Иргэд зам товчлох, цаг хожих зэргээр гол мөрний мөсөн дээгүүр мал тууварлаж, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчих тохиолдол гардаг. Гэтэл гол мөрний мөсний зузаан харилцан адилгүйн улмаас мөс цөмөрч, улмаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол гардаг юм. Түүнчлэн 02 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Цаашид мөсний зузаарлын эрчим буурч мөс хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Шинийн 4 буюу энэ сарын 08-ны өдөр Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан “Лексус-470” загварын 5 зорчигчтой суудлын автомашин мөсөнд цөмөрч усанд живсэн, 5 зорчигч эсэн мэнд гарсан тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн. Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 2 автомашинтай нуурын усанд живсэн автомашиныг татан гаргахаар 30 метрийн гүнд хоёр удаагийн шумбалт хийхэд автомашин дотор шороо хайрга их хэмжээгээр орсон байжээ. Түүнчлэн автомашин доторх эд зүйлсийг хайх боломжгүй учраас жолоочийн хүсэлтээр аврах ажиллагааг зогсоосон байна. Түүнчлэн цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын сүүлийн арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа.