Categories
мэдээ соёл-урлаг

Жүжигчин Б.Золзаяа: Итгэл бүсгүйн дүр бол ямар ч илүү хувиргалт үгүй дүр

Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театрын 2019 оны шинэ уран бүтээл болох “Бүсгүйн Зурвас” нийгмийн уянгын драм нь маргааш буюу гуравдугаар сарын нэгэнд нээлтээ хийх юм.Жүжгийн талаар болоод урлаг, уран бүтээлийнх нь тухай ярилцахааруг жүжгийн гол дүрийг бүтээсэн залуу уран бүтээлч Б.Золзаяатай ярилцлаа.

-Энэхүү уран бүтээл таны хэд дэх уран бүтээл вэ?

-Улсын драмын эрдмийн театрт орж ирснээс хойш хамгийн анх СТА Ч.Түвшин найруулагчийн “Жаргаагүй нар” түүхэн жүжигт “Борчулуун” бүсгүйн дүр, СТА Б.Хишигзаяа найруулагчийн “Царцаа намжил” хүүхдийн жүжигт “хулгайч эмгэний” дүр, СТА Ч.Түвшин найруулагчийн “Оддын өвчин” инээдмийн жүжигт “Диана” хэмээх бүсгүйн дүрүүд дээр тус тус ажиллаж байлаа. Одоо миний дөрөв дэхь уран бүтээл болох “Бүсгүйн зурвас” хэмээх энэ нийгмийн уянгын драмын жүжигт “Итгэл” гэдэг сэтгүүлч эмэгтэйн дүр дээр ажиллаад маргааш үзэгчидийн хүртээл болоход бэлэн болоод байна.

-“Бүсгүйн зурвас” гэх энэ жүжгийн гол дүрийн эзнээр шалгархад ямар сэтгэгдэл төрсөн бэ? Хэр айж, сандарч байв?

-Би өөрийгөө энэ гол дүр дээр ажиллана гэж төсөөлөө ч үгүй. Бид нар жүжгээ бусаддаа уншиж танилцуулдаг л даа. Тэгээд Н.Наранбаатар найруулагч “Шинэ жүжгээ хэн уншиж танилцуулах вэ” гэхэд нь “Би уншъя” гээд л хэлчихсэн. Ямар ч уран бүтээлч хүнд сайхан зохиол уншаад “Энэ гоё дүрд ажиллахсан” гэсэн хүсэл төрдөг. Үүн шиг зохиолоо уншиж байхад “Итгэлийн үр ямар гоё юм бэ. Энэ дүрдсонгогдохсон” гэж бодож байлаа. Зохиол уншиж дуусаад дүр танилцуулахад найруулагч маань “Архайгийн дүрд МУГЖ Б.Жаргалсайхан, СТА С.Болд-Эрдэнэ” гэлээ. Одоо Итгэл…зүрх түг түг гээд л. Тэгтэл найруулагч маань “Итгэлийн дүрд залуу уран бүтээлч Б.Золзаяа” гэсэн.Тэр үед секундын дотор мянган бодол бодогдсон. Одоо дүрээ авснаас хойш сар болж байна, хэр болсонг үзэгчид маань л хэлэх байх даа.

Итгэл хэмээх сэтгүүлч бүсгүйн дүрийг бүтээхэд бусад дүрээс тань юугаараа онцлог байв? Хүндрэлтэй зүйл их байсан уу?

-Миний бяцхан хүсэл бол өөрийгөө хувиргалгүй, яг л өөрийнхөө царай төрх, нас намбаар дүр бүтээж тоглохыг хүсдэг байсан. Өмнө өөрөөсөө эгчмид ч юм уу, эсхүл бүр хөгшин ч юм уу, тиймэрхүү дүрүүд дээр ажиллаж байсан л даа. Харин Итгэл бүсгүйн дүр бол ямар ч илүү хувиргалт үгүй сайхан дүр байсан. Мөн сэтгүүлч гэдэг энэ том мэргэжлийг яаж зөв илэрхийлэх үү, яаж энэ дүрийг бүтээх үү гэдэг талаар маш олон эрэл хайгуул, судалгаа хийсэн. Учир нь сэтгүүлч хүний хэлж ярьж байгаа үгэнд иргэд итгэж, үнэн зөв мэдээллийг тэднээс л хүлээдэг. Тийм болохоор сэтгүүлч гэдэг хүн ямар ёс суртахуун, ёс зүйтэй байх ёстой юм? Яг энэ бүхнийг харуулахыг зорьсон. Ер нь үнэний төлөө явж байгаа сэтгүүлч эмэгтэйн дүр.

-Хамт олны тань зүгээс хэр их туслалцаа, дэмжлэг үзүүлсэн бэ? Анхны гол дүр чинь шүү дээ?

-Хамт олны тусламж, дэмжлэг мэдээж байлгүй л яахав, тэдэндээ их баярлаж явдаг. Ялангуа Н.Наранбаатар найруулагч маань маш олон зүйлийг хэлж, зааж өгсөн. Ухаантай хүний үг үнэхээр агуу байдаг юм билээ. Найруулагчийнхаа хэлснээр олон зүйлийг судалж, хайж, сурч мэдэж авсан.

-Дүрээ сэтгэлдээ тултал, итгэл дүүрэн бүтээж чадсан уу?

-Би дүр бүтээж байна, бүтээнэ гэж ярьж чадахгүй ээ. Цагааны Цэгмэд гуай гэдэг мундаг хүн ч тэгж яридаггүй юм гэсэн. Энэ дүр дээр ажиллах хугацаанд маш олон хүндрэлтэй зүйлүүд тулгарсан. Маш их зүйлийг сурч, мэдэж байгаа ч чадахгүй зүйл бас байна. Бүх юмийг төгс хийдэг хүн гэж угаасаа байхгүй шүү дээ. Тэрэнтэй адил яг л алдаатай оноотой мөчүүд их байсан. Өөрийнхөө хувьд дүр дээрээ яаж ажилласанаа гадарлаж байгаа ч гэсэн, үзэгчидийн санал, шүүмж хэр их ирэх бол тэрийг л хүлээж байна.

– Жүжгийн утга агуулгаас товч тодорхой яривал?

-Төрийн түшээ хүнтэй сэтгүүлч эмэгтэй хөрөг ярилцлага хийхзорилгоор гэрт нь ирнэ. Ярилцлага тал дундаа орж байх үед гэрт нь гэнэтийн зочид ирэх болсны улмаас ярилцлагаа маргааш нь үргэлжлүүлэхээр тохирно. Маргааш нь сэтгүүлч сайдын гэрт очиход өчигдөр өөртэй нь уулзсан тэр хүн төрөл арилжсан мэт өөрчлөгдсөн байна.Ингээд л Архай сайдын харилцаа хандлага, ярьж хэлсэн бүрийн алинд нь чухам “ҮНЭН” оршиж байгаа нь мэдэгдэхгүй болно. Эндээс л нууц, үнэн бүх юм эхлэнэ дээ.

-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

М.САЙНЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *