-ны өдрүүдэд Япон улсад айлчилж “Инженер, технологийн дээд боловсрол” 1000 инженер төслийн Япон дахь хэрэгжилттэй өөрийн биеэр танилцлаа. Айлчлалын үеэр төслийн хугацааг нэг жилээр сунган хэрэгжүүлэх санамж бичгийг Жайка ОУХАБ тай байгуулж хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр нэмэлт санхүүжилт хийхгүйгээр дахин 120 оюутныг уг төсөлд хамруулан сургах боломж бүрдэж байгаа юм.
Инженер технологийн дээд боловсрол төсөл нь “Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх; инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх; багшлах хүний нөөцийг бэхжүүлэх, сургалт, судалгааны орчныг шинэчилж, чанарыг сайжруулах” ерөнхий зорилготой. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 5 жилийн хугацаанд нийт 423 оюутан, багш, судлаачдыг Япон улсад мэргэжил олгох, дээшлүүлэх сургалт, судалгааны ажлуудад хамруулсан байна. Үүнээс Коосэн сургалтын хөтөлбөрөөр-85, Бакалаврын түвшинд-55, Магистр, Докторын зэрэгт-74, Зэргийн бус сургалтад-209 багш, судлаачид хамрагдсан байна.
Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан айлчлалынхаа үеэр Япон Улсад сурч буй оюутнуудтай уулзаж ,техник, технологи, судалгаа шинжилгээний өндөр ур чадварыг эзэмшихийн хажуугаар Япон хүний аливаа ажлыг хариуцлагатай хийдэг зөв хандлага, итгэл даах өндөр ёс зүйтэй зан чанараас суралцахыг захилаа.