Categories
мэдээ нийгэм

Говь-Угтаалын эрдмийн чуулган

Хөх нь чинэсэн ижий минь цагаан сүүгээ залгилуулах л гэж альхан чиг газраас даллаад байх шиг хөдөө нутаг руу хүлгийн жолоо залах сайхан. Уулсын салхинд жарган усны тунгалагт сэтгэл нялхамсч суух бүр таатай. Түрүү жилийн намрын хайлган цагаар их найрагчдын сүр сүлдэн дор их говийн таана хэнзэлсэн үдшийн сэрүүнийг нөмөрч, талын толгодод бодол бэлчээн зогссон билээ. Эх хэлнийхээ яруу сайхныг эгшиглэнт говийн салхитай хамт залгилсан нэгээхэн дурсамжаа одоо сөхьюү. Дамдинсүрэнгийн Урианхай, Тангадын Галсангаар ахлуулсан зохиолчид Дундговийн Говь-Угтаалд хүрч очлоо. Говь-Угтаал гэмээ нь Монголын яруу найргийн асгарсан аялгуу, ааг омогтой бадрангуй найрагч Барнангийн Доржпаламын нутаг юмсан. Мөнхүү говийн ухаа толгодын дунд монгол хэлний цаглашгүй гэгээг түгээсэн хүндэт багш Гэндэн-Яринпилийн Эрдэнэ-Очирын өлгий нь юмсан.

Хангайн тэлэмгэр нуруу Бөхөн шарын магнагтай Идэр их мөрний хөвөөнд хаврын хаварт чуулдаг эх хэлний баярын нэгэн цутгалан боржигон Угтаалын хоймрыг эзэгнэсэн нь учиртай. Монголын түүх соёл, үндэсний хөгжлийнх нь хөрс суурь болсон эх хэл бичгийн дархлааг “Идэрийн олимпиад” хадгалж явдаг. Оюуны судас лугшин буй талын Монголд омгорхол бардамнал, цээжээ дэлдсэн хийрхлийг үл огоорч зөвхөн монгол хэлний төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэх нь олимпиадыг санаачлан зохион байгуулагчдын үүрэг гэлтэй. Улс үндэстний тусгаар тогтнол, оршин буйн дархлаа-эх хэлээ дээдлэгч “Үлэмж эгшиглэн сан”-гийн гавьяаг Хойд мөсөн далайд цутган дэлхийг туулсан Идэр мөрөн шигээ холын холд дуурьсалтай гэж санана.Эх орны дөрвөн зүг найман зовхисоос эрдэм оюуны шандсаа сорих гэж агуу их Нацагдоржийн зүрхнийхээ угаас дуу алдсан Идэрийн голын хөвөөнд чуулдаг билээ, бид. Ийм л сайхан баяр арав гаруй жилийнхээ хавартай золгоод буйг монголоо гэх халуун зүрхтэй, бичиг соёлоо эрхэмлэгч бүхэн сэтгэл дүүрэн мэдрэх болсон доо. “Нэгэн насны ухаант амьдралаа эх хэлнийхээ төлөө зориулсан буурал багш нарын гавьяаг бид цагийн цагт эрхэмлэн хүндэтгэх болно” хэмээн “Шинэ Ази” группийн ерөнхийлөгч, “Үлэмж эгшиглэн сан”-гийн тэргүүн Лхамсүрэнгийн Төрбаяр хэлнэ билээ. Эл үгнээс боржигон Угтаалын эрдмийн чуулганы учиг шалтгаан ч тайлагдаад ирж байгаа юм.

Дундговь нутгаас монгол хэлний галыг манасан олон эрхмүүд тодорсны нэг нь Гэндэн-Яринпилийн Эрдэнэ-Очир багш. Номын төлөө төрж, номын хөлгөн их урсгалд өөрийгөө элээсэн түүнийг өдгөө эрдэмтэн мэргэд, үе үеийн шавь нар нь бахархан дурсч байна.“Хүнээр хүн хийх монгол ухааны сурвалж”, “Монгол ардын сурган хүмүүжүүлэх зүй” хэмээх язгуур хоёр ухагдахуун бол Эрдэнэ-Очир багшийн гол шугам юм. Эрдмийн зэрэг хамгаалсан дээд бүтээл, тулгуур багана нь билээ. Говь-Угтаал бол Халхын Сэцэн хан аймгийн сэцэн вангийн хошуу ардын цэц билэгтэй, номын авшиг ерөөлтэй хүмүүс төрдөг эрдэм оюуны ай сав. Ринчен гуай, Дамдинсүрэн гуай, Шадавын Лувсанвандан, Чой.Лувсанжав, Ш.Бира нарын мэргэдэд багшилж байсан алдарт Т.Данзан-Очир гавж болоод сүүл үеийн номч гүүш гавж Шагдарсүрэнгийн Сонинбаяр нарыг нэрлэхэд л номын авшигтай, тарнийн увидастай нутаг болох нь аандаамэдрэгдэнэ. Монгол хэлний дархлааг хадгалагч ардын багш Цэдэвийн Өнөрбаян “Монгол ардын сурган хүмүүжүүлэх ухааны нэрт эрдэмтэн” гэж эрхэм журмын анд номын садан Эрдэнэ-Очирыгоо тодотгосон бол хэл шинжлэлийн энэ цагийн ноён оргилуудын нэг академич Домийн Төмөртогоо “Жараад оны сүүл далаад оны эхээр Дундговь аймгаас Эрдэнэ-Очир, Төмөр гэдэг хоёр сэргэлэн хүү суралцдаг байлаа. Сургуулиа төгсөөд Эрдэнэ-Очир нь ардын уламжлалт сурган хүмүүжүүлэх ухааныг судлан, эрдмийн зэрэг хамгаалж…” хэмээн дурсчээ. Төмөртогоо академичийн нэр зааж, бахархал дүүрэн хэлсэн хоёр шавь нь Эрдэнэ-Очир, эдүгээ ардын багшийн тэмдэг энгэртээ гялалзуулсан Далхсүрэнгийн Төмөр нар юм. Аварга багш нарын хэмжээг шалгадаг “Багш дор мөргөмү” эрдэнийн тэмдэгт олимпиад хангайд бус говьд, тэр тусмаа Говь-Угтаалд Эрдэнэ-Очир багшийн нэрэмжит болж зохиогдсон нь ийм учир ерөөлтэй ажгуу.

Угтаалд болсон эрдмийн баярт Галсан гуайтайгаа нэг нэг машинд заларч Богд хан уулынхаа ар хормойг бүслүүрдэн, хатан Туулаа эмжээрлэн хөдөлсөн сөн. Алдарт Заг, Байдрагийн голын Хүрэн бэлчирээс тодорсон Монголын уран зохиолын өвгөн бүргэд түүнтэй хол ойрын замд олонтаа явжээ. Өчүүхэн би сүүлийн нэг жилд буюу “тийн унжлагат” нохой жилд Тангадын Галсан аваргатай таван ч удаа аяны дөрөө нийлсэн байх юм. Эх орны баруун хязгаар Алтай Таван Богдын алтан бэл Баян-Өлгийд дэлхийн яруу найргийн өдрөөр бууж, маргааш нь болох Наурызын баярыг казахуудтай тэмдэглэсэн тал ч бий. Монголын алтан ургийн хамгийн сүүлчийн хаан Баатар ван Наваан-Юндэн гуайн 110 жилийн ойн хүндэтгэлийн ёслолд мөн Сэлэнгийн Сүхбаатар хотноо оролцсон байх жишээний. Галсан гуайн яриа хөөрөөг сонсчээ явахад монгол хэлнийхээ яндашгүй их далайд өөрийн дураар сэлэх алтанхан хувь заяаг бэлэглэх нь тэр. Зохиолч нөхдөө дурсан ярихын ид бахыг нь хэлэх юм биш. Ёстой хэнийг ч болов хэнийг бүтээл туурвил алдаа оноо, ахуй амьдралтай нь дурайтал ярина. Ухаандаа, “Монголын радиогийн бүдүүн дуут” Базарын Цэдэндамбаагийн залуу идэр насыг ярихад л тэр цагийн тэнхээ тамиртай зохиолчид болох Цэдэнжав гуайгаас аваад хуучны кадруудын дүр төрх кино зургийн хальс шиг бэлхэнээ тодроод ирнэ. Дөчин хэдэн оноос хойших урлаг, утга зохиолын ертөнцийг яаж тэгж мэддэг юм гэхээр нэвтэрхий ярих нь гайхмаар. Хүмүүсийн хэлсэн үгийг яг л өөрийнх нь дуу хоолойгоор хэлнэ,мөн ч шидтэй шүү. Тэр жил Солонготын давааг давахад Ванганыхаа тухай дурсаж билээ. “Сайн нөхрөө нутгийнх нь тэнгэр дор дурсахгүй бол алдас болно” гэж хэлсэн нь шаврай надад их олон зүйлийг бодогдуулсан сан.

Тэр жилийн намрын сүүл сард Их Монгол уулсын сэрвэнгээр Их Монгол элсний алтан нурлага зэрэглээтэж, Эрээн уулын салхи зөөлхөн сэвших цаг дор монгол найргийн дархан цэц Пүрэвдоржоо дурсаж явсан. Халуун голомтод нь нөхрийнхөө шүлгийг дуудаж, хамаатан садныг нь Харлин Шарлингийнх нь гол ус шиг мэлмэрүүлж орхисныг санах юм. Ингэхэд Галсан гуайтай анх Утга зохиолын сургуулийн хоёрдугаар ангийн жулдрайхан оюутан байхдаа хамт явах аз тохиож билээ. Хараа голын хөвөөнд зүрхнийх нь үгийг сонсоод сэтгэл балмагдсан хаврын тэр өдрийн мартдаггүй. Хөтөл хотод болсон “Уран үгсийн чуулган”-аас буцаж явахад тэрээр “Хүү минь чи Монголын их утга зохиолын босгыг алхах гэж хаалгыг нь онголзуулан зогсож байна. Утга зохиолын их өргөөний хойморт чиний багш өндөр Цоодол, өөлд өвгөн Галсан хоёр хүссэн хүсээгүй сууж таарна. Чи өндөр Цоодолыг түшсэн чинь зөв. Ер нь тэгээд хүн яруу найрагч болдоггүй юм шүү. Эхлээд хүн болох хэрэгтэй байдаг юм. Хүн болсны дараа зүрх сэтгэл чинь чамайг найрагч болгоноо” гэж билээ. Эдүгээгээс арван долоон жилийн өмнө хэлсэн тэр үгийг би дандаа боддог. Хүн болж яваагийн минь утга учир намайг утга зохиолын их бурхадтай аяны ганзага нийлэх хувь заяанд хөтөлдөг ч юм болов уу.

Эх хэлний баярын үеэр ёс юм шиг болдог зохиолч уншигчдын уулзалт Угтаалын соёлын төвийн тайзнаа эхэлсэн. Мэдээж хойморт нь Галсан, Урианхай, Долгорын Цэнджав, Хайдавын Чилаажав, эрдэмтэн доктор Дийзгарын Баттогтох, Монголын яруу найргийн наяад оны хайрын дууч Данзангийн Нямаа, монгол хэлний эдүгээ цагийн содон төлөөлөл Баастын Золбаяр гээд эрэмбэ дарааллаараа залрав. Нобелийн шагналд албан ёсоор нэр дэвшин бүртгэгдээд байгаа Азийн тэргүүн найрагч Урианхай өнөө л зөөлхөн нургилсан дуугаар шүлгээ дуудлаа. Урианхай ах хэзээ ч, хаана ч хэнийг ч гололгүй шүлгээ уншдаг. Одоогоос арван нэгэн жилийн өмнө, бидний хэсэг нөхөд эх орныхоо баруун хилийг тойрч тэнгэрийн хаяаг мөрлөн зогсож буй хэдэн бор цэрэгтээ шүлгээ дуудаж явсан сан. Ховдын Булганы Гурван хүүхдийн заставт шөнө оройхон очиж сарны гэрэлд шүлгээ уншсан үдшийн сайхныг хэлээд яанам. Байтагийн уулсаас салхилсан баруун зүгийн салхин их найрагчийн буурал үсийг илбээд, сарны мөнгөн туяанд сахал үс нь улмаа мөнгөрөн гэрэлтээд “Тэнгэрийн тунгалаг зэрэглээнд

Болжмор жиргэж л байвал би амьд явна

Тэр шувуунд би хачин их хайртай

Тэртээ уулын хормодйд

Ой шуугьж л байвал би амьд явна

Тэр эгшигэнд би хачин их хайртай

Хээр талаар морьтой хүн таваргаж л явбал би амьд явна

Тэр бараанд би хачин их хайртай

Хэдэн унага голын зүлгэнд тоглож л байвал би амьд явна

Тэр амьтдад би хачин их хайртай

Хайраар би амьдардаг аа…” хэмээн уншихад нь нүдний нулимс гарч билээ. Эл шүлгийн төгсгөлд “…Аялгуу содон монгол үгээр хүмүүс ярьж л байвал би амьд явна, тэр хэлэнд би хачин их хайртай” гэж бий сэн. Дорноговийн Хатанбулаг Сулинхээрийн хязгаараар явахад нэг орой сурагчдын дотуур байранд Урианхай ах нас тогтож яваа хоёр бүсгүйг өмнөө намбайтал суулгаад орчин цагийн утга зохиолын чиг хандлага, философийн тухай баахан ярьж толгойг нь эргүүлснээ, би ер нь шүлэг уншъя гээд зөөлнөөр инээмсэглэн сууж байв. Угтаалын тайзнаа Бямбын Ринчен багшдаа зориулж сүүлд тэрлэсэн “Монгол хэл” шүлгээ дуудсан юм.

Зохиолч найрагчдын ялгуун эрхэмсэг үдэш Соёлын төвөөс хөдөө хээр боржигон найрын хоймор руу шилжиж, уртын дуутай уясан сүлжилдэв. Сум орныхоо бэлгэдэлт шүтээн Их Угтаал уулын өвөрт намаржиж буй Дугарбаатарын малчны хотонд дуу шуутайхан дөрөө мулталж, айраг дэмбээ намрын боржигон найрыг энэ л Дундговь нутгийн хүү төрийн соёрхолт нэрт түүхч, угсаатан зүйч Хандын Нямбуугийн “дэглэснээр” үздэг юм байна. Таанын айраг сэнгэнэсэн намрын өдөр говийн тэнгэр дор дугуйрч зогсоод шүлгээ дуудах бахтай байсан. Тэртээ баруун урдтай домогт Их газрын чулуу ханарч, хойхно талд нь цуутай найрагч Цэндийн Чимиддоржийн төрсөн Зүүн хөндлөн, Ерлөгийн уулс нь хөндөлсөж, яг чанх баруун талд дэлхийн дууч Намжилын Норовбанзадын дуугаа хадаасан Баянзүрх хайрхан түшиж, араас минь Их Угтаалын уул нөмөрлөнө. Угтаалын уулын Ар шандад Барнангийн Доржпалам найрагч хүйгээ цөглөсөн. Авьяастай хүмүүн амин судсыг нь онож төрдөг энэ л ариун дагшин газар усанд найрагчдын зүрх огшилгүй яав гэж.

Их газрын чулуу бол онгод юуг минь хөглөсөн ид шидийн орон юм. Тэр жилийн намар Долгорын Цэнджав ахтай дөрөө харшуулан ирж Их газрын чулууг зүрх сэтгэлээрээ мэдэрч билээ. “Барнангийн Доржпалам, Цэндийн Чимиддорж бид гурав бол яах аргагүй Их газрын чулуу, Ерлөг уулыг зүүн баруун талаас нь харж биширч, шүтэж, мөргөж өсөцгөөсөн нэгэн үеийн унаганууд” гэж Цэнджав бээр хэлсэн нь гарцаагүй үнэн юм. Ерлөгийн уул, Зүүн хөндлөнг нь харж байгаад намрын говийн тэнгэр дор Чимээ ахынхаа “Цагаан зээр”-ийг омогтойхон уншлаа. Өөрөө бол “Би цуутай дорнын цагаан зээр, цусаа үзсэн улаан зээр” гээд их үс гэзгээ сэгсрээд уншихаараа аймаар. Ерлөг уулын зүүн хойдтой Сүүдэртийн улаан хэмээх жижиг улаан толгод бий. Түүний арын буурал хондны өвөлжөөнд Норовбанзад гуай төрсөн түүхтэй. Угтаалын уулын ар хөндий Жарангийн фермд Норовбанзад гуай үнээ сааж байсан гэдэг. “Намар оройхон үхэр сааж байгаад хөл нь даарахаар үхрийнхээ цавинд хөлөө хавчуулдаг сахилгагүй шар охин байлаа” гэж нутгийн эмгэд хөгшид дэлхийн дуучнаа дурсдаг. Норовбанзад гэх нэрийг зүрхэндээ хэлэнгүүт л дуурлиг их говийн хөхөмдөг цээлийг “Уяхан замбуу тивийн наран” асгараад л бүрхэж байгаа юм.

“Хар лустай Дэрэнгийн минь

Сүр сүлд

Хар голтой Дэрэнгийн минь

Хар сүлд

Уран тэлмэн хууранд хялгас нь дэргэж

Ус хонхрынхоо дуучин Норовбанзадыг дагаж

Дэлхий дүүрэн янцгаасан

Дэрэнгийн хар азарга” гэж өөрийгөө тунхагласан найрагчийн иртэй шүлгүүдийг Ерлөгийнх нь уул өндөлзөн сонсох шиг болсон. Үргэлжлүүлээд Доржпалам найрагчийн “Дуниартсан намрын хонгор өдрийг нартай нь сартай нь

Дурсгал болгон бие биендээ солилцож бид саллаа, би явлаа

Дурлалын хоёр багана бараа бараагаа харалцсаар

Дундаа сэтгэлийн зэл татан холдлоо, би явлаа

Холдож явсан энэ мөчөөсөө эхлэн

Хонгор минь би чамдаа очиж яваа юм, ирж яваа юм, чамруу

Хойтон болтол бидэн хоёрын хооронд сунайх замаас

Хорж байгаа юм энэ чинь би ирж яваа юм, чам руу…” шүлэг хайлган намрын хайрын симфони эшиглүүлснийг яана. Паламынхаа тухай Цэнджав нь “Омскийн дэлт чоно” гэж оройн үс босохоор зэвүүн хөрөг тэрлэснийг мэдэх юм. “Далаад оны сурагч биднийг Мандалговийн хотын арван жилийн сургуулийн дотуур байранд байхад нэг аймшигт амьтан гэнэт гараад ирлээ. Гашуун нясуун юм сэнгэнүүлээд энэ тэрийг сэжигтэй ажсан эвгүй харцтай, шилээ дарсан урт үстэй орос хороом гутлын түрийг гармуушиглан дарсан, улаан эрээн ороолт хайш яйш унжуулсан олигор хар нөхөр хаанаас гараад ирснийг мэдэхгүй. Тэрийг ч дэлсэж гэнэ, үүнийг ч ичээж айлгаж гэнэ, тэрний хоолойд хутга тулгаж гэнэ гэсэн дэл сул яриа хаа сайгүй дуулдах болов. Нэр ч байхгүй. Омскийн дэлт чоно л гэнэ. “Танай арван жилийн сургуулиас хамгийн гоёыг нь авч явна. Мөн ч азтай охин намайг дагаж алтан Москва үзнэ шүү дээ. Би онгоцонд суулгаад орос руу авч явна. Оросын эрээн даашинзтай охидод гайхуулна. Энэ муу шороотой аймгийг байтугай Омскийг бүхлээр нь айлгадаг юм чинь гэж хөөрлөх. Мань хашир ч хүч хэрэглэж нэг үзэж, хүзүү сунган гуйж нэг үзэж, булааж нэг үзэж, бултуулж нэг үзэж, эр хүний арван гурван мэхийг угсруулан хийсэн ч энэ тэрд олигтой тоогдсонгүй. Говь-Угтаал руугаа алга болсон уу, нөгөө алдарт Омск руугаа явсан уу, тэгсгээд дэлт чонын чимээ тасрав” гэж тэр хөрөг эхэлдэг. “…Бүр хожуу наяад оны эхээр шүлэг бичиж шаггүй нэр олчихоод байхад нь тааралдахад багын хөгтэй янз бүрийн юм яриад салсангүй. Нөгөөх алдарт хулигаан чинь хилийн цэргийн ногоон дүрэмт хувцас өмсөөд зэгсэн гүзээ суугаад махалж мяраалчихсан, хөдөлгөөн нь удааширч маг маг инээсэн, марзан юм ярьсан, ноосыг нь зулгааж байхад хивж л хэвтдэг тэмээ шиг номхон ноорхой амьтан болчихсон байх юм. Заставын офицер байснаа ярина. Хилийн муусайн хусарсан цэргүүд үгүй мөн хэцүү шүү, золтой л авгайгаа булаалгачихалгүй хилээс ирээд хотод төвхнөлөө. Харж байхад л хормойдчих гээд болдоггүй юм гэж цайлганаар инээнэ” хэмээх бичиглэлээс Палам нь зурайтал харагддаг.

Ерэн таван оны “Болор цом”-ын “Хөөрлийн шүлэг”-ээрээ булааж авсан Доржпалам найрагч хилийн цэрэг байхдаа хэдэн сайхан дуу хийсэн. Түүний нэг нь “Цэрэг чамдаа хайртай” юм. Чилаа ах Паламын “…Сэвшээ салхитай ноднин жилийнх шиг, шиврээ бороотой намрын өдөр, шинелийн товчин дээр алтан сомботой шинэхэн цэрэг чамдаа би хайртай…” дууг дууллаа. Чилаа ахынхаа дуулахыг олон сонссоон, бид. Энэ удаа дотогшоогоо мэлмэрч сонслоо. Тэр намар Их Алтайг туулаад буцахад Чилаа ах өөрийн төрсөн шүтээн уул Лүн хайрхнаасаа наашлаад Дэлгэрийн буурал талаа туулж явахдаа “Үрэл гэдэг модоороо өлгийг минь сийлсэн аав минь ээ хө, өвлийн шөнийн хүйтэнд өндийж хөхүүлсэн ээж минь ээ хө” хэмээн дуулахад өөрийн эрхгүй асгаруулан уйлж явсан даа. Аян замын ядаргаа чиг байсан уу, шартаж шаналахын зовлон чиг байсан биз. Яах аргагүй мэлмэртэл уйлаад сэтгэл онгойж билээ. Гэвч “Цохилох халуун зүрхэнд гийсэн цолмон хар нүдэнд би хайртай, шингэхэн дуутай хүүхэд зангаараа шинэхэн цэрэг чамдаа би хайртай” дуу аавын минь дуртай дууны нэг юм. Айлын том хүү намайг хоёрхон настай, миний дараагийн дүүг дөнгөж төрөөд удаагүй байхад адууч аавыг минь цэрэгт татжээ. Цас будагнасан намрын хохилзуур тэр өглөө аав хоёр нялх үрээ, гэргийгээ орхиод цэрэгт мордоход ээж яахаа мэдэхгүй уйлаад хоцорч байсан гэдэг. Гэвч сум нэгдлийн дарга Могойн Батсуурь гуай “Уурганыхаа үзүүрийг олж харахгүй шахам хараа муутай хүнийг цэрэгт татахдаа яахав” гэж комиссынхонтой ам зөрөн дайруулсаар байгаад авч хоцорсон байдаг. Тийм нэг дурсамжийн сэжүүр сөхөөд аав минь Хөшөөтийн голынхоо хул хонгор намраар энэ дууг аялдаг сан. Ийм л дуутай хууртай, найртай, найрагтай аялгуу сайхан монгол хэлнийхээ нэгэн баярыг бид Говь-Угтаалд тэмдэглэсэн юм. Эрдэнэ-Очир багшийн хань, хэл уран зохиолын ахмад багш Д.Даваасүрэн гуай Угтаалд үр хүүхдүүдээ дагуулаад оччихсон олимпиадын жаалхан сурагчдад бэлэг гардуулаад жавхаатай алхаж явна. “Хоёр багшийн дундаас төрсөн хэрнээ би чинь огт өөр мэргэжлийн хүн” гэж бага хүү Идэрцог нь хэлж байна. Тэрээр Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажилладаг тангараг өргөсөн төрийн албан хаагч юм. Идэрийн олимпиадын аварга багш Дашзэвэгийн Отгонсүрэн аймгийнхаа төвөөс хүрэлцэн ирсэн байна. Сонирхуулахад, яруу найргийн “Болор цом”-ын эзэд гэдэг шиг “Идэрийн олимпиадын эрдэнийн тэмдэгт багш” гэсэн нэгэн дээд хүндэтгэл хэл соёлын ертөнцөд нэрлэгдэх болжээ. Увсын Минсэгийн Мягмаржав, Мягмаржавын Өлзийдэлгэр, Даваанямын Ариунаа, Хөвсгөлийн Дэмчигдоржийн Доржпагма, Говь-Алтайн Ороснуурын Сүнжидмаа, Завханы Лайханжавын Батцэцэг, Дундговийн Дашзэвэгийн Отгонсүрэн гээд Идэрийн олимпиадын эрдэнийн тэмдэгт багш нарыг нэрлэхэд сайхан байна. Эх хэлний минь дархлааг хадгалж яваа, эх орны минь тусгаар тогтнолын баталгаа болсон эрхэм хүмүүс билээ. Энэ л ерөөлийн хадган үгээр Говь-Угтаалын эрдмийн чуулганы тэмдэглэлээ өндөрлөе. Монгол хэл соёл минь өнө мөнхөд орших болтугай.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *