Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажиллана

Олон улсын эмэгтэйчүүдийн баяр угтсан “Сайхан монгол ээж” 1000 ээжийн баяр Төрийн ордонд боллоо. Энэхүү арга хэмжээг УИХ, Засгийн газрын эмэгтэй гишүүд санаачилж, Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд хүрэлцэн ирсэн ээжүүдэд баярын мэнд хүргэж, үг хэлэхдээ охид, эмэгтэйчүүд, ээжүүдийн төлөө Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа болон төлөвлөж буй ажлын талаар танилцууллаа. Тэрбээр,

Манай улс хүйсийн тэгш байдын үзүүлэлтээр дэлхийн 190 орноос 68 дугаар байрт бичигдэж байна. Энэ муу үзүүлэлт биш. Гэхдээ тайвширч болохгүй. Гэр бүлийн хүчирхийлэлд хамгийн ихээр өртөж байгаа хүмүүс бол манай охид, эмэгтэйчүүд байсаар л байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлан хэрэгжүүлснээр энэ гэмт хэрэг буурч байна. Гэхдээ хүчирхийлэл байсаар л байна. Эмэгтэй хүн ойлгогдох гэж биш хайрлагдах гэж, зовох гэж биш жаргах гэж төрсөн гэдэг. Үүнтэй би санал нэг байдаг.

Өнөөдөртөрийн албанд ажиллагчдын 60 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Гэсэн ч эмэгтэйчүүдийн дундаж цалингийн хэмжээ эрчүүдийнхээс доогуур байсаар байна. Энэ асуудлыг бид шат дараатайгаар, шударгаар шийдвэрлэх болно гэж Ерөнхий сайд хэллээ.

Монгол Улсын Засгийн газраас хүн амаа өсгөн нэмэгдүүлэх бодлогын нэг хэсэг болох “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 2018 оноос эхлэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх бүр сар болгон 50000 төгрөгийн тэтгэмж авах бололцоог бүрдүүлсэн. Түүнчлэн 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд нэг удаа тэтгэмж олгож эхэлсэн. Ахмадууддаа “Насны хишиг” олгон тэтгэврийн зээлийн хүүг буурууллаа. Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулж, өндөр настны тэтгэврийг нэмэгдүүлэн, оюутны сургалтын зээлийн хүүг тэглэсэн зэрэг чамлахааргүй ажлыг хийж хэрэгжүүлж байгаа юм. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газар цаашид ч онцгой анхаарч ажиллана гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *