-УХАМСАР ГЭДЭГ ЗҮЙЛ ХҮНИЙ УУРЛАЖ БАЙГАА ҮЕД АЖИЛЛАДАГГҮЙ-
Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл судлаач, доктор ph.D Б.Номинтой ярилцлаа.
-Манайхан дунд хэдхэн хормын уурыг барьж тэвчихгүй зодоон нүдээндээ хүрдэг хүмүүс олон болжээ. Түрэмгий, хүлээцгүй энэ зангаасаа болж олон иргэн гэмт хэрэгт холбогдож байна. Энэ юутай холбоотой вэ?
-Тэвчээртэй зан, даруу байхын ач холбогдлыг хүүхдэд эцэг эхчүүд суулгаж өгдөг. Хүүхэд байхдаа өнөөдрийнх шиг түрэмгий, хурдан хариу үйлдэл үзүүлдэг, тэвчээргүй байсан уу гэвэл, үгүй. Хүүхэд юмыг хурдан ойлгож, хурдан мартдаг, бухимддаггүй шүү дээ. Тийм гэнэн цайлган байсан хүүхэд маань том болохын хэрээр амьдралын бэрхшээлүүдтэй тулгарна. Үүнийг даван туулах чадвар хүмүүст янз бүр байдаг. Бэрхшээлийг даван туулах чадвар бүх хүмүүст өндөр заяадаггүй. Тэвчээр хүн болгонд харилцан адилгүй байдаг. Мөн ямар ч тэвчээртэй хүнийг тэвчээрийг нь барах нөхцөл байдал бий. Дараагийнх нь орчны нөлөөлөл. Эргэн тойронд уур бухимдалтай хүмүүс байвал орчиндоо уусна. Ижил хариу үйлдэл үзүүлж эхэлнэ. Тайван хүлээцтэй хүн ч ухамсаргүйгээр дуурайж эхэлдэг. Худал үгийг 1000 давтахад үнэн болдог гэж үг байдаг шүү дээ. Мянга давтагдаж байгаа учраас зуршил болно. Уурлахааргүй зүйлд л түргэн хариу үйлдэл үзүүлдэг бухимдуу тэвчээргүй зантай болчихдог. Дадал зуршил болчихоор өөрчлөхөд амар биш. Тамхинаас гарахтай адилтгаж ойлгож болно. Орчны нөлөөллөөс шалтгаалж гэнэн сайн зүйлд тэмүүлж байсан хүүхэд өсч томроод сөрөг хариу үйлдэл үзүүлэх боломжтой.
-Монгол хүний түрэмгий, амиа хичээсэн занг нүүдэлчин соёл иргэншилтэй нь холбож тайлбарлах хүмүүс байдаг. Энэ талаар таны бодол?
-Нүүдэлчин байхаараа түрэмгий, суурин болохоороо тайван амгалан гэсэн ойлголт байхгүй л дээ. Түрэмгий байна гэдэг хүний төрөлх хариу үйлдэл. Өөрийгөө хамгаалах зан чанар хүнд заяадаг. Хүнд аюул осол ирэхэд, хэн нэгэн таныг доромжлоход хариу үйлдэл үзүүлдэг шүү дээ. Түүнийг няцаах ёстой. Энэ чанар хэмжээндээ байхад хүн өөрийгөө, гэр бүлээ хамгаалах хэрэгсэл болж байдаг. Хэмжээнээсээ даваад ирэхээр өөрийгөө болон бусдыг сүйтгэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл түрэмгий зан хэвийн хэмжээнд байхад өөрийгөө хамгаалах хэрэгсэл, хэтрэхээрээ бусдыг болон өөрийгөө сүйтгэх хэрэгсэл болж байна.
-Хүлээцгүй, бухимдуу зан өнөөгийн нийгэмтэй холбоотой юу?
-Тодорхой хэмжээгээр холбоотой. Нийгэм маань хүмүүс. Хүмүүсийн амьдарч буй орчин нь зан төлөвтэй нь хамааралтай. Хотын амьдралд аюул осол, бухимдал алхам тутамд тулгарна. Хөдөө амьдардаг бол яарч сандрах, олон ажлыг зэрэг амжуулах шаардлага гарахгүй. Хотод хүн богинохон хугацаанд их ажлыг амжуулах шаардлага гарна. Дээрээс нь олон зүйлийг амжилттай сайн хийж шилдэг байхыг амьдрал шаарддаг. Сайн ажилтан, сайн аав ээж байх, хэн нэгний үр хүүхэд учраас аав, ээжийнхээ ачийг сайн хариулах хэрэг гарна. Гэтэл хоногийн 24 цаг хязгаарлагдмал. Найман цагт нь унтаж амарна, найман цаг нь ажиллана. Хотын түгжрэлд хоёроос гурван цаг зарцуулна. Ингээд гэр бүлдээ цаг зав бага зарцуулсны улмаас зөрчил үүснэ. Хотын амьдрал хэвийн байх ёстой ачааллаас илүү хурд шаарддаг. Иймээс бухимдал илүү үүснэ. Үүнийг хүмүүс танин мэдэж зохицуулж сурахгүй бол хот өөрчлөгдөхгүй. Ажил амьдарлаа зохицуулахгүй бол хэзээ нэг цагт доголдоно. Магадгүй эхнэр чинь салаад явж болно, хүүхэд чинь ч сурлага муутай болж болно. Зохицуулалт хийж сурахгүй бол хотын хэмнэл, хурдад тааруулж амьдарна гэдэг хэцүү. Цагийн менежмэнт чухал.
-Таван хормын уур бухимдлыг тэвчихгүй өөрийн амьдралын хувь заяагаа бараанаар эргүүлэх тохиолдол олон гарч байна. Уур бухимдлаа тэвчихэд л өөр гайхалтай хувь тавилан хүлээж буйг ухамсарлахгүй юм. Шалтгаан нь юу бол?
-Хүн тайван байгаа үедээ үүнийг ойлгож ухамсарлана. Ухамсар гэдэг зүйл хүний уурлаж байгаа үед ажилладаггүй. Өөрөөр хэлбэл уурласан үед хүний оюун ухааны төв ажилладаггүй. Оюун ухааны хяналтын төв хүний духны хэсэгт байрладаг. Сэтгэл хөдлөлдөө автахад цусанд ялгарч байгаа гормон нь оюун ухаан ажиллахад саад болж эхэлдэг. Оюун ухааны хяналтын хэсэг хаалттай ажиллахаа больж эхэлнэ. Уурласан хүний үг, үйлдэл ухаангүй гэсэн үг шүү дээ. Сэтгэл хөдлөлдөө автсан байдаг учраас оюун ухаан ажиллахаа больсон байдаг. Сэтгэл хөдлөлдөө автаагүй бол тухайн хүн тэр үйлдлийг хийхгүй. Тайван байгаа үедээ хийхгүй үйлдлээ ууртай үедээ хийчихдэг. Тиймээс сэтгэл хөдлөлөө удирдах чухал. Аливаа асуудлыг тулгарахаас өмнө шийдвэрлэх хэрэгтэй. Хүн тэвчээд дуугай явах нь зөв шийдэл биш. Хэн нэгэн танд таагүй сэтгэгдэл төрүүлэхэд хэлэхгүй өнгөрсөн бол асуудлыг шийддэггүй. Таныг гомдоосон, таагүй сэтгэгдэл төрүүлсэн бол хэлэх хэрэгтэй. Хэлж байж л ойлголцож тайвширдаг. Нөгөө асуудал явж байгаад хэзээ ч, яаж ч дэлбэрч болно. Галт уул л гэсэн үг. Дээрэлхүүлээд байгаа юм шиг санагдаад хэн нэгэн рүү гар далайхад хүрдэг. Ингээд л эхэнд таны ярьсан зодоон цохион үйлдэгдэж байгаа юм. Бас хүн бухимдлаа өөр газар очиж гаргах гээд байдаг. Жишээ татахад, ажил дээрээ даргадаа загнуулж, бухимдана. Үүнийгээ олон хүний өмнө, удирдах албан тушаалтнууддаа илэрхийлэхгүй тээж яваад гэртээ очиж эхнэр , хүүхдэдээ гаргах тохиолдол их. Ихэнхдээ хүмүүс уур бухимдлаа сул дорой хүмүүст гаргана. Өөрөөсөө эрх мэдэл болон биеийн хүчээр илүү хүн рүү гаргаж чадахгүй. Гэр бүлийн стресс хүүхдэд хамгийн хүнд тусдаг. Насанд хүрсэн хүн тодорхой хэмжээнд стрессээ зохицуулаад сурчихсан байдаг. Хүүхэд бол асран хамгаалагчдаа зэмлүүлсэн, зодуулсан асуудлаа шийдвэрлэх нь хүндрэлтэй. Өөртөө итгэлгүй,сэтгэл зүйн асуудалтай иргэн болно гэсэн үг л дээ.
-Зөв төлөвшилтэй, тэвчээртэй иргэнийг хэрхэн бэлтгэх вэ. Энэ талаар зөвлөгөө өгөхгүй юу?
-Зөв төлөвшилт гэдэг гэр бүлээс эхтэй. Эцэг эхчүүдийн сэтгэл зүйн боловсрол нэмэгдэх боломжтой болсон. Гэр бүлийн уур амьсгал гэдэг тухайн хүүхдийг ямар иргэн болохыг тодорхойлж байдаг. “Бид ямар хүн болох нь 0-5 насанд нь шийдэгдсэн байдаг” гэж нэгэн сэтгэл зүйч хэлсэн байдаг. 0-5 насанд ирээдүйд ямар хүн болох, яаж амьдрах нь шийдэгддэг. Таван наснаас хойш бид тэр зохиолын дүрд л тоглогддог гэж. Бид хүүхдийн хөгжилд эрт анхаарах хэрэгтэй. Сургуульд ороход нь биш, их, дээд сургуульд ороход нь сайн сургахдаа ч биш. Аль болох гэр бүлийн орчин, эхнэр нөхрийн харилцаа таатай байх, асуудлыг шийддэг байх, хүүхдийн хажууд маргахгүй байх, биеийн болоод үгийн, харилцааны хүчирхийлэл хийхгүй байх хэрэгтэй. Жишээ нь, чимээгүй болно гэдэг харилцааны хүчирхийллийн нэг хэлбэр. Харилцааны зөв арга барилд суралцах, хүмүүжлийн зөв арга барилд суралцах шаардлага эцэг эхчүүдэд тулгарч байгаа. Томчууд зөв харилцдаг бол хүүхдүүдэд санаа зовох шаардлагагүй. Хүүхдүүд таны харилцааг л дуурайна. “Хүүхдээ хүмүүжүүлэх гэж санаа зовох хэрэггүй, таныг дуурайна, та өөрийгөө хүмүүжүүл” гэж үг байдаг. Гэр бүлийн сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх, хүүхдүүдийн цэцэрлэг, сургуульд нь сэтгэл зүйн боловсрол олгох нь орчин үеийн нийгэмд хийж болох ажил. Дээр үед бол боломжгүй байсан. Гэр бүл, сургууль цэцэрлэгийн орчин том хүмүүсийн харилцаа тухайн хүүхэд ямар хүн болохыг тодорхойлж өгдөг. Үнэтэй тоглоомоор тоглосон, амттай чихэр идсэн, чамин хувцас өмсөнө гэдэг хүүхдэд чухал биш.
-Барууны орнуудад иргэд нь амгалан тайван, уур бухимдалгүй амьдарч болоод байна. Тэдэнд манайхан шиг юм л бол зодолдох гээд байдаг сэтгэхүй алга?
-Хүний суурь хэрэгцээтэй л холбоотой. Наад захын суурь хэрэгцээ нь цэвэр агаараар амьсгалах, чанартай хоол идэх, аюулгүй цэвэрхэн тухтай орчинд унтах гэх мэт. Суурь хэрэгцээ хэрхэн хангагдсантай хүмүүсийн зан төлөв шууд холбогдоно. Хоолгүй хоноход хоолны л тухай бодохоос биш, хүнтэй сайхан харьцах тухай бодохгүй. Европын орнуудад суурь хэрэгцээ аль түрүүн хангагдчихсан. Үндсэн хэрэгцээнүүд нь хангагдсан учраас дараагийн үзүүлэлтээ яаж хөгжүүлэх тал дээр оюунаа ажиллуулж байгаа. Илүү тайван байдаг гэсэн үг. Манай улс барууны улсуудтай харьцуулахад ядуу шүү дээ. Хүнсний хэрэгцээгээ хангаж чаддаггүй олон гэр бүл байгаа. Хоолгүй хонож хичээл дээрээ ухаан алдаж унаж байгаа хүүхэд бидний дунд амьдарч байна. Суурь хэрэгцээ нь ийм байгаа учраас л нийгэм ялгаатай байна. Манайд хүнд чиглэсэн таатай орчин байна уу гэхээр харьцангуй доогуур үзүүлэлттэй. Энэ бүхэн биднийг уур бухимдалтай таагүй болгож харагдуулж байна.
-Сири, Ливан гээд дайн байлдаантай газар байна. Нэг дүүрэгт дайн болж байхад, хажууханд нь хурим болж байдаг. Иргэд нь ийм л амгалан. Манайхан өнөөдрийн амьдралдаа сэтгэл хангалуун бус, уур бухимдалтай байх юм. Энэ юутай холбоотой вэ?
-Энэ таны хувийн үзэл. Өнөөдөр сайхан амьдарч байгаа, өөрсдийн амьдралдаа сэтгэл хангалуун олон гэр бүл байгаа шүү дээ, манайд. Үүнтэй санал нийлэхгүй байна. Хүн бүхэн ертөнцийг өөр өөрийнхөөрөө л дүгнэнэ. Хүсвэл аз жаргалыг дайн тулааны үед ч мэдэрч болно. Монголчууд ч дайн тулаан үзсэн. Дайн болж байна гээд аз жаргалгүй байна гэж үгүй. Би хоолгүй байгаа юм чинь гээд сэтгэлийн аз жаргалыг эдэлж чадахгүй байна гэсэн ойлголт биш. Аз жаргалын тухай мэдрэмж ойлголт гэдэг хүн бүрт л өөр. Зарим хүүхдийн тухайд шоколад идэх гоё. Заримынх нь тухайд шоколад биш, идэх юм л чухал. Өөр нэгний тухайд идэх юм биш сайн найзтай байх нь аз жаргал байдаг. Хүмүүс юуг аз жаргал гэж харж байна гэдэг ялгаатай. Монголд хүн бүр л уур бухимдалтай байна гэвэл бүгд хүлээж авахгүй болов уу. Өөрийгөө аз жаргалтайгаар мэдрэх үү, аз жаргалгүйгээр мэдрэх үү, азгүйгээр мэдрэх үү гэдэг бидний тархинд байдаг. Өөрийгөө тайван байлгах гэдэг бидний дотор бий. Түүнээс биш улстөрчдийн хийдэг зүйл биш. Ядаж амьдрал сайжраасай, замаа засаасай ч гэж бухимддаг. Энэ бол хэзээ ч болихгүй. Хүн бодит байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Та тайван байж, уур бухимдлаа удирдах нь танаас шалтгаална.