БСШУС-ын сайд МУИС-ийн удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзан, “Өрсөлдөх чадвартай дээд боловсрол” төслийн үйл ажиллагааг идэвхжүүлэх тухай ярилцлаа.
Тэрбээр, тус төслийн хүрээнд барих хичээлийн VI байрны газрын зөвшөөрлийн асуудлаар Хотын захиргаанд уламжилж дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд, Үнэлгээний хороог өргөтгөн, эрчимтэй ажиллуулах чиглэл өгөв.
МУИС-ийн удирдлага дээд боловсролын хүрээнд болон тус сургуулиас цаашид хэрэгжүүлэх шаардлагатай, бодлогын дэмжлэг хүссэн албан хүсэлт, саналыг сайдад танилцуулав. Тухайлбал, Засгийн газраас баталсан Судалгааны их сургуулийн талаар баримтлах бодлого, төрийн өмчит их, дээд сургуульд олгодог тогтмол зардлын санхүүжилтийг сүүлийн жилүүдэд олгоогүй бөгөөд энэхүү зардлыг төсвийн тодотголоор шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Түүнчлэн, Оюутны хөгжлийн зээлийн журмыг эргэн харж зээл олгох голч оноог чухал хэрэгцээтэй байгалийн ухаан, инженер, багш, технологийн салбарын мэргэжлийн оюутанд уян хатан байдлаар өөрчлөх санал тавьсан юм.
Монгол Улсын Засгийн газар 2024 он гэхэд, Монгол Улсын 4 их сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийн тоонд оруулах зорилт тавьсантай холбогдуулан МУИС нь олон улсын их сургуулийн эрэмбэ тогтоодог QS Ranking байгууллагатай хамтран ажиллаж байна. Тус байгууллага өнгөрсөн онд олон улсын эрэмбэ тогтоохтой холбоотой сургалт, зөвлөгөөнийг Монголын төрийн өмчит их, дээд сургуулиудыг оролцуулан зохион байгуулсан юм. МУИС, ШУТИС, СУИС, МУБИС зэрэг сургууль уг байгууллагаар эрэмбэ тогтоолгох хүсэлтээ илгээсэн тул, үүнтэй холбоотой гарах зардлыг цаашид улсын төсөвт суулгах санал гаргалаа.
МУИС-ийг түшиглэн докторын зэрэг олгох 17 зөвлөл ажилладаг бөгөөд зарим их сургуульд ажиллаж буй ийм ижил үйл ажиллагаатай зөвлөлийн давхардлыг арилгах, чанарыг сайжруулах, бүрэлдэхүүнийг өөрчлөхтэй холбоотой санал танилцуулав.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тэдний саналыг хүлээн авч бодлогоор дэмжихэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.