Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамцыг албан тушаалаа урвуулан ашиглаж 300 орчим сая төгрөг завшсан хэмээн сагсан бөмбөгийн холбооны төлөөллүүд өнгөрөгч даваа гаригт мэдэгдэл хийсэн юм.
Энэ талаар тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамцаас зарим зүйлийг тодрууллаа.
– Таныг албан тушаалаа урвуулан ашиглаж, Монголын Сагсанбөмбөгийн Холбоонд олгож буй санхүүжилт нэрийн дор Б.Тамир, О.Баярцогт зэрэг хүмүүст санхүүжилт олгон мөнгө завшсан хэмээн хүмүүс мэдэгдэл хийлээ. Энэ талаар тайлбар хийхгүй юу?
-Сагсны дээд лиг эхлэх дөхөхөөр жил болгон хэвлэлийн бага хурал хийж, гүтгэлгийн чанартай ажил явуулдаг. Сагсан бөмбөгийн лигийг зохион байгуулахгүй гэж л тэр шүү дээ. Өнгөрсөн жил гэхэд л Сагсан бөмбөгийн холбоонд хоёр тэрбум төгрөг өгсөн гэж гүтгэж байсан. Карентин зарлачихсан байхад насанд хүрээгүй баахан хүүхэд авчирч жагсаал хийж байсан шүү дээ. Энэ нь угтаа эрүүгийн хариуцлага хүлээх үйлдэл юм. Би тэр бүхнийг нь тоохгүй болохоор тайван байлгахгүй, ажил хийлгэхгүй шинжтэй болж байна. Хоёр холбооны асуудалд төрийн байгууллагын хүн орж болохгүй гэж үзэж байгаа учраас хөндлөнгийн байр суурьтай байгаа.
-Тэгэхээр таныг гүтгээд байна гэж ойлгох уу?
-Тийм. Надад хэл ам хийгээд явах зав алга л даа. Ажил ихтэй байна. Би шалгуул л гэдэг. Би ямар ч мөнгө төгрөг хувьдаа завшаагүй. Угтаа би хөрөнгө мөнгө завшсан зүйлийг үзэн яддаг хүн. Тэрнээс жижиг хэмжээний мөнгө ямар нэгэн ажилчин маань хулгай хийсэн бол хурууг нь огтолно гэж айлгадаг хүн шүү дээ. Намайг тийм зүйл хийгээгүйг эргэн тойрны хүмүүс болоод монголчууд мэдэж байгаа. Лиг дөхөөд ирэхээр хэдэн үлгэрийн баатрууд амилдаг юм л даа. Яахав ээлжит нөгөөх гүтгэлгээ яриад хийгээд л явж байгаа юм. Өөр дайраад байх хүн байхгүй, хоорондоо холбоодууд өчнөөн олон жил хэрэлдчихсэн. Одоо улсын байгууллагууд руу дайрч байна. Над руу дайрч байна. Төрийн албан хаагч хүн учраас илүү дутуу зүйл яриад яваад байх шаардлага алга. Хэрэг хуучирдаггүй гэдэг. Монголын Сагсан бөмбөгийн холбоо энэ бүхнээ шүүхэд өгөх байлгүй. Өөрсдөө энэ бүхнээ тайлбарлах шаардлага гарах байх даа. Монголын Сагсан бөмбөгийн холбооны асуудлыг Сагсан бөмбөгийн холбооныхон бүгдээрээ мэдэж байгаа. Зүв зүгээр байсан холбоог хэн анх хоёр холбоо болгосон гэдгийг бүгд л мэдэж байгаа шүү дээ. Энэ бүхний цаад талд нь С.Эрдэнэ гэж хүн бий. Наад талд нь Тулга, сагсны хоёр гурван ахмадуудыг татаад авчихсан ийм л асуудал юм л даа. Бөх, сагсны холбоодын асуудлууд олны өмнө ил байгаа ч бүгд л дотроо хагаралтай байдаг.
-Та Биеийн тамир спортын дарга болоод гурав дахь жилдээ орж байна. Хийсэн ажлынхаа талаар?
-2018 оны найман сарын сүүлээр энэ ажлыг авсан. Хийх ажил их байна. Энэ онд төлөвлөгөөт бүх тэмцээндээ тамирчид маань орно. Энэ жил Олимпийн оноо цуглуулдаг, олимпийн эрх авдаг хамгийн чухал жил. Жүдо, чөлөөт, бокс, буудлага, хүндийн өргөлт, таэквондо, хөнгөн атлетик зэрэг төрлүүдээс эрхээ авна гэж үзэж байгаа. Одоогоор параолимпийн нэг эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин оролцох эрхээ авчихсан. Сая дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртсэн. Энэ жилдээ багтааж олимпийн хороотой хамтран хувцасныхаа загвараа ярих ёстой. Хамгийн ойрын ажил бол 2020 оны олимп. Энэ жил түүхэндээ анх удаа шинжлэх ухааныг спорт руу оруулж байгаа. Тамирчдаа цаг тухайд нь байнга шинжилгээ авч, ачаалал даах чадвар, сэтгэл зүй зэрэг бусад бүх зүйлд нь байнгын хяналт тавьж ажиллах юм. 2020 оны наймдугаар сар гэхэд олимпод орох тамирчид яг оргил форм дээрээ байх ёстой. Засгийн газраас спортын шинжлэх ухааны бие даасан төв байгуулах тэмдэглэл гарчихсан байна. Удахгүй тогтоол нь гарна байх. Өөрөөр хэлбэл спортын анагаах ухаан эрдэм шинжилгээний төвтэй болно гэсэн үг. Манай тамирчид өөрийн авьяас, сайн дасгалжуулагчдынхаа хүчээр л яваад байгаа шүү дээ. Нарийн шинжлэх ухааны зүйл ерөөсөө хийгдээгүй. Олон улсад бүх юм нь спортын шинжлэх ухаантай байхад манайх хэтэрхий хол хоцорчихоод байгаа юм. Энэ тал дээр гүйцэж нөхөж авахын тулд спортод шинжлэх ухааныг оруулж ирэх зайлшгүй шаардлагатай. Анагаах ухаан эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулах багийг бүрдүүлээд ажлаа эхлүүлээд явж байна. 2020 он хүртэл төлөвлөгөөгөө гаргаад бүх тамирчидтай тулж ажиллана. Тэднээсээ байнгын шинжилгээ, судалгаа авна. 2020 он гэхэд тамирчдаа яавал оргил үе дээр нь аваачих вэ гэдэг тал дээр илүү их анхаарч ажиллах юм. Ганц допин биш, тухайн тамирчныхаа ажиллах чадвар, ачаалал даах чадвар, дээрээс нь хүчилтөрөгчийн хэмжээ гэх мэт бүхий л зүйлийг тодорхойлж болдог болно.
-Спортын газраас олон нийтэд хандсан үйл ажиллагаа явуулж байна уу?
– Ажлаа авснаас хойш гол зорилго маань Спортын ордонг шинэчлэх байсан. Манайх 1958 онд баригдсан учраас хойд талынх нь хананууд цуурч эхлээд хүнд байгаа. Тэр ажил маань овоо нааштайгаар эргэж байгаа. Энэ зорилго маань бүтчихвэл Монголын ард түмэн болон спорт сонирхогчдод маань сайхан бэлэг болох болов уу гэж бодож байна. Би ярихаасаа илүү хийх дуртай. Хийсэн ажлаа олон түмэнд цацаад байх дургүй. Тэртэй тэргүй харагдана гэдэгт итгэдэг. Жинхэнэ спортын хүн энэ ажлын дарга болохоор яг ямар амжилт гардгийг харуулахын тулд зүтгэж байна. Ядахдаа л тамирчдынхаа гар хуруу нь булгарах, орой гэртээ хариад хоолгүй байх зэргийг бүгдийг нь өөрийнхөө биеэр туулаад үзчихсэн шүү дээ. Би дасгалжуулагчид ч ямар зовлон байдгийг мэднэ. Өнгөрсөн жил гэхэд иргэдийн спортын наадмыг спортын таван төрлөөр 300 гаруй сум, 150 орчим хороодод хүрч зохион байгууллаа. Анх удаа Монголд томоохон хэмжээний наадам хийсэн гэхэд болно.