БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ
Түүх хоёр удаа давтагддаг. Эхнийх нь гамшиг, дараагийнх нь элэглэл.
Карл Маркс
ХАРЫНХАН БА ШАРЫНХНЫ МУУДАЛЦААН
1919 оны арваннэгдүгээр сарын 22-нд Хятадын ерөнхийлөгчийн зарлигаар Гадаад Монголын автономи эрхийг цуцалсан бол 1921 оны хоёрдугаар сард Унгерний цэрэг Хүрээг чөлөөлж Богд хааныг ширээнд нь буцаан залж, Монголын Засгийн газрыг дахин эмхлэн байгуулснаар үнэн хэрэгтээ тусгаар тогтножээ.
Хятадын ерөнхийлөгчийн зарлигаар автономийг устгаж Монголыг төргүй болгосон жил гаруйгийн намтрын эх үүнээс хоёр жилийн өмнөөс үүдэлтэй. Октябрийн эргэлтийн дараа Орост иргэний дайн өрнөн, улмаар Сибирийн ихэнх нутагт самуун гаарснаар Монголд нөлөөлөх Оросын хүч суларсныг ашиглан хятадууд алдагдсан эрхээ сэргээх боломж хайх болов. Үүнийг хэрэгжүүлэх хэд хэдэн далим үүсчээ. Юун түрүүн Нармай Монгол байгуулсан атаман Семёнов үүнээ Халхаар зөвшөөрүүлэх гэж улайран заналхийлэх болов. “Хүрээ рүү төлөөлөгч явуулж Богд хааныг нийт Монголын хаан ширээнд суулгахаар ятгах, татгалзвал Хүрээ рүү Дагуурын Засгийн газрын цэргийг хөдөлгөх” шийдвэр гаргажээ.
Гэхдээ гол шалтгаан нь Монголын хар, шар феодалуудын хоорондын зөрчил дээд цэгтээ тулснаас эхтэй. Засгийн газар байгуулсан өдрөөс л шарын төлөөлөгч Да лам Цэрэнчимэд, харын төлөөлөгч Чин ван Ханддорж нар биенээ үзэхээ больсон. Богд хаан Цэрэнчимэдэд илүү талтай авч зөрчил хэт хурцдаад ирэхээр тэнцвэр тогтоохын тулд Бүгд хэргийг ерөнхийлөн шийтгэх яам байгуулан Ерөнхий сайдаар Чингисийн шууд угсааны Сайн ноён хан Намнансүрэнг томилжээ. Цэрэнчимэд ч, Ханддорж ч тэгсхийгээд үл мэдэгдэх шалтгаанаар дараалан үхсэн ба Хайсан, Удай зэрэг өвөр монголчуудыг хавчин хөөж явуулснаар түр намжмал байдал үүсчээ. 1918 онд Ерөнхий сайд Намнансүрэн үл мэдэгдэх шалтгаанаар гэнэт нас барж, оронд нь Да лам Бадамдорж хэмээх шарын төлөөлөгч томилогдов.
Богд хааны дэмжлэгтэйгээр шарынхан төрийн эрх авснаар ноёд, ван, гүн нарыг хавчин татварыг нэмэгдүүлэх мөртөө хутагт хувилгаадыг дэмжин Их шавь болон бусад шавийг алба гувчуураас чөлөөлөх төдийгүй шавь руу зугтаасан харц ард нарыг өмгөөлөх болов. Иймэрхүү гадуурхал нь ноёдын хилэнг хөдөлгөж, тэд шарынхны эсрэг нэгдэж эхэллээ. Л.Дэндэвийн бичсэнээр “Их Шавьд алба гаргуулахыг үүрд хэрэгсэхгүй болгосноор дөрвөн аймгийн тэргүүлэгчдийн гомдол хорсол улмаар нэмэгдсэн”.[i] Чингис хааны шууд угсааныхны хүч нөлөө маш их тул тэдний “хорсол” аймшигтай үр дагавартай байж таарна.
Хиагтын гэрээний гурван субьектийн нэг нь болох Орос бараг байхгүй болсонд тооцогдохоор болжээ. Хэд хэдэн засагтай болсон Оросын төрийг аль бүлэглэл хууль эрхийн хүрээнд төлөөлөх нь тодорхой бус болов. Ийм учраас монголчууд энэ асуудалд яаж хандахаа тодорхойлохоор 1918 оны зун цуглав. Семёновын тулгаад байгаа Нармай Монгол бодлогод ямар хариу өгөх талаар хэлэлцэх гэсэн хэрэг.
Хуралдаанаас бичиг шийтгэн Богд хаанд өргөн барьжээ. Учир нь автономит Монголын цэргийн зардлыг Халх дөрвөн аймаг гаргадаг ба Дөрвөдийн хоёр аймаг болон Шавь үүнд оролцдоггүй байв. Дээрх бичгийн гол санаа нь Дөрвөд хоёр аймаг болон Шавиас цэргийн зардлыг хамтран даах санал гомдлын агуулгатай юм. Богд Дөрвөд аймгаас цэргийн зардал гаргуулахыг зөвшөөрөөд, “Шавьд алба гаргуулахыг үүрд хэрэгсэхгүй болгох” гэсэн хариу өгчээ.
Үүнд дөрвөн аймгийн төлөөлөгчдийн гомдол хорсол улам нэмэгдэж… Их шавиас цэрэг ба хүнс гаргуулахгүй бол дөрвөн аймаг дангаар улс төрийг хамгаалж чадахгүй бөгөөд, ингэж байснаас Хятадыг түшсэн минь дээр гэдэг дээр асуудал шийдэгдсэн.[ii]
Нармай Монголыг байгуулах гэсэн Дагуур дахь санаачилга Монголын автономийг устгахаар хөөцөлдөж байсан Чэнь И-д аятайхан далим боллоо. Тэрээр Бээжин рүү энэ хэргийг улам дэвэргэн бичиж, Богдын Засгийн газрыг Семёновоор айлгах тактикт шилжив. Түүний шахалтаар Монголын Засгийн газар “…Семёновын цэргийн зэвсгийг хурааж Чита хотод байгаа Хятад, Монголын үймээнч цэргийг тараан, хатуу чанга хяналтын дор нутаг усанд нь буцаах талаар яаралтай арга хэмжээ авахыг төв Засгийн газарт мэдэгдэхийг эрхэм сайд Танаас гуйсугай”[iii] гэсэн төгсгөлтэй аврал эрсэн урт бичиг шийтгэж өөрт нь барьлаа. Аль шинэтгэлийн бодлого хэрэгжиж эхэлсэн үе болох 1907 оноос л монголчуудыг аргалах хэн ч чадаагүй ажлыг Чэнь И гүйцэтгэн түүхэнд гавьяа байгуулахаар ихэд улайрлаа. Тэрээр Гадаад Монголын өөртөө засахыг устгасны хойно, Хятадын Засгийн газраас Гадаад Монголыг хүндэтгэн үзэх ба жич хойчийг сайжруулах хууль зүйл гэсэн урт нэртэй хуулийн төсөл өөрөө боловсруулаад Гадаад Монголын Засгийн газрын ихэстэй хэлцэл хийж эхлэв. Эхлээд тэрээр ГЯЯ-ны тэргүүн сайд Цэрэндоржтой уулзжээ. Монголчууд сайн дураараа автономи эрхээсээ өөрөө гуйн татгалзаж өргөдөл хийж өөрт нь өгөхийг шаардаад хэрэв эс чингэвэл хойчийн өдөр гэмшилтэй явдал болно гэж сүрдүүлэв.[iv] Сайд түүнд энэ асуудлаар Ерөнхий сайд болоод Богд гэгээнтэй ярилцах болно гэж хариулжээ.
Оросын хувьсгалын дараа большевик аюулаас болгоомжлон хятадууд Монгол дахь цэргийн хүчээ нэмэгдүүлж эхэллээ. Гэхдээ эхэндээ Монголын талын зөвшөөрлийг авч байсан юм. Гэтэл Хүрээн дэх Оросын консул ба Бээжин дэх Оросын элчингээс Монголд буй орос иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах хүсэлт гарав. Хүрээн дэх Оросын консул А.Орлов улаантны аюулаас айж Хятадаас тусламж гуйх төлөвлөгөөг ихэд дэмжиж байв.
Хятадаас цэргийн тусламж гуйх ба автономийг устгах болсон процессыг хожим Дилав хутагт Жамсранжав маш тодорхой өгүүлсэн юм. Богд хаантай тэрсэлсэн хэсэг ноёд Чэнь И-тэй уулзан хятад цэрэг урих тухай төлөвлөн тохирчээ. Тэгээд Богд хаанд бараалхан улаан Оросын аюулаас болгоомжлон энэ талаар хятад түшмэлтэй хэлэлцье гэсэн байна. Богд хаан үүнийг эсэргүүцэн:
“Бид энэ хэвээр зүгээр сууж байхад огт гэмгүй. Гэхдээ нэгэнт та нар ингэж шийдсэн бол хятад түшмэлээс үгийг нь сонсож болох юм” гэжээ.
Тэд Чэнь И-тэй уулзаад: “Хятадын ерөнхийлөгчөөс асууя гэж байна” гэсэн хариу авчирав.
Богд хаан үүнд: ‘’Чэнь И-тэй зөвлөх хэрэггүй. Зүгээр л суугаад байхад ямар ч гэм болохгүй’’.
“Чэнь И- тэй нэгэнт уулзчихсан. Ерөнхийлөгчөөс асуугаад хариу хэлнэ гэсэн болохоор Бээжин рүү утас цохиогүй бол ингээд болиулчихъя”.
Тэд маргааш нь: “Чэнь И нэгэнт утас цохижээ. Бээжингээс Ерөнхийлөгчийн хариуг хүлээхээс өөр аргагүй” гэж Богдыг аргалав. Хэд хоногийн дараа; “Хятадын ерөнхийлөгч манайд тусaлж болно гэсэн байна. Гагцхүү автономио устга гэжээ” гэсээр орж ирэв.
Богд: “Би бодвоос нэг муу түшмэл Чэнь И-гийн үгэнд орох хэрэггүй. Дахин нарийвчлан хэлэлцэж тогтоо”.
Тэд элдэв арга мэх хэрэглэсээр Богд хаанаар “Та нар олонд тустай юм хийх гэж байгаа бол би хориглохгүй. Гагцхүү сайтар нарийвчлан судал” гэсэн зарлиг гаргуулжээ.
Маргааш нь Богд: “Миний урьд шөнийн зүүд билгийг үзвээс Хятадтай нийлснээр сайн юм ер болохгүй. Харин зүгээр чимээгүй суугаад байхад ямар ч гэм хор болохгүй. Иймээс Хятадын ерөнхийлөгчөөс энэ тухай юм хум битгий асуу”.
Монголын хэсэг ноёд хариуд нь: “Бид Ерөнхийлөгчөөс лавладгаа лавлаад, Монголын Хурлын нэрээр цахилгаан явуулчихсан болохоор одоо хариуг нь хүлээхээс өөр үггүй. Иймээс Түр Хурлыг тарааж Бээжингээс хариу ирэхээр жич хэлэлцье” гэжээ. [v]
Ийнхүү хэсэг ноёд, ван, гүн нар “лам нараар толгойлуулсан төрийг” эсэргүүцэж Чэнь И-тэй хуйвалдах замаар автономийг устгахаар үгсэн тохирчээ. Сэцэн ханаас – Шүүх яамны дэд сайд Наваанэрэн, Түшээт ханаас – Дотоод яамны дэд сайд Пунцагцэрэн, Сайн ноён ханаас – Цэргийн яамны сайд Жамъяндорж, Засагт ханаас- Жалханз хутагтын нэрийн өмнөөс Гадаад яамны сайд Цэрэндорж Чэнь И-тэй хэлэлцээ хийж нэг талаас Хятадын ерөнхийлөгчийн төлөөлөгч, нөгөө талаас монгол ноёдын дэвшүүлсэн төлөөлөгч гэсэн адил зиндаатай хоёр албан тушаалтанд засгийн эрхийг шилжүүлэх болзолтойгоор автономийг татан буулгахаар тохиролцжээ.[vi] Оросын тэтгэмж зогссон, Хятад мөнгө амласантай энэ бүхэн цаагуураа холбоотой байв. Чэнь И-тэй хийсэн энэ хуйвалдаан нь эцэстээ 64 зүйлээр зангидагдан ван, гүнгийн тусгай эрхийг хадгалан хамгаалах заалтаар дүүрэн хэлэлцээний ноорог эх болжээ. Гэвч эцэст нь Монголын автономи нь Чэнь И-гийн хэлэлцээрээр биш, Сю Шүжаны цэргийн хүчний айлган сүрдүүлэлтээр устсан бөлгөө.
Хятад цэргийг урьж, автономийг устгаж Хятадад бүрэн дагаар орохоор Чэнь И-тэй хуйвалдсан монгол ноёдын заримыг нэрлэвэл: Монгол Улсын Цэргийн яамны тэргүүн сайд, Сайн ноён хан аймгийн жанжин, эрдэнэ ван Жамъяндорж, мөн яамны дэд сайд, Түшээт хан аймгийн жанжин, бэйс Сономдорж, Гадаад яамны тэргүүн сайд, хичээнгүй бэйс Баолингийн Цэрэндорж, мөн яамны дэд сайд Засагт хан аймгийн чин ачит ван Гончигдамба, Сайн ноён хан аймгийн итгэмжит бэйс Цогт-Очир, Дотоод яамны дэд сайд, Түшээт хан аймгийн чуулганы дарга дархан ван Пунцагцэрэн зэрэг болой.
ЕРӨНХИЙ САЙД БАДАМДОРЖ
Намнансүрэн 1918 оны зургадугаар сард Эрхүү оржээ. Түүнийг Эрхүүд Борис Шумяцкий, Сергей Лазо гэсэн большевикууд хүлээн авсан гэсэн баталгаагүй яриа бий.[vii] Энэ үнэн бол Зөвлөлт засгаас Гадаад Монголын төлөөлөгчидтэй уулзсан анхны уулзалт байсан болж таарч байна. Намнансүрэн нутагтаа ирээд тун удалгүй хүндээр өвдөн хорвоог орхисон. Түүнийг олон хүн хорлогдсон гэж үздэг. Монголын тусгаар тогтнолыг сэргээх хэрэгт хүчин зүтгэсэн олон хүн учир битүүлэг байдлаар үхсэн юм. Да лам Цэрэнчимэдээс гадна Түшээт хан Дашням, Засагт хан Содномравдан, ГЯЯ-ны сайд Ханддорж, Сангийн яамны сайд Чагдаржав, бинт ван Гончигсүрэн, Цэргийн яамны сайд Гомбосүрэн нар зуурдаар нас барсан нь хорлогдсон байж болох тун магадлалтай. [viii]
Намнансүрэнгийн оронд Ерөнхий сайд болсон Бадамдорж бол Монголын тусгаар тогтнолын хэрэгт даруй 20 гаруй жил тэмцэж амьдралаа зориулсан лам хүн билээ. Тэрээр Монголын тусгаар тогтнолыг сэргээхэд Оросоос тусламж гуйсан анхны элч юм. 1900 онд тэрээр Богдын даалгавраар донир Цэнд-Очирын хамт нууцаар хил давж Санкт-Петербург орон II Николай хаантай уулзан Монголыг тусгаар тогтноход Оросын зүгээс тусламж үзүүлэхийг гуйж байжээ.[ix] 1910-1911 оны хөдөлгөөний гол толгойлогч нарын нэг, Богдын хамгийн итгэлт шадар хүний нэг энэ өвгөн лам туйлын хянуур нэгэн байсан бололтой. 1911 онд Ханддорж нар Орост сэм явсны дараа сэжиг авсан Саньдо амбан Бадамдоржоос тулган асууж улайлгаж байв хэмээн нэг нэгнээсээ хуулсан түүхийн баримтад тэмдэглэсэн байдаг.
Хэргийн мөрөөр хөөвөл Бадамдоржийг Саньдо амбан дуудаж Цэрэнчимэд, Ханддорж нарын тухай шалгаахад “Би мэдэхгүй, харин чи үүнийг мэдэж байх үүрэгтэй юм байгаа биз дээ” гэж мохоож байсан аж.
Бадамдорж, Цэрэндорж хоёр Чэнь И-тэй гол тохироог хийсэн гэдэг. Гэтэл хятад цэргийг урих, автономийг устгахын эсрэг хамгийн хүчтэй эсэргүүцсэн хүн нь Бадамдорж юм. Тэрээр Чэнь И, Цэрэндорж нарын боловсруулсан автономийг татан буулгах 50 зүйлтэй баримт бичгийг Засгийн газарт хэлэлцэхэд маш ихээр эсэргүүцсэн боловч санал дутсан билээ. [x] БНМАУ-ын түүх III -д Автономийг устгах санал Засгийн газарт орж ирэхэд ганц нэг шар феодал эсэргүүцэж бусад нь зөвшөөрчээ гэж бичсэн байна.[xi] Энэ “ганц нэг шар феодал” нь Бадамдорж юм. Харин түүх бичээчид тухайн үед нэр нүүрийг нь шавартай хутгаад хаячихсан Бадамдоржийн нэрийг ил хэлж зүрхэлсэнгүй.
БНМАУ-ын түүх-д автономийг устгах Чэнь И-гийн бичгийг Богд, Бадамдорж нар өөрсдийн хувийн хомхой сонирхлын үүднээс зөвшөөрсөн[xii] гэжээ. Үнэн хэрэгтээ Богд хаан, Бадамдорж нар яаж ч эсэргүүцээд эцэст нь ялагдаж шаварт унасан шарын эзэн болжээ. Нэгэнт улс орны гадаад, дотоод бодлогыг тодорхойлох, төлөөлөн гэрээ хэлэлцээ хийх үүрэгтэй болохоор Ерөнхий сайд Бадамдорж, Гадаад явдлын яамны сайд Цэрэндорж нараас өөр хэн асуудлыг гардах билээ? Тэгээд ч Цэрэндорж нь автономийн устгах үзэл бодолтны толгойлогч нарын нэг.
Богд болон Эх дагина, мөн бусад язгууртанд “хойчийг засамжлахдаа” тун хайнга хандсан байна хэмээн Бадамдорж “чамлаж”, тэр хэрээр нь хятад элч шан харамж, цол ямбыг нь нэмэхээр бичигтээ тусгажээ. Гэхдээ Бадамдоржийн энэхүү дээдсийн шан харамж бага байгааг хэлсэн нь хойшлуулах, цаг авах гэсэн заль болох нь илэрхий харагддаг. Чэнь И монголчуудын хэзээнээс хээл хахуульд дуртай араншинг нь ашиглах гэж бодсон байх, харин наадуул нь тулгарсан зовлонг хойшлуулахын тулд шалтаг л хайж байж. Бадамдоржийн талаарх түүхийн ойлголт их өрөөсгөл юм. Гэрээнд Бадамдорж 64 зүйл нэг бүрийг өөлөөд байсан байдаг. Гэтэл мань хүнийг шан харамжаа нэмэх гэж байснаар түүх бичлэгт харуулдаг. 64 зүйлийн дотор Монголын ноёд ихэст өгдөг байсан Манжийн үеийн цалин пүнлүүг эргэж сэргээх заалт байдаг төдийгүй түүнийг ямар тушаалтанд хэдээр тооцох тухай тодорхой өгүүлсэн жагсаалт байдаг нь одоо ч Улсын архивт хадгалаастай. Өвгөн эх оронч яаж ийгээд сунжруулсаар гэрээг ерөөсөө бүтэлтэй юм болгоогүй атал хожмын коммунист түүхчид энэ баримтыг ашиглан Бадамдоржийг Хятадаас 60 мянган лан авахын тулд улс орноо худалдсан мэтээр, мөнөөх пүнлүүг авсан мэтээр муухайгаар гүтгэсэн юм. Дилав хутагтын баталж буйгаар Монгол төрийн нэрийн өмнөөс хэлцэл хийсэн Бадамдорж үүнийхээ төлөө сохор зоос ч аваагүй.[xiii] Эхнэр хүүхэдгүй ганц бие санваартан Бадамдорж их настай хүн байлаа. Далан нас зооглоно гэдэг тэр үеийн жишгээр маш өндөр нас. Түүний цаг сунжруулсны хүчинд Чэнь И-гийн гэрээ батлагдаагүй. Хятадад иргэний дайн болж байна, хойд талд Орост бас иргэний дайн. Цаг яаж ч эргээ билээ гэж алсыг хараад байсан бололтой.
Богдод ойр, нэр нөлөө ихтэй Бадамдорж Ерөнхий сайд болсноор зөрчил бүр ихэссэн. Ер нь шарынхан ч зүгээр байгаагүй л дээ. Бадамдорж Ерөнхий сайд болсноор шарынхны төрийн оролцоо нэмэгдэн, ноёд язгууртныг тоохоо болин дураар дургих болжээ. Магсар хурцын тэмдэглэснээр шарынхан шавь нэрээр олныг хурааж, эрх мэдэл нь чангарсан хутагт хувилгаадаас авахуулаад хаалгач донир хүртэл хошуудын эрх баригчдыг доромжлох нь хэрээс хэтэрч, зарлиг лүндэнгээр ноёдын хэргэм зэргийг эвдэж байжээ.[xiv]
Иймээс л ноёдууд Шанзав Бадамдоржийн дор байснаас автономигүйгээр шууд Хятадын харьяалалд байсан нь дээр гэж үзээд цэрэг илгээхийг хүссэн захидал Бээжин рүү бичсэн байдаг. Тэд түүгээрээ Хятадаас одон авснаа ичихгүй зүүчихсэн фото зураг ч бий. Одон авахын тулд бөөнөөрөө Бээжин явахад гол оролцох учиртай Ерөнхий сайд Бадамдорж “Цагийн байдал харна. Цаг өдөр болгон шахам эрс өөрчлөгдөж байна шүү” хэмээн цаадуулыгаа болиулах санаа хэлээд өөрөө эрс татгалзан яваагүй.
Ерөөсөө Монголын тусгаар тогтнолын төлөө эхнээсээ эргэлт буцалтгүй тэмцэж байсан хүнийг коммунист үзэл сурталчид л нэр нүүрийг нь сохлоод хаячихсан юм. Ерөнхий сайдын хувьд хэлэлцээ хийсэн болохоор түүнийг “урвагч” гэж нэрлэх явдал нас барснаас нь олон жилийн хойно зохиогджээ. Бадамдоржийг сайн мэдэх Магсар хурцын Монгол Улсын шинэ түүх, Дэндэвийн Монголын товч түүх-д түүнийг муулсан юу ч үгүй, харин ч ихээр магтсан байдаг. Энэ хоёр зохиол хорь, гучаад оны үед хэвлэгдсэн. Дэндэв номдоо Бадамдоржийн зургийг хүртэл онцлон оруулж сайшаасан байдаг. Харамсалтай нь дээр өгүүлсэн БНМАУ-ын түүх гурван ботид Автономийн үеийн асуудлыг хамгийн сайн мэдэх гэрч Дэндэв, Дилав хутагт, Магсар хурц нарын бичиж үлдээсэн түүхэн баримт бүхий номуудыг огт ашиглаагүй, огт дурдаагүй байх юм. Сүрхий эшилсэн Чойбалсан, Дэмид, Лосол нарын 1934 онд хэвлүүлсэн “Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсч байгуулагдсан товч түүх” номд Бадамдорж, Цэрэндорж нарыг урвасан учир ална хэмээн Данзан ярьж байсан тухай нэг өгүүлбэр бий. Ийм ойворгон үг хэлсэн ч байж магадгүй, гэхдээ батлагдсан өөр сурвалж алга.
Бадамдоржийг хамгийн муухайгаар гүтгэсэн зүйл 1942 онд бүтээгдсэн Сүхбаатар кинонд гардаг. Богдтой хамгийн ойр шадар ламыг Бадамдорж гэх ба тэр нь Сүхбаатарт хор өгдөг. Сүхбаатарыг нас барах үед Бадамдорж хэдийнэ хорвоогоос хальсан байсан. Энэ зохиолыг бичсэн орос зүгээр нэг ламыг муу хэлсэн атал зориуд түүнд Бадамдорж нэр өгчээ. “Уут уут мөнгөөр /Улсаа худалдсан сайд/ Богц богц мөнгөөр /Богдыгоо худалдсан сайд” гэсэн дууг тэр үеийн Хүрээнийхэн дуулдаг байжээ гэсэн баримт анх 1959 оны үед Өвгөн Жамбалын яриа-нд гарчээ.[xv] Өвгөн Жамбал гэж тухайн үеийнхээ үзэл сурталд тааруулаад их худлаа залдаг архичин хүн байсны яриаг Дамдинсүрэн гуай тэмдэглэж авсан юм билээ. Зарим хүний баталж байгаагаар гучаад оны үед театрт тавьдаг асан хувьсгалч балай жүжигт ардын дууны аяд ийм үг оруулан дуулж байсан ч гэдэг.
Бадамдоржийн “хамаг нүглийг” илчилсэн хүн бол түүхч хэмээх Галсангийн Навааннамжил юм. Түүний бичсэн метериалыг Х.Пэрлээ Өвгөн бичээчийн өгүүлэл нэрээр 1956 онд хэвлүүлжээ.[xvi] Энэ “өвгөн бичээч” нь мөнөөх залдаг архичин өвгөнөөсөө олон арав дахин худалч нэгэн. Гэхдээ түүхч нэртэй, үзэл суртал маш сайн ойлгодог, бичиг үсгийн боловсролтой нэгэн. Автономийн үед бичээч байсан түүнийг хамгийн чадварлаг хурдан бичдэгүүдийн нэг гэж магтагддаг байсан гэх яриа ч бий. Энэ хүн Чойбалсангийн тухай элдэв үлгэр домог олныг зохиож түүхийн үнэн болгон гүжирдсэн, энэ талын мастер нэгэн байлаа. Чойбалсангийн тухай “Жанжин Чойбалсан баруун замын байлдаанд”, “Дайсны ард нэвтэрсэн нь” гэх мэт нуль адал явдал дүүрэн “түүхийн” нэлээд ном хэвлүүлсэн. Өнөө болтол Монгол орноор нэг тархсан Сүхбаатарын хэлсэн мэргэн сэцэн үг гэдгийг Навааннамжил хуугаар нь зохиосон юм. Улаанбаатарын төв талбайд буй Сүхбаатарын хөшөөний нүүрэн дэх бичиг ч Навааннамжилын зохиол.
Өвгөн бичээчийн өгүүлэл-ийн ихэнх факт баримт хожмын түүхчдийн судалгаагаар батлагдаагүй. Түүний өгүүлснээр Чэнь И-тэй хуйвалдаж их хөрөнгө мөнгө идсэн хүн нь Бадамдорж болж, харин жинхэнэ зохион байгуулсан Цэрэндоржийн нэр болохоор энд огт алга. Өвгөн бичээч маань энэ түүхийн бичвэртээ гол гэрч хэмээн өөрийгөө Анваан (Наваан гэдгийг тонгоруулж) нэрээр оруулжээ. Сүхбаатар, Чойбалсан нарын хувьсгалт тэмцэл хүчээ авангуут түүнээс айж сандарсан Бадамдорж мань Анвааныг дуудаж авчираад “Чи энэ үл бүтэх улстай нийлж автономийг эргэж босгох гэж байна” хэмээн толгой түрүүгүй аашилжээ. Сайд Бадамдорж, Чэнь И нар Монголыг дахин Хятадад захируулснаар хэргэм зэргээр олон хүнийг шагнаж цалин пүнлүүг ихээр нэмэгдүүлнэ гэж цуу тараасан чинь цөмөөр хэргэм зэргийн эрэлхийлэлд мордон үүнд нь панзчин, яргачин хүртэл горьдон нийлж үлэмж олон хүн гүн, бээл, бэйс, ван цолыг авч байсан гэнэ. Энэ нь Анваанд шинэхэн буртаг дээр олон золбин нохой цугларан булаалдаж буй санагдан инээд нь хүрээд явж байтал өөрийг нь гүн цолоор шагнаад хаясан байгаа юм. Гүн цол нь түүний амьдарч хүмүүжихэд нь тус болох байтугай чирэгдэл сүйтгэлд дарагдан бөөн дарамт болжээ. [xvii]
За нэг иймэрхүү л хүүхдийн яриа шиг хөгийн “түүх” цаг өнгөрөх тутам баримтжин “үнэн” болсон юм. Хэсэг хүүхэд Бадамдоржийн хашааны гадна Сю Шүжаны машины чагнаал дуурайн дуугарахад мань лам гэрээсээ бөхөлзсөөр гарч ирэв гэх мэтийн “үнэн баримтууд” уран зохиолоор дамжин буй болсон. Ялангуяа Дашдэндэв зэрэг зохиолчид иймэрхүү түүх зохион бодож олохдоо үнэхээр гарамгай байсан юм. [xviii]
1992 онд Төрийн ордны хоёрдугаар давхарт Монгол Улсын Ерөнхий сайд нарын хөргийг өлгөх шийдвэр гарсан. Тэнд Бадамдоржийн хөргийг байрлуулалгүй хоёр жил болсон ба үүнээ “урвагч учир” гэж тайлбарлаж байлаа.[xix]
АВТОНОМИЙГ ЦЭРГИЙН ХҮЧЭЭР УСТГАВ
Үнэн хэрэгтээ Монгол төрийн удирдагчдын хүсэлтээр 1919 оны зунаас хятадууд Гадаад Монгол руу бөөн бөөнөөр нь цэрэг оруулах боллоо. Ли Юань гэгчээр толгойлуулсан гурван хороо цэрэг умард хил Хиагтад хуарагнав. 1919 оны арваннэгдүгээр сарын эхээр генерал Сю Шүжан 3 дугаар явган дивиз толгойлсоор Хүрээнд орж ирлээ. Монголын автономитыг устгасан “гавьяаг” Чэнь И-гээс булаан өөртөө авах гэж сандарсан генерал тэр даруй Богд гэгээнтэй уулзан, Гадаад Монголын автономийг сайн дураараа устгасан Засгийн газрын тогтоол даруй гаргаж өгөхийг шаардав.
Генерал далайлган сүрдүүлж эхэллээ. Маргааш орой 8 цаг гэхэд автономит эрхийг устгасан бичиг бэлэн болгохгүй бол Богд гэгээнийг баривчлан Бээжинд хүргэнэ гэж заналхийлэв. Автономит эрхээ устгуулах өргөдөлд зөвхөн Ерөнхий сайд Бадамдорж, ГЯЯ-ны сайд Цэрэндорж нарын гарын үсэг байхад хангалттай гэж бяцхан Сю үзэж яаравчлав. Яарч буй түүнд энэ асуудлыг удтал хэлэлцүүлэх сонирхол байсангүй. Иймээс Ерөнхий сайдын гадаа цэрэг жагсаан сүр үзүүлж дөвчигнөлөө.
Генерал Сю хийсэн гавьяагаа даруй Бээжинд мэдэгдсэн ба 1919 оны арваннэгдүгээр сарын 22-нд 1915 оны Хиагтын гурван этгээдийн гэрээг хүчингүй болгосон Хятадын ерөнхийлөгчийн зарлиг нийтлэгдэв. Ийнхүү зарлигт, “Монгол Улс” гэх мэтийн хэллэгийг албан бичигт хэрэглэж болохгүй заалт гарч, 1911 оны үндэсний чөлөөлөх тусгаар тогтнол, сэргэн мандалтын түүхэн үйлсийн үр дүн аажим аажмаар үгүй болсоор бүрэн уналтад орлоо. Сю Шүжан Монголын автономийг устгаад санаа амарсангүй, алдар гавьяагаа нэгмөсөн мөнхлөхийн тулд энэ явдлыг тохиолдуулан томхон үзүүлбэр тоглолт зохиохоор шийджээ. 1921 оны нэгдүгээр сард Гадаад Монголын автономит эрхийг халсан ёслолын ажиллагаа зохиолоо. Монгол цэргийн зэвсгийг хураан, татан буулгах ажиллагааг маргааш нь үйлдэв. Богдын ордныг хамгаалах 60 торгон цэрэг үлдээгээд бусдыг нь тараасан байна. 5 778 винтов, 2 456 бирдаан буу, 7 их буу, 2 608 сэлэм Монголын армиас хурааж авчээ. [xx]
Бээжинд суух Америкийн элчингээс Вашингтонд явуулсан бичигт “наймдугаар сарын 26-ны байдлаар Хүрээнд 700, Хиагтад 500, Улиастайд 120, Ховдод 100 цэрэг тус тус байна” гэжээ. Хятадын Засгийн газрын шийдвэрээр Алтайн нурууны баруун урд талыг буюу Алтайн Урианхайн 7 долоон хошууны гуравны хоёрыг Шиньжаанд нийлүүлэв. Хятадын цэрэг Тагна Урианхайн хязгаарт (Тува) 1919 оны зургадугаар сард орж Гадаад Монголд буцаан нэгтгэв. [xxi]
Тэрээр Хүрээнд ирэнгүүтээ л Чэнь И-тэй муудалцаж эхэлсэн ба тэр хоёрын зөрчил улам хурцадсаар эцэстээ генерал хуучин төлөөлөгчийг дийлж, баривчлан Бээжинд хүргүүлэв. Сю Шүжан ирснээр урьд байсантайгаа нийлээд 15 мянга орчим хятад цэрэг Гадаад Монголд байрлах болжээ. Халхын дөрвөн аймгийн ноёд дээдэс Чэнь И-тэй хэлэлцсэн мөнөөх улигт 64 зүйлт хэлэлцээгээ бяцхан Cюгээр зөвшөөрүүлэхээр оролджээ. Харин Сю “Жаран хэдэн зүйл хэрэг би хэлцэж чадахгүй. Энэ чинь хэдхэн хүний эрх ашигт таарсан болохоос газар орон болон хүн ардад тустай юм юу ч алга” гэсэн аж.
Монгол ноёд дахин цуглаад “64 зүйл бол Монголын Засгийн газар Бээжинтэй тохирсон хэлцэлтэй учир Хүрээнд ирсэн хэдэн хятад түшмэл мэддэг юм биш, иймээс дахин хэлэлцье” гэцгээжээ. Үүний хариу ч дорхноо ирэн, дахин энэ асуудлыг сөхөх юм бол хохь болно шүү хэмээн Сю заналхийлэв. Эндээс үзэхүл хэсэг ноёд, ван, гүн нар нэг талаас Хятадын мэдэл дор өөрсдийн онц эрхийг 64 зүйлт гэрээгээр бататгах сонирхолтой авч, нөгөө талаас гэрээг үл хэрэгсэх хятад цэргийнхний мэдэлд байх хүсэлгүй байжээ.