Categories
мэдээ цаг-үе

Кубад Элчин сайдаар сууж байсан, шинжлэх ухааны доктор Цэдэндамбын Батбаярынд өнжлөө

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монгол Улсын түүхийн шинжлэх ухааны доктор, нэрт дипломатич Цэдэндамбын Батбаярынд өнжсөн тэмдэглэлээ хүргэе. Эл эрхэм 20152018 оныг хүртэлх гурван жил гаруй хугацаанд Бүгд найрамдах Куба улсад Монгол Улсаа төлөөлөн Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байсан нэгэн. Өдгөө Гадаад харилцааны яамны Америк Ойрхи Дорнодын газарт зөвлөхийн алба хашиж байна. Тэрбээр хуучнаар Ленинград буюу СанктПетербургийн их сургуулийн Дорно дахины факультетийг дорно дахины судлаач, Японы түүхч мэргэжлээр төгсчээ. Орос, англи, япон, хятад хэлийг жигд эзэмшсэн Монголын анхны түүхч хэмээн нэрлэгддэг юм билээ. Харин эрдэмтэн доктор өөрөө тун даруу. Нүдээрээ зөөлөн инээмсэглэчихээд л сууж байна. Гэвч түүний хэн болохыг ямархан чадал чансаатай эрдэмтэн, нэртэй дипломатич болохыг нь асар баялаг номын сан, өөрийнх нь судалж туурвисан олон арван бүтээл, мөнхүү Монголын болоод дэлхийн нэртэй эрдэмтдийн үнэлсэн үнэлгээ хэлээд өгнө. Ёстой нэг өмнөөс нь ярина гэдэг шиг хэлээд өгч байгаа юм.

“Ц.Батбаяр бол XX зууны Монголын улс төрийн түүхийг судлах нөр их ажлыг төрийн алтан аргамж болсон дипломат албатай хослуулан хос морьтой холын замыг туулж буй ховорхон заяаны эзэн. 1998 онд Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнд “Монгол ба ЯпонXX зуунд” сэдвээр түүхийн шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалснаар хорьдугаар зууны Монголын түүх бичлэгт Япон, Орос, Хятад зэрэг гадны хүчин зүйлийн нөлөөллийг цоо шинээр судалж, чухал гаргалгаа хийсэн анхны түүхч эрдэмтэн болж үнэлэгдсэн юм” хэмээн “XX зууны Монгол: Түүх, соёл, геополитик, гадаад харилцааны тулгамдсан асуудлууд” номонд өгүүлснээс зурвасхан харахад хэн болох нь мэдрэгдэх ажгуу.“Наян нэгэн онд Ленинградын их сургуулийг онц дүнтэй төгсөөд улаан диплом сугавчилсан сүрхий нөхөр ШУАийн Дорно дахины хүрээлэнгийн хаалгыг татаж байлаа. Тэгэхэд ёстой нөгөө луугарууд чинь угтсан даа” гэж Батбаяр доктор хэлж байна. Луугарууд гэдэг нь Монголын шинжлэх ухааны оргилуудын нэг, дэлхийн нэрт эрдэмтэн хөдөлмөрийн баатар Шагдарын Бира, мөн нэртэй эрдэмтэн судлаачид болох Нямбуугийн Ишжамц, Лхамсүрэнгийн Жамсран, Чулууны Далай, Гүнжийн Сүхбаатар нар. Жинхэнэ аваргуудын гар дээр ирэх хувь заяа мөн л түүнд оногджээ.

Наян дөрвөөс наян долоон онд Оросын ШУАийн Алс Дорнодын хүрээлэнгийн аспирантурт суралцаж хятад, дорно дахин судлалаар түүхийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан байдаг. Сонирхуулахад, аспирантурт явж суралцах, цаашдаа эрдмийн зэрэг хамгаалах үүд хаалга нь цэргийн албанаас эхлэлтэй аж. Түүнийг Дорно дахины хүрээлэнд нэг жил ажиллаж байхад нь буюу 1982 онд цэргийн албанд татжээ. Нам төрийн даалгавар, буцах эрх хэнд ч байхгүй. Орбитын барилгын цэргийн ангид хуваарилагдан тангаргаа өргөчихсөн байж байтал Бира захирал нь санд мэнд очиж “Онц дүнтэй төгсөж ирсэн шилдэг залуу эрдэмтнийг аваад явчих нь юу вэ” хэмээн харамсангуй хэлээд тэр жил нь гаргаад авчихаж. “Чи ер нь аспирантурт явж суралц.

Тэгэхгүй бол цэрэгт татагдаад юун эрдэмтэн болох цэргийн дарга л болно” гэж Бира гуай хэлээд өнөөгийн нэрт эрдэмтний зам мөрийг нь зааж өгсөн ачтай. “Наян долоон онд аспирантур төгсөж ирээд гурван жилийн дараа 33 насандаа хүрээлэнгийнхээ захирал болдог юм байна. Академийн ерөнхийлөгч Содном гуай өрөөндөө дуудаад “Чамд маш их итгэл найдвар хүлээлгэж байна шүү. Цэл залуухнаараа хүрээлэнгийн захирал боллоо. Их том хариуцлага гэдгийг ойлгож байгаа биз, нөхөр минь” гэж захиж байсан гэдэг. Монголын Шинжлэх ухааны академийг олон жил удирдсан буурал эрдэмтэн Содном гуайн захиасыг марталгүй, итгэл найдварыг нь алдалгүй өнөөг хүрч дээ гэх бодол тухайн агшинд төрж байлаа. “Би яах вэ, хийдэг юмаа хийгээд Монголын төр хаашаа яв, юу хий гэнэ үү, тэрхүү үүрэг даалгаврыг нь гүйцэтгээд явж байгаа. Харин миний бахархал бол миний хань юм. Намайг сүрхий магтах гэхээсээ ханийн минь гавьяаг сайтар гаргавал ах нь баярлана” гэж хэлсэн нь сайхан санагдлаа. Ц.Батбаяр дипломатчийн гэргийг Пунцагийн Доржпагма гэдэг. Монголын төгөлдөр хуурын эрхэмсэг хатан. Дэлхийд алдартай Ленинградын Римский-Корсаковын нэрэмжит Консерваторийг төгсөж ирээд хуучнаар Хөгжим бүжгийн коллеж буюу одоогийн Монгол Улсын Консерваторид тасралтгүй 30 шахам жил ажиллан,мэргэжлийн олон шилдэг шавь нарыг төрүүлснээс гадна Монголын сонгодог урлагт төгөлдөр хуурын гоцлооч хөгжимчний орон зайг хорь гаруй жил нэр төртэй авч ирсэн гавьяатан юм. Тиймдээ түүнийг Монголын төгөлдөр хуурын эрхэмсэг хатан гэж цоллох нь бий.

Өнжиж буй айлд маань шороон гахай жилийн босгон дээр нэгэн баярт мөч тохиожээ. Тэр нь гэрийн эзэгтэй Пунцагийн Доржпагма Монгол Улсын Консерваторийн дэд профессорын хүндтэй шагналыг хүртсэн явдал юм. Хөгжим бүжгийн коллежийг Консерватори болгоход Пагма багшийн гавьяа өндөр байсан. Мэргэжлийн аварга багш нартайгаа хамтарч Консерваторийн сургалтын программыг боловсруулжээ. Орос хэлнээс заримыг нь орчуулсан гэж байгаа.

Түүний төгссөн Ленинградын Консерватори бол домогт Леонид Николаевын дэг сургалттай гэдгээрээ дэлхийд зартай. Эл сургуулийн бүтээгдэхүүний хувьд, Леонид Неколаев профессорын шавийн шавь алдарт Марина Петровна Савва багшаар хичээл заалгасан хүний хувьд Пагма багш Монголын Консерваторийн сургалтын программыг гаргалгүй яахав. Энэхүү түүхэн гавьяаг нь өөрийн хүч хөдөлмөр, авьяас билэг, ур ухаанаа зориулсан хүндэт сургууль нь үнэлсэн байх. Мөн Монголын сонгодог урлагийн төгөлдөр хуурын урын санг баяжуулсан гавьяаг нь онцгойлсон нь мэдээж. Эрдэмтэн судлаачид “Дэд профессор биш, жинхэнэ профессор нь юм биш үү” гэж хэлж, үнэлж байсан гэнэ. Удахгүй жинхэнэ нь болох байх аа хэмээн даруухнаар хэлэв. “Миний шагнал бол миний шавь нар” гэж Монголын утга зохиолын судлал шүүмжлэлийн эцэг Цэрэндоржийн Мөнх гуай хэлсэн байдаг. Түүн шиг Доржпагма багш “Миний гавьяа бол миний шавь нар” гэж цаанаа л эрхэмсэг бардмаар хэлж байна. Ингээд шавь нараа дурссаныг нь нэмэр хачиргүйгээр сонирхуулъя.

“Сангидоржийн Сансаргэрэлтэх, Гэрэлчулуун, Энхмаа гээд анхны шавь нар байна. Энхмаа Сөүлд докторын зэрэг хамгаалж байгаа. Дараа нь До.Отгонбаатар, Бодьгэрэл, Одгэрэл, Уранхүү, Нямсүрэн, Лхагвасүрэн, Жавхлан гээд цааш нь бүгдийг нь нэрлэмээр байх юм. Түмэннасангийн Нямсүрэн маань сургуулийнхаа мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн эрхлэгчээр олон жил сайн ажиллаж байна. Миний бие төгсөж ирээд сургуульдаа арав гаруй жил ажилласныхаа дараа одоогийн Ардын багш Цэрэндорж захиралд нэгэн санал тавьсан юм. “Гадаадын уралдаан тэмцээнд сайн сурагчдаа явуулмаар байна” гэдгээ хэлсэн. Захирал ч маш сайхан дэмжсэн. Нямсүрэн, Лхагвасүрэн, Сансаргэрэлтэх нар хуучнаар Свердловск зэрэг Оросын хотуудад очиж төгөлдөр хуурын ангид амжилттай суралцсан. Сансар (Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Чойгивын Сангидоржийн хүү)мэргэжлийн төгөлдөр хуурын дунд шатыг Монголдоо гүйцээгээд Москвад суралцан аавынхаа мэргэжлийг өвлөж хөгжмийн зохиолч болсон. Банзарын Лхагвасүрэн Свердловскийн хөгжмийн их сургуульд сураад Хөгжим бүжигтээ ирж мэргэжлийн төгөлдөр хуурын багшаар ажилласан. Мөн симфони найрал хөгжмийн удирдаачийн сургуулийг давхар төгсөж Улсын филармонид ажиллаж байсан. Америк, Орос, Хятад, Шинэ Зеланд, Куба зэрэг орнуудад тоглолт хийн Монголын урлагийг сурталчилсан. Дуурь бүжгийн эрдмийн театрт 20 гаруй жил ажиллаж байгаа Гэрэлцэцэг байна. Удирдаач, гавьяат Туулайхүүгийн охин. Шавь минь Дуурийн театрын тайзнаа балетын сонгодог жүжгүүдийг дохиж байна. Аавынхаа мэргэжлийн өвлөж удирдаач болсон. Алдарт “Хунт нуур”-ыг дохилоо. Сүүлд “Спартак”-ийг маш гайхалтай удирдлаа. Филармонид ажиллаж байгаа Энхбаярын Намуун байна. Хөгжим бүжгийг төгсөхдөө Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн төгөлдөр хуурчдын улсын уралдааны “Гран при” авч байсан. Намуунаас гадна Т.Пүрэвсүх, До.Отгонбаатар гээд миний гурван шавь филармонид ажиллаж байна. Уранхүү маань сургуулийнхаа онолын тэнхимийн багш болоод явж байна” хэмээн өгүүлсэн. Тэрээр шавь нараа мэргэжлийн урлагийн байгууллагад нүүр царай нь болж, их урлагийн тэнгэрт нэртэй мөртэй яваад нь сэтгэл дүүрэн байдгаа илэрхийлсэн. Тав зургаахан настай жаалхан хүүхдүүд өөр дээр нь ирээд нэг л мэдэх нь Монголын сонгодог урлагийг дэлхийд сурталчилсан хөгжимчид болоод мандахад нь ямар их баярладаг нь мэдээж. Шавь нарынхаа тухай ярихад хоёр нүднээс нь гэгээ гэрэл цацарч, тийм нэг бахдал дүүрэн эрхэмсгээр төгөлдөр хуураа налан суусан юм.

Монгол Улсын Консерватори төрийн шагналт, ардын жүжигчин Самбын Гончигсумлаагийн нэрэмжит. Тэгвэл Монголын хөгжмийн оргил Гончигсумлаагаас Доржпагма багш Ленинградын хөгжмийн их сургуульд явна гэдгээ сонссон байдаг. Хаврын нэг өглөө Хөгжим бүжгийн сургуулийн бага ангийн жаалхан охин сургуулийнхаа хашаан дотор дээс тоглоод зогсож байтал Гончигсумлаа захирал улаан шкода машинтайгаа ирээд зогсов гэнэ. Машинаас баахан дэвтэр ном гартаа барин бууж, тамхиа зуучихсан алхалж явахдаа “Хөөе Пагма чи нааш ир” гэж дууджээ. Гүйгээд очтол “Ээж аавыгаа ирж уулз гэж хэл. Намайг дуудуулж байна гэж хэл. Чи хойшоо сургуульд явах болсон шүү” гэж дуулгах нь тэр. Юм гэдэг тийм л сайхан байдаг хойно доо. Пагма багшийн төрсөн эгч Пүрэвдаваа нь Монголын анхны төгөлдөр хуурчдын нэг юм билээ. “Манай аялгуу” кинонд Цогзолмаа гуайн ард төгөлдөр хуур тоглоод сууж байгаа хүн чинь миний эгч шүү дээ гэж тодотгосон. “Би чинь хойно сургуульд байхдаа дандаа л онц авдаг, үлгэр жишээ нэгэн байлаа. Миний зургийг Улаан-Үүдээс ах минь авчирч байсан түүх ч бий” гэв. Ах гэдэг нь Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн кино найруулагч Дэмидийн Хишигт гуай. Өдгөө наян насны сүүдэр зэрэгцэж буй тэрээр монгол киноны амьд архив болсон нэгэн. “Гарьд магнай”, “Тод магнай”-г Шаравын Сүрэнжав найрагчтай хамтарч бүтээсэн Хишигт гуай Пагма багшийн эгч Пүрэвдаваагийн хань ажээ.

“Та ч Монголын урлагийн алтан үеийн бурхдын дунд явж дээ” гэж хэлэхэд Доржпагма багш “Нээрээ ч тийм байх шүү” хэмээн хүлээн зөвшөөрсөн шиг толгой дохиж суусан. Элчин сайд хань шигээ бас л туйлаас даруу нэгэн ажээ. Монгол Улсын ардын жүжигчин, хөгжмийн өрлөг ижий Очирын Дашдэлэг гуайн хамт анх тайзнаа гарснаа мартдаггүй. Дашдэлэг гуай буурал үсээ хүүхэд шиг хоёр салаа сүлжчихсэн ёочин хөгжмөө тоглож байсан гэх. “Ардын жүжигчин Дашдэлэг, хамгийн залуу төгөлдөр хуурч Доржпагма нар” гэж театрын тайзнаа зарлуулсан нь эргэн санахад сайн байлгүй яахав. Анх удаа тайзнаа гарахдаа Дамдинсүрэн, Гончигсумлаа, Дашдулам, Чулуун нарын суутнуудын багш,ардын жүжигчний алдар дор зарлуулсан нь үнэндээ бахтай юм. Пагма багшаас мэргэжлийн төгөлдөр хуурчийнх нь хувьд Монголын сонгодог урлагийн урын санг хэрхэн баяжуулсан тухай асуухад тоймтой хариулт өгөөгүй. Харин түүний өмнөөс хөгжим судлаач, соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг ийн хариулж байна. “Оросын хөгжмийн суут зохиолч С.Рахманиновын төгөлдөр хуурын хоёрдугаар болон гуравдугаар концертыг симфони найрал хөгжимтэй төрийн шагналт, ардын жүжигчин Ж.Чулуун гуайн удирдлагаар анх удаа тоглож байсан. Барагтайд үг унагадаггүй Ж.Чулуун гуай хөгжимчний хувьд үнэхээр мундаг юм гэж Доржпагмыг магтаж байсан. Далаад оны үед С.Гончигсумлаа гуай төгөлдөр хуур найрал хөгжимд зориулсан симфони концерт бичсэн. Үүнийг Доржпагма л тоглож Монголын радиогийн алтан фондод бичүүлсэн. Чайковскийн нэрэмжит олон улсын сонгодог хөгжмийн уралдаанд Чулууны Чинбат, Доржпагма хоёр л Монголоос оролцож байсан” гэв.

Тэр жил Бал дарга Монголын урлагийн сор болсон хэдхэн хүнийг Их тэнгэрт урьж гадны тусгай зочдод тоглолт үзүүлжээ. Тэнд ардын жүжигчин А.Хавлааш, Д.Баадайжав, Ч.Мөнхшүр, Тувааны Цолмон, гавьяат жүжигчин Д.Банди, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Чинбат нар уригджээ. Энэ хэд дунд өдгөө гавьяат ч үгүй ганц эрхэм байгаа нь Пунцагийн Доржпагма багш. Бал даргатай тэр хэдийн Их тэнгэрт авахуулсан зураг түүхийн гэрч болон үлдсэн байх юм. Батбаяр докторын гэргий Монголын сонгодог урлагт ийм л онцгой гавьяатай нэгэн. “Хань минь миний бахархал, надаас илүү гавьяатай” гэсэн нь яахын аргагүй үнэн ажгуу.

Гэрийн эзэн баялаг дүүрэн номын сангийнхаа өмнө зогсохдоо “Миний бүтээлүүдээс хамгийн их бахархал төрүүлдэг нь энэ ном юм” хэмээн “Монгол ба их гүрнүүд XX зуунд” ботийнхоо нэгдүгээр дэвтрийг үзүүлэв. Хоёр мянга зургаан онд энэхүү ботийг хэвлүүлжээ. “Уг ботид 1911-1950 онуудад их гүрнүүдээс Азийн эх газрын талаар явуулсан бодлогын өргөн дэвсгэр дээр Монгол Улсын дотоод, гадаад улс төрийн байдал хэрхэн хувирч өөрчлөгдөж ирсэн, ялангуяа 1924-1950 оны хооронд БНМАУ-ын талаарх Зөвлөлтийн, тухайлбал Сталины бодлогод Хятад, Япон зэрэг бусад их гүрнүүдийн хүчин зүйл хэрхэн нөлөөлж ирснийг үзүүлэх зорилго тавьсан” гэдгээ сонирхуулав. Мөн зохиолынхоо төгсгөлд Гадаад Монголын статус-квог хүлээн зөвшөөрүүлэх асуудлаар Их гүрнүүдийн байр суурийг харуулахыг зорьсон байна. Тухайлбал, Монголын тусгаар тогтнолын талаарх Чан Кайши, Гоминьданы Хятадын байр суурь, мөн Мао Зэдун, Хятадын Коммунист намын байр суурь аль алиныг тодруулснаа хэлсэн юм. Гучаас дөчөөд онд Японы хүчин зүйлийн нөлөө их байсныг, гучаад оны их хэлмэгдүүлэлт, мөн Халхын голын дайны тухай гээд “Хорьдугаар зуун” ботийнх нь эргэн тойронд баахан хуучиллаа. Монголын сэхээтнүүд Японы тагнуул байгаагүй юм шүү дээ гээд инээж байна. Орос, англиас гадна япон, хятад хэлийг төгс эзэмшсэний хувьд энэхүү том судалгааны бүтээлийг туурвихад гадны эх сурвалжууд гол нөлөө үзүүлсэн нь дамжиггүй. Энэ тухай Жигжидийн Болдбаатар академич болон Японы Хитоцубаши Их сургуулийн профессор Танака Кацухико нарын олон эрдэмтдийн үнэлгээ бий.

Бид хоёрын түүхийн судалгааны яриа үргэлжилсээр Гадаад харилцааны яамтай холбогдон улмаар Кубад Элчин байсан тухай нь хөвөрлөө. ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд 20 жил ажиллахдаа сүүлийн арван жилд нь захирлын алба хашсан түүнийг ерэн найман онд тухайн үеийн Гадаад харилцааны сайд Ням-Осорын Туяа яаманд ажиллахыг санал болгожээ. 1998-2000 онд Гадаад харилцааны яамны Нэгдсэн бодлогын газрын даргаар ажиллаад, 2003-2006, 2009-2012 онд хоёр удаа өмнөд хөршид дипломат албанд зүтгэсэн байна. “Монголын Хятадын харилцааны эрчимтэй хөгжлийн үед БНХАУ-д дипломат албанд ажиллах ховор боломж олдсон” гэв. Харин 2015 оны нэгдүгээр сард УИХ-аар орж Кубын Элчингээр томилогджээ. “Лодойдамба зохиолчийн хүү Лаост элчин байгаа Галбадрах, Энэтхэгийн элчин Ганболд, Тайландад сууж байгаа Төмөрхүлэг гуайн хүү Төгсбилгүүн гээд наймуулаа Их хурлаар орж байлаа” гээд 60 жилийн уламжлалт харилцаатай Кубын тухай өгүүллээ. “1960 онд анх Кубад хувьсгал ялахад хүлээн зөвшөөрсөн анхны орнуудын нэг нь Монгол Улс юм. Латин Америкаас Монголтой харилцаа тогтоосон анхны орон нь Куба. 1970 онд Кубын Хувьсгалт зэвсэгт хүчний яамны сайд байсан Рауль Кастро Монголд айлчилж байсан. 1972 онд Бал дарга айлчилсан. 1984 онд Жамбын Батмөнх гуай Сайд нарын зөвлөлийн дарга байхдаа айлчилж Монгол Кубын найрамдлын гэрээг байгуулж байсан. 1990-1996 он хүртэл харилцаа зогсонги байдалд байсан. Ерэн оны сүүлчээс эргээд сэргэсэн. Би 17 дахь элчин нь юм билээ. Анхны элчин нь Багаа гуай 1963-1965 онд ажилласан. Тэгээд Б.Готов гуай, Ө.Сүх-Очир, Д.Батаа гуай, Х.Дамдин гуай, О.Цэнд гуай гээд үргэлжилнэ. Надаас өмнө О.Даваасамбуу элчин сайд байсан” гэв.

Домогт Фидель Кастро, Че Гевара нарын нэрийг багаасаа сонсч өссөн түүнийг элчин байх хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж төрийн айлчлал хийжээ. 32 жилийн дараа Монголын төрийн тэргүүн Кубад айлчилсан нь Элчин сайдын бас нэг бахархал, нэр хүнд байх нь мэдээж. Элэгний гепатит В, С вирусийн эсрэг интерферон, сахарын өвчний сүүлийн шатны хөл шархлалтанд хэрэглэдэг хеберфрот тариа зэргийг Монголдоо оруулж ирэхийг Батбаяр сайд чармайн ажилласан байна. Куба орон биотехнологи, анагаахын шинжлэх ухаанаараа дэлхийд тэргүүлдэг. Элэгний вирусийн эм, сахрын тариа Монголд хамгийн их хэрэгтэйг тэр мэдэрчээ. Олон хүн сахрын өвчнөөс болж хөлөө тайруулахад хүрдэг. Энэ байдал удахгүй зогсоно гэж хэлсэн. Хеберфрот эмийг “Сонгдо”-д авчиран 30 орчим хүн тариулж үр дүн нь гарч буйг дуулгалаа. Цаашид улсын эмнэлгүүдэд өгөх талаар ярьж байгаа гэнэ. Хүн төрөлхтний хосгүй уран барилгын нэгэнд зүй ёсоор тооцогддог Гаванын их театрын өмнө гэргийтэйгээ авахуулсан гоёмсог зураг, мөн тус театрт Монгол Улсын гавьяат жүжигчин, дэлхийн шилдэг балетчидын нэг Дугараагийн Алтанхуягийг урьж тоглуулсан, Санта Клара хотод байх алдарт Че Геварагийн хөшөө болон Сантьяго хотын бульварт бага хүү Түвшинбаяртайгаа зугаалсан гээд Кубын он жилүүдийг дурсаж яаж барах билээ.

“Танай гэр бүлийн найзууд хэн байна” гэхүйд академич Ж.Болдбаатар, Түүхийн хүрээлэнгийн захирал дөнгөж саяхан академич цол хүртсэн С.Чулуун, доктор Н.Хишигт, цэргийн түүхч Г.Мягмарсамбуу нарыг нэрлэлээ. Дипломатчдаас Дашдоржийн Баярхүүг нэрлэж байна. Египитийн Кайрт элчин байсан Баярхүү судлаач тэр хоёр их л дотны нөхөд аж. Францад, Лаост элчин байсан соёлын гавьяат Т.Төмөрхүлэг гуайг, мөн испани хэлний хүмүүн нэртэй дипломатич Гуудайн Төмөрчулуун нарыг нэрлэсэн юм. “Манай хүн чинь гадагшаа яваад ирэхээр тухайн орныхоо онцлогийг харуулсан зураг хөрөгтэй аяга авчирдаг” гэж Пагма багш хэлээд, Индиана их сургуульд лекц уншихдаа авчирсан аяга нь энэ байна гээд харуулж байна. Токиогийн гадаад хэлний их сургууль, мөн Бээжингийн их сургууль гээд олон сургуульд уригдаж лекц уншжээ.

Америкийн А.Кемпи, Роберт Скалапино, Австралийн Игор Рахевильц, Оросын В.В.Грайворонский, Г.С.Яскина, Германы Клаус Загастер, Канадын нэрт эрдэмтэн Роберт Бедески, Эрхүүгийн Ю.В.Кузьмин нарын дэлхийн нэрт монголч эрдэмтэдтэй уулзаж учирч, бүтээл туурвилаа солилцож, өөрийгөө үнэлүүлж дүгнүүлж явааг нь бодохоор гахайлтай. Зургийнх нь цомог тэр чигээрээ дэлхийн түүх юм шиг санагдсан. Эрхэм докторын ижий аав нь Хэнтий аймгийн Батширээт сумын хүмүүс. Эцэг Будын Цэдэндамба нь хүний эх эмчээр, эх Чимидийн Жавзмаа нь сувилагчаар бүхий л насаараа ажиллажээ. “Би чинь ижий аавынхаа ажилч чанар, аливааг эхэлбэл заавал ч үгүй ард нь гарч санаа амардаг ясных нь занг дуурайсан хүн” гэж хэлнэ билээ. Тэднийх гурван хүүхэдтэй, зургаан зээтэй болоод байна. Том охин Хонгорзул нь наян оны Москвагийн олимпийн жил төржээ. МУИС-ийн япон хэлний анги төгсч аавынхаа мэргэжлийг өвлөсөн бол дараагийн охин Өлзийсайхан Англид бизнесийн удирдлагаар сургууль дүүргэсэн аж. Харин бага хүү Түвшинбаяр нь мөн Их сургуулийн Олон улсын харилцааны сургууль төгссөн гэнэ. Монголын түүхийн шинжлэх ухааны нэрт эрдэмтэн, Элчин сайд, дипломатич эгэл даруухан эрхмийнд өнжсөн тэмдэглэлээ хүргэхэд ийм буюу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *