Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Буянт: Уулын цанын спортын оноо нь буурч тооцогддог

Дэлхийн оюутны өвлийн универсиад 2019 наадмын үдэн гаргах ёслол боллоо. Уг наадам ОХУ-ын Красноярск хотноо 2019 оны гуравдугаар сарын 2-12-нд өвлийн спортын 11 төрлөөр зохиогдоно. 29 дүгээр Универсиад наадамд 60 орны 3500 гаруй оюутан тамирчид, төлөөлөгчид оролцох юм. Монголын оюутны холбоо, БСШУСЯ, БТСГ-тай хамтран цана, цанын орон зай баримжаалах, шорт трейк, уран гулгалт, фристайлын таван төрөлд 16 тамирчин, зургаан дасгалжуулагчаа илгээж байна.

Ёслолын ажиллагааг нээжМонголын оюутны спортын холбоо (МОСХ)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан үг хэллээ. Тэрбээр “МОСХ, БТСГ-ын хамт олны урилгыг хүлээн авч энэ ёслолд оролцож байгаа та бүхэнд талархал илэрхийлье. Монголын оюутан залуучууд дэлхийн универсиад наадамд 14 дэх удаагаа оролцох гэж байна. Универсиад наадам анх 1960 онд зохион байгуулагдсан түүхтэй. 29 дэх удаагийн наадам эхлэхэд бэлэн болсон байна. Ердөө дөрөв хоногийн хугацаа үлджээ. Монгол Улсаас 16 тамирчин, зургаан дасгалжуулагч, албаны дөрөв нийт 26 хүний баг бүрэлдэхүнийг өнгөрсөн хэдэн сарын турш бэлтгэн, дасгалжуулж бусад асуудлуудыг шийдвэрлэн ажиллаа. Эхний ээлж баасан гаригт явна. Тамирчдыг тосгон нээгдээд, ихэнх орны тамирчид очоод бэлтгэлээ базааж байгаа. МОСХ шинэ спортын төрлийг үүсгэж хөгжүүлэхэд санаачлагч нь байж ирсэн. Одоо ч гэсэн зорьсон чиглэлээрээ ажилласаар байна. Энэ наадамд Япон Улсад суралцаж байгаа нэг оюутныг уран гулгалтын төрөлд оруулахаар бэлтгэсэн. Мөн уулын цанын фристайлын төрлөөр хоёр тамирчин, цанын орон зай баримжаалах тамирчдыг шинээр бэлтгэж, өмнө нь хичээллэж байсан сургагч дасгалжуулагчаар нь заалгаж, бэлтгэлээ. 2017 онд Алматад болсон наадамд хоёр спортын төрлөөр 14 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид явж байсан бол энэ удаа хоёр дахин илүү тамирчдаа илгээж байна. Зөвхөн тамирчид өрсөлдөөд өнгөрөхгүй, таван их дээд сургуулийн арван багш гурван хоногийн турш явагдах эрдэм шинжилгээний хуралд оролцохоор МОСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, профессор Л.Цэрэнсодномоор ахлуулсан баг явж байна. Универсиад наадамд оролцоход бидэнтэй хамтран ажиллаж дэмжлэг туслалцаа үзүүлсэн БСШУСЯ, БТСГ, Цанын холбоо, Тэшүүрийн холбоо болон нийт дасгалжуулагч, их дээд сургуулиудын багш удирдлагууд та бүхэндээ МОСХ болон универсиад наадамд явах баг тамирчдаа төлөөлөн талархлаа илэрхийлж, спортын өндөр амжилт хүсье” гэв. Үүний дараа БТСГ-ын дарга Ц.Шаравжамц тамирчдад хувцас хэрэглэлийг гардуулан өглөө. Тус хувцас хэрэглэлд төрөөс 50 сая төгрөгийн санхүүжилт хийснийг дурдсан юм. Мөн 29 дүгээр универсиадад оролцох тамирчид тангараг өргөж, дэлхийн оюутны өвлийн универсиадад чин шударга өрсөлдөнө гэдгээ тангараглав. Ёслолын төгсгөлд БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан нар багийн тугч, ОУХМ Б.Ачбадрахад Монгол Улсын төрийн далбааг гардуулан өглөө. Энэ үеэр уулын цана, фристайлын төрөлд оролцох тамирчин Г.Буянттай ярилцлаа.

-Уулын цанаар хичээллээд хэр удав, ямар амжилтууд гаргасан бэ?

-Уулын цанаар 11 жил хичээллэсэн. Өмнөх дэлхийн оюутны өвлийн универсиадад оролцож байсан. Мөн Азийн наадам, Азийн цом, Азийн универсиад наадамд орсон. Азийн наадамд 26 дугаар байрт орж байсан.

-Уулын цанын спорт тамирчнаас ямар чадвар шаарддаг вэ?

-Бие бялдар, тэсвэр тэвчээр гэх мэт хүчний бүхий л чадварыг шаарддаг. Хурд хүч шаардсан спорт л доо.

-Бэлтгэл сургуулилтаа хаана хийдэг вэ? Монголд бэлтгэл хийх боломж нөхцөл хэр байх уу?

-Монголд скай ресортын цанын баазад бэлтгэлээ хангадаг. Гадаадын тэмцээн болох баазуудыг бодвол жижигхэн л дээ. Гэхдээ боломж нөхцөлдөө тааруулаад бэлтгэлээ хийнэ дээ.

-Энэ удаагийн тэмцээнд анх удаа хоёр төрлөөр зэрэг оролцоно гэсэн үү?

-Тийм. Уулын цана болон фристайлын төрлөөр оролцоно.

-Фристайлын төрөл уулын цанаас хэр ялгаатай вэ? Хослуулан хичээллэхэд хүндрэл гарах уу?

-Уулын цанатай фристайл төрөл ерөнхийдөө адилхан. Агаар дээр харайдаг. Хурдан буудаг. Ер нь бол цанатай снөүбоард гэж ойлгож болно. Хослуулан хичээллэхэд хүндрэл гардаггүй.

-Фристайл Монголд хөгжих боломж нөхцөл хэр вэ?

-Миний хувьд уулын цанаа бодвол фристайл төрөл арай хөгжих магадлалтай юм болов уу гэж боддог. Монгол хүний бие физиологи, тэсвэр тэвчээрт арай ойр санагддаг. Уулын цанын алпинэ скинг төрөл нь хурдтай туг сүлждэг төрөл юм.

-Цаашдын зорилго юу вэ?

-Универсиаддаа амжилттай оролцох, дэлхийн аварга, олимп гээд зорилтууд байна.

-Универсиад нь олимпийн эрхийн оноо олгох уу?

-Дэлхийн цанын холбоо буюу ФИС-ийн катагорид орсон бүх тэмцээнд оролцвол олимпийн эрхийн оноо олгодог. Уулын цанын спортын оноо нь буурч тооцогддог. 5000-аас доош бууж 150 руу орвол олимпийн эрхээ авна. Ер нь ФИС-ийн тэмцээн уралдаанд оролцоод оноогоо цуглуулаад байвал олимпийн эрхээ авах магадлалтай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *