Categories
мэдээ нийгэм

Хонконгийн их сургуулиас Монголын их, дээд сургуулийн багш нарт сургалт хийлээ

Хонконгийн их сургуулиас Монголын их, дээд сургуулийн багш нарт сургалт Хонконгийн их сургуулийн Боловсролын факультетын багш нар БСШУСЯ-ны захиалгаар “Заахуй, суралцахуй болон үнэлгээ” сэдэвт сургалтыг 3 дугаар сарын 2-7-нд хот, хөдөө орон нутгийн их, дээд сургуулийн 58 багшид явуулж байна. Энэ сургалт нь 1. Сургалтын хөтөлбөр, заах арга зүй, 2. Багшлахуй/заахуй ба суралцахуй, 3. Боловсрол дахв технологи, 4. Дүгнэлт, үнэлгээ, чанар гэсэн дөрвөн чиглэлээр Улаанбаатар хотод явагдаж байгаа юм. Сургалт явуулж байгаа Хонконгийн их сургууль нь Азид 2-т, дэлхийд 25-д ордог.

Дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд 2014 оноос эхлэн БНХАУ-ын Хонконгийн их сургуулиас зохион байгуулдаг “Дээд боловсролын маргааш” сэдэвт зуны сургалт болон Азийн их дээд сургуулийн зөвлөгөөнд Монголын дээд боловсролын салбарын 80 орчим багш, удирдах ажилтан, эрдэмтэн судлаачид таван удаа оролцлоо. Хонконгийн их сургуультай хамтрахдаа дээд боловсролын тогтолцооны удирдлага, засаглал, төлөвлөлт, суралцагчийн сурах үйл ажиллагааны болон багшийн заах арга зүйн туршлага, судалгааны ажлын хөгжүүлэлт, мэдлэг, мэдээллийн солилцоо, сургуулийн тогтвортой хөгжил зэрэг хүрээг хамруулахыг зорьсон юм.

Энэ удаа сургалтыг Монголд зохион байгуулж, Монголын нөхцөл байдалд тохирсон арга туршлагыг нутагшуулах, дэлхийн боловсролын чиг хандлагыг сургуулийн багш өөрийн хичээл сургалтад хэрхэн буулгах, сургалтаа оюутанд сонирхолтой хэлбэрээр явуулж үр дүнтэй болгох, ажил олгогчийн хүсэн хүлээж байгаа төгсөгчийг сургуулиас гаргахад багш хэрхэн оролцох зэрэгт ахиц дэвшил гаргахаар ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *