“Би 1951 онд Хэнтий аймгийн Идэрмэг сумын нутагт төрсөн. Манай аав, ээж Идэрмэгийн улс. Одоо Идэрмэг сум баг болсон. Тийм учраас өөрийн байгуулсан эмнэлгээ “Идэрмэг” хэмээн нэрлэсэн” гэж Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн мэдрэлийн эмч Ц.Нямаа даруухнаар яриагаа эхлүүлэв. Өдгөө нас хэдийнэ жар хол гарсан ч хөнгөн шингэн хөдөлгөөн, зөөлөн харц, дулаахан инээмсэглэл нь эрхгүй анхаарал татна. Мэдрэлийн эмчээр 40 гаруй жил ажилласан түүнийг салбарынхан нь сайн мэднэ. Ингэж ажиллах хугацаандаа олон арван эмч бэлтгэж, тэд нар нь өдгөө П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар эмнэлгийн Мэдрэлийн тасгийн эрхлэгч, Харвалтын төвийн дарга, мэдрэлийн их эмчээр ажиллаж байна. Хэдий тэтгэвэртээ суусан ч “Бурхан надад хэд хүртэл нас хайрлана, түүнийгээ хүртэл эмчээрээ ажиллана даа” гэж мэргэжилдээ үнэнч эрхэм эмч маань хэлж байлаа. Биднийг “Идэрмэг” мэдрэлийн эмнэлэгт очиход хөл ихтэй байв. Нас дээр гарсан хүмүүс хэвтэн эмчлүүлж байгаатай таарав. Хэдий жижиг эмнэлэг ч хэрэндээ эрүүл хүний төлөө зүтгэж байгааг харж болохоор байлаа.
Ц.Нямаа гуай Хэнтий аймгийн төвийн арван жилийн сургуулийг төгсөөд 1967 онд Анагаахын дээд сургуульд элссэнээр анх Улаанбаатарт хөл тавьсан гэнэ. Тухайн үед дөнгөж 16 настай охин хотод ирж байж. Өөрийнхөө бага насны тухай тэрбээр “Манайх зундаа Хэрлэн голын эрэг дээр бууж, үнээ мал саадаг.
Цагаан идээ боловсруулах ажилд дайчлагдана. Эхээс 12-уулаа. Дээрээ ганц ахтай, олон дүүтэй айлын том охин учир “ээж” шиг л байсан даа” гэж байв. Түүнийг эмч мэргэжлийг сонгоход дунд сургуулийн ангийн багш Даваа их нөлөөлсөн гэнэ. Ц.Нямаа гуай аймагтаа анагаахын ганц хуваарь ирснийг авчээ. Уг нь химич болох сонирхол байсан ч багш нь түүнд Анаагахын хуваарийг аваарай гэж зөвлөснийг дагаж энэ мэргэжлийг сонгожээ. “Манай аав, ээж Идэрмэг сумын малчин гаралтай улс. Аав маань Жигжидийн Цэдэнсодом гэж хүн байсан. Өндөрхааны сангийн аж ахуйд тракторчин, комбайнчин байж байгаад сүүлдээ жолооч болсон. Ээж маань Сүхийн Бадам гэж хүн байсан юм. Хамгийн бага дүү нарыг том болох үед гурилын үйлдвэрт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан” гэж танилцууллаа.
Ц.Нямаа “Анагаахад бүх хичээл шууд орос хэл дээр. Анагаахын дээдийн Монгол багш нар нь хүртэл монголоор дуугарахгүй, оросоор лекц уншина. Бид эхний жилүүдэд орос хэлээ сайжруулах гэж их мэрийсэн. Бүх ном орос хэл дээр байсан учраас дорхноо сурсан даа. Анагаахад дотуур байр олдохгүй. Эхний жилдээ арай гэж байранд орж чадсан шүү. Тухайн үед Чойлбалсангийн хөшөөтэй их сургуулийн хойд талын байр тэр чигтээ Анагаахын дээд сургууль байсан. Хичээлийн байр хүрэлцээгүй учраас орон сууцны конторт ихэнх лекц орно. Суух анги олдохгүй. Найман цагийн хичээлдээ суучихаад тарангуутаа их сургуулийн дугуй заал, номын сан, Политехникийн номын санд сууна. Хичээлээ хийсээр сүүлдээ номын сангийн хаах цаг болж, хөөгдөн барин гардаг байлаа. Стипентээ буухаар найзуудаараа цайны газар орно, кино үзнэ. Бусад чөлөөт цагаараа өглөөнөөс орой хүртэл зөвхөн номын санд сууна. 16 настайдаа оюутан болж ирсэн хүүхэд чинь дүү нараа их санаж үгүйлдэг байсан” гэж оюутан ахуйгаа дурслаа. Биднийг ийн ярилцах зуур түүний гар утас байнга дуугарч, зөвлөгөө авах гэсэн хүмүүс утасдаж байв. Өрөөний үүдээр ч түүнд үзүүлэх гэсэн хүмүүсийн цуваа тасарсангүй. Биднийг орхин өвчтөнөө үзэхээр гарч явах нь олон байв.
Тэрбээр Анагаахын дээд сургуулийг төгссөнийхөө дараа Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт түргэний эмчээр нэг жил ажиллажээ. Дүн өвлийн хүйтэнд түргэний машиндаа хүүхэд эх барьсан тухайгаа цухас дурдав. “Тэр цагтай орчин үеийг харьцуулалтгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ их сайхан болсон” хэмээн инээмсэглэж байлаа. Ингэж нэг жил ажилласныхаа дараа мэдрэлийн эмчээр нарийн мэргэжил эзэмшиж эхлэн Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн тасагт ажиллах болжээ. Оюутан байхаасаа л мэдрэлийн чиглэлийг сонирхож, дугуйланд явж эхэлсэн гэнэ. Дөрөвдүгээр курсдээ Хэнтий аймгаас гаралтай Цэрэннадмид гэх мэдрэлийн эмчийнд суужээ. Цэрэннадмид эмчийн номын сан дүүрэн мэдрэлийн тухай номнуудтай. Тэдгээр номуудыг уншиж, судалж байсан нь мэдрэлийн эмчийн мэргэжлийг сонгоход нөлөөлсөн гэнэ. Тухайн үед мэдрэлийн эмч ховор. Олгох курс, дээшлүүлэх курс гэж шат ахиулж явсаар тэргүүлэх зэргээ хамгаалжээ. Мэдрэлийн зөвлөх эмч, гавьяат Л.Дагзмаа гуайн үнэтэй зөвлөгөөг дагаж, түүний удирдлаган дор дөрвөн ажилласандаа бахархаж явдаг гэнэ. Түүнээс хойш 2010 онд тэтгэвэрт гартлаа Улсын Гуравдугаар төв эмнэлэгт ажиллажээ. Энэ хугацаандаа 1994 оноос хойш Мэдрэлийн тасгийн эрхлэгчээр ажилласан гэнэ.
Зуны амралтаараа Хэнтий аймгийн Гурван нуурын амралтын газарт амарч байсан их сургуулийн математикийн ангийн оюутан Т.Бавуудорж Ц.Нямаатай анх танилцсан түүхтэй. Энэ цагаас тэд ойртон дотносож гэр бүл болсон гэнэ. Ц.Нямаа гуайн нөхөр хэдийнэ бурханы оронд заларчээ. “Залуудаа нөхөртэйгөө болзож кино их үзнэ. Одоогийн Хөрөнгийн бирж байгаа газар дээр үед “Элдэв-Очир” кино театр байсан юм. “Ард кино” театр Хасбанк болсон. Тэнд шинэ кино ирэхээр очиж үзнэ. Хамгийн урт кино Мандухай сэцэн хатан дөрвөн анги кино байсан. Монгол кино гарангуут бөөн дараалал үүсдэг. Оюутан байхдаа 200 төгрөгний стипент авна. Энэ мөнгөөрөө дүү нартаа бэлэг авна, онгоцоор гэрлүүгээ явдаг байсан. Онгоц нэг талдаа 85 төгрөг” гэж дурсамжаасаа сөхлөө.
Дээд сургууль төгсөх жилээ гэр бүл болсон бөгөөд улсын байр олдохгүй хэдэн жил өнгөрчээ. Ингээд анхны хүүхдээ өлгийдөн авсан жилээ Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр сургуулийн урд байрлах орон сууцанд оржээ. Өнөөг хүртэл тэр байрандаа 45 жил болж байна. Эднийх дөрвөн хүүхэдтэй. Том охин Б.Содбилэг Эм бариачаар “Идэрмэг” эмнэлэгт ажиллаж байгаатай таарлаа. Удаахь хүү Б.Бат-Эрдэнэ ШУТИС төгсөж, одоо хувиараа бизнес эрхэлж байна. Дунд хүү Б.Батбилэг мөн л ШУТИС төгсөж, Швед улсад программын чиглэлээр мэргэжил эзэмшжээ. Одоогоор хувийн компанид ажилладаг. Бага хүү Б.Эрдэнэбилэг нь ХААИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, ББСБ-д ажилладаг байна. Ц.Нямаа гуай голомт сахих бага хүү Эрдэнэбилэг, бэр Б.Солонго, хоёр ач охиныхоо хамт аж төрж байгаа гэнэ. Ач, зээ нарын хамгийн том хоёр нь их сургуулиа дүүргэсэн. Том зээ хүү А.Төгөлдөрийгөө Т.Бавуудорж, Ц.Нямаа гуай нар өсгөн хүмүүжүүлжээ. А.Төгөлдөр айл болж, охинтой болсон гэнэ. Зээнцэрээ үзсэн Ц.Нямаа гуайн сэтгэл өндөр байгааг түүнийг ярианы өнгө аясаас мэдрэгдэж байв.
Ц.Нямаа эмч бидэнд “Идэрмэг” эмнэлгээ танилцуулаа. “Манай эмнэлэг дараалал ихтэй. Хэвтүүлмээр байгаа хүнээ авч чадахгүй л байна. Хэвтэж байгаа хүмүүсийн 60 хувийг хүнд хэвтэрийн хүн эзэлдэг. Өндөр төлбөртэй хувийн эмнэлгүүд олон болжээ. Тэгсэн хэрнээ хүнд өвчтөн авдаггүй. Бүх хүнд хүн манай эмнэлэгт ханддаг. Би хүндийг нь өрөвдөөд л аваад байдаг” гэлээ. Тус эмнэлэгт Э.Энхбат, Д.Байгалмаа нар их эмчээр ажилладаг. Хоёулаа Ц.Нямаа эмчийн гарын шавь. Э.Энхбат эмч багшийнхаа талаар “Их сургуулиа төгссөн жилээсээ Ц.Нямаа эмчийн удирдлаган дор ажилласан. Одоо зургаан жил болж байна. Багш маань өвчтөнөө өөрийнхөө эцэг, эх шиг хайрлаарай гэж л хэлдэг. Бусад онолын талаар сургалгүй яахав. Гэхдээ хамгийн гол захидаг зүйл нь энэ” хэмээлээ.
Бид “Идэрмэг” эмнэлгээс гарч, Ц.Нямаа гуайн гэрт зочиллоо. Хоймортоо Сутай хайрханы зургийг өлгөжээ. Залуугаасаа ном уншсан Ц.Нямаа гуайн амьдралын салшгүй нэг хэсэг бол номын сан. Тусдаа гарахдаа худалдаж авсан номын сан нь өдгөө ч бий. Хэд хэдэн хайрцаг номоо зуслан дээрээ аваачаад одоо хэдхэн ном нь энд байгаа гэж байв. Номын санд ихэнх нь математик, шинжлэх ухааны хуучны орос номнууд байлаа. Одоо ч гэсэн би ном унших сонирхолтой. Олон хүнд өвчтөнөө цаг үргэлж харж, хянаж байх ёстой учраас ном унших зав нэг их зав гарахгүй л юм. Өөр нэг сонирхол гэвэл дуурь, балет их үздэг. Ажил ихтэй учраас ач зээ нартайгаа төдийлөн ойр байж чаддаггүй. Тэдэнтэйгээ хамт байх ажил их зохион байгуулдаг. Хамт дуурь, балет үзнэ. Эмээ нь гэдгээ мэдүүлэх ажил хийж байгаа нь тэр. Том хүүгийнх дөрвөн хүүхэдтэй. Бусад нь тус бүр хоёр хүүхэдтэй. Ингээд арван ач, зээтэй болсон” гэлээ.
Өрөөний цонхоор харж, гаднах орчны талаар бид жаал хөөрөлдөв. Урд цонхоор нь шууд Драмын театрын байшин харагддаг байсан бол одоо наагуур нь хэд хэдэн өндөр байшингууд сүндэрлэжээ. “Газар гэдэг сонин шүү. Том том байшингууд яаж багтсан юм бол гэмээр санагддаг юм. Харин манайх хүүхдийн тоглоомын талбайгаа авч үлдэж чадсан шүү. Энэ сагсны талбай дээр өглөө, үдэшгүй хүүхдүүд бөмбөг шидэж л байдаг юм” гэж ярилаа. Энэ үеэр дунд хүү Б.Бат-Эрдэнэ орж ирэхтэй таарсан юм. Насаараа ШУТИС-д математикийн багш хийсэн аавынхаа талаар Б.Батбилэг “Аав маань өөрийнхөө зорьсон юмыг л хийгээд явдаг хүн байсан. Багш хүн ямар байх ёстой түүнийгээ л хийдэг. Шөнийн 12 цаг хүртэл оюутныхаа хичээлийг шалгаж, маргаашийнхаа ажилдаа бэлддэг байсан. Социализмын дундаж айлын төрх ямар байдаг, манайх тийм л байсан. Аав, ээж маань хүүхдүүдээ гэхээс илүү өглөө гараад орой ирдэг хүмүүс. Арай том нь багыгаа чирээд өсгөдөг тийм л маягаар бидний бага нас өнгөрсөн дөө” гэж дурсав. Т.Бавуудорж гуай Ховд аймгийн Дарви сумын хүн. Нямаа гуай энэ жил Ховдын Дарви суманд нөхрийнхөө нэрэмжит Математикийн олимпиад зохион байгуулж, түүний бичсэн конкурсын бодлогын номнуудыг дурсгал болгон үлдээсэн гэнэ.
Ц.НЯМАА: ХАМГИЙН ИХ ХҮНДЭЛЖ ХАЙРЛАЖ ЯВДАГ ЗҮЙЛ МААНЬ МИНИЙ МЭРГЭЖИЛ
Ц.Нямаа гуайн хувьд түүний мэргэжил нь хамгийн их хүндэлж, хайрладаг зүйл нь юм. “Хүнээ эдгээж, биеийг нь сайжруулж л байвал бидний хамаг хэрэг бүтэж байгаа нь тэр. Хэвтэрт орчихсон, ярьж хэлж, хөдөлж чадахгүй байдалтай ирсэн хүн гараа багахан хөдөлгөж чаддаг болоход баярладаг. Яваандаа алхаж гишгэдэг болох нь бидний хамгийн их баярладаг зүйл. Ар гэр нь ч баярлана. Гэхдээ мэдрэл бол олон дахин маш их эмчилгээ хийж байж сайжирдаг зүйл. Тиймээс тууштай явах ёстой. Хүнд ач тус, буян болох талаасаа би их боддог. Жоохон ч гэсэн эдгээж өгөх юмсан гэж боддог. Үнэхээр завгүй эмээ гэж болно. Бага хүүгийнх саяхан шинэ хүүхдээ өлгийдөн авсан. Бурхнаас надад хэдэн нас хайрлаад хэд хүртэл ажлаа хийхээ би мэдэхгүй” гэж тэрбээр инээмсэглэл тодруулан ярьж байв. Хэдийгээр Анагаахын салбар хөгжиж байгаа ч тархинд цус харвасан хүмүүст эмчилгээ их шаарддаг. Тиймээс эдгээр хүмүүст зориулсан эмчилгээний тогтолцоог бий болгох хэрэгтэй гэдгийг онцолж “Хүнд байдлаас эргэж байгаа хүнийг улсын эмнэлгээс хийх эмчилгээгээ хийчихээд гаргамаар байдаг. Гэтэл тэр хүн хүнд хэвээрээ учраас гэртээ харихад хэцүү. Тэгэхээр харьяаныхаа, эсвэл хувийн эмнэлэгт очдог. Хүнд өвчтэй хүн авах эмнэлэг харьцангуй ховор байна. Энэ хүмүүс тасралтгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай. Тиймээс урт хугацааны эмчилгээ хийдэг тогтолцоог бий болгомоор байна” гэв. Ажил мэргэжлийнхээ талаар тэрбээр “Мэдрэлийн салбар маш нарийн. Жишээлбэл, унадаг татдаг хүн гэхэд дотроо олон янз. Тархины судасны өвчин гэдгийг харвалт гэж хүмүүс ярьдаг. Харвалт нь дотроо тархины судас бөглөрөх, хагарах гэсэн хоёр төрөлтэй. Энэ нь дотроо бүр нарийсаад одоо Монгол Улсад судсан доторх хагалгаа хөгжчихөөд байна шүү дээ. Хүнд үзүүлэх тусламж чанарын хувьд сайжирч байгаа. Зах зээл эхэлснээр эмч нараа гадагш явуулж сургадаг болсон. Нүдээрээ хараад, гараарай бариад сураад ирсэн хүн чинь өөр шүү дээ. Манай Гуравдугаар төв эмнэлэг харвалтын чиглэлээр Монголдоо ганцхан. Тэнд харвалтын төвтэй болсон. Миний ажиллаж байх үед Мэдрэлийн сэхээний тасагт зөвхөн хүнд хүнийг л авдаг байлаа. Хуучин харвасан хүмүүсийн ихэнх нь хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг байсан. Үлдвэл тахир дутуу болдог байлаа шүү дээ. Одоо бол сайн сэргэдэг, үхэх тохиолдол багассан. Өвчин гэдэг хувь хүнээс өөрөөс нь их шалтгаалдаг. Эрүүл мэнддээ анхаарах, харвалтад хүргэж байгаа хүчин зүйлээ сайн анхаарах нь анхдагч урьдчилан сэргийлэлт юм. Жишээлбэл, даралт ихсэх өвчин Монголд их. Харвалтын хамгийн их шалтгаан даралт ихсэх шүү дээ. Даралт ихсэх өвчинөө хувь хүн өөрөө сайн анхаарах, эмнэлэгт тогтмол хандах, даралт ихсэлтээс сэргийлэх эм тариа Монголд хангалттай болчихсон. “Идэрмэг” эмнэлэг цэвэр мэдрэлийн чиглэлээр дагнадаг. Хүнд хэлбэрийн харвалттай хүнийг их авдаг. Би өөрөө хүнд тасагт олон жил ажиллаж байсан учраас хүндийг нь өрөвдөөд л авдаг. Эргэлт буцалт сэхэх аргагүй харвалт бас зөндөө бий. Гэхдээ бид эцсийн минут дуустал эмчилдэг” гэсэн яриаг бидэнтэй өрнүүлэв.
Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн тасагт ажиллаж буй эмч нар бүгд Ц.Нямаа гуайн гарын шавь гэхэд болно. Энэ тухайгаа тэрбээр “Багш нараа хэлбэл Мэргэжлийн гараанд хөтөлсөн Равдандорж, Цагаанхүү нар миний анхны багш нар минь. Манай Гуравдугаар төв эмнэлэгт Резидент буюу мэдрэлийн чиглэлээр мэргэшүүлдэг сургалт явагддаг. Жил болгон 10 хүн төгсдөг. Миний шавь гэж хэлэхээр зөндөө эмч бий. Мэдрэлийн эмч нар цаг үргэлж бие биенээсээ тасралтгүй суралцаж байдаг юм” хэмээн даруухнаар ярилаа.
Үүнээс цааш бидний яриа мэдрэлийн эмчилгээний тухай болж хөвөрсөн юм. “Одоо юм ер нь сайхан болжээ. Сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд ч их болж. Ингээд ирэхээр өвчтөнд зөв онош тавьж, хурдан эмчлэх боломжтой болж байгаа юм. Хамгийн анхны компьютер томограф Японоос орж ирж байлаа. Тухайн үед маш том дэвшил байлаа шүү дээ” гэж байв.
Түүнийг эмчээр ажилласан 40 гаруй жилийн хугацаан дахь хамгийн хүнд үе 1990-ээд он гэнэ. Ц.Нямаа эмч “Би 1994 онд би тасгийн эрхлэгч болсон юм. Тухайн үед урьд өмнө байгаагүй маш олон хүн цус харвасан. Амьдрал, ажилгүй, хоолгүй болсон. Ажиллаж байгаа хүмүүс нь маш бага цалин авна. Тэглээ ч гэсэн явсаар байгаад л энэ хүрсэн. Олон хүн ажлаасаа гарч ганзагын наймаанд орсон. Би мэдрэлийн эмч байсны хувьд урьд өмнө байгаагүй их хэмжээгээр цус харвасныг л сайн мэднэ. Шил шилээ дагаа хүлээн авах дээр харвасан хүн ирдэг байлаа. Тэгсээр улсын эмнэлэг эм, тарианы нөөцгүй болсон. Хүнээ эмчлэх гэхээр эм, тариагүй. Сүүлдээ хоол ундгүй болсон. Өглөө ирээд шөнө л харьдаг. Эмнэлгийн хаалгаар орж ирэхдээ “Урд шөнө хэн нь үхсэн бол. Хэний ар гэр байна гэж харна” гэж бодож орж ирдэг. Тэр хүмүүсийн нүүрний байдал ямар байгааг харна. Ар гэрийнхнийх нь царай гайгүй харагдвал тэр хүн гайгүй хонож дээ гэж бодно. Тэгж л ажиллаж байлаа. Манай улсын хамгийн хүнд хэцүү үе байсан даа. Хүнд хүн ирсэн бол буцаах эрхгүй. Коридортоо хэвтүүлнэ. Манай Мэдрэлийн тасаг хэдэн сараар 90 ортой ажилласан удаатай. Уг нь 40 ор багтдаг газар. Их ажилладаг байсан учраас сувилагч, эмч нар өөрсдөө өвдөх нь бий. Өнөөдөр энэ хүнд ямар эмчилгээ хийх вэ гэдгээ л бодно. Анх ганзагын наймаагаар эм тариа орж ирж байсныг би сайн мэддэг юм. Тэнд тийм тариа байна аваад ирэхийг бодооч гэж ар гэрийнхэнд нь хэлнэ. Монголчууд чинь нэгнийгээ их эргэдэг байсан. Тэр үед эргэлт байхгүй болсон. Одоо үнэхээр сайхан болжээ. Мэдрэлийн эмчээр ажиллаж эхлэсний дараа ээж маань харваад нас барсан. Би үүнд хамгийн их харамсдаг” гээд хэсэг дуугүй болов.
Ц.Нямаа эмч “Хариуцаж байгаа ажилдаа хариуцлагатай хандвал хүн амд үзүүлэх тусламж үйлчилгээ сайжирна. Зүгээр нэг орон тоо бөглөж суудаг ямар ч мэдлэггүй эмч байж болохгүй. Бидний мэргэжил бусдынхаас үүргээрээ өөр” гэснээр бидний яриа өндөрлөв.
Э.ЯНЖМАА
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН