Categories
мэдээ цаг-үе

Ө.Үлэмжтөгс: Уран бүтээлчид нь хуучинсаг байж болох ч үзэгч залуус нь биднээс шинийг нэхэж байна

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, зохиолч Ө.Үлэмжтөгсийн “Амьгүй биет” жүжигчингүй жүжиг тайзнаа тавигдах гэж байна. Түүнтэй уг жүжгийнх нь талаар ярилцлаа.


-Жүжигчингүй жүжиг байдаг байх нь ээ?

-Байгаагүйг л байдаг болгохоор зориглон ажиллаж байна.

-Энэ нь тэгээд ямар төрөл, жанрын жүжиг вэ. Хөндөж буй сэдэв нь?

-Нэн орчин үеийн буюу контемпорари жанрын уран бүтээл. Бид энэ бүтээлээрээ яг тэр гээд оноочихож боломгүй маш өргөн сэдвийг хөндөж байгаа. Тэр бүх өргөн сэдвийг хөндөхөд хүргэж байгаа гол шалтгаан нь хүний хэрэглээ, хэрэгцээ гэдэг зүйл юунд хүргэдэг вэ. Гэтэл хүн төрөлхтний хэрэгцээ амьд орчинд ямар нөлөө үзүүлж байна вэ. Эргээд тэр сөрөг нөлөөгөө бид хэрхэн даван туулах вэ гэдэг асуултыг үзэгчдээсээ эргүүлэн асууж байгаа юм. Ерөнхийдөө бид ДУУ ЧИМЭЭ БОХИРДОЛ хийгээд АМЬГҮЙ БИЕТ буюу амьгүй эд зүйлсийн нөлөө гэдэг цогц утга санаанд бүтээлээ зангилж байгаа юм.

-Гадны орнуудад янз бүрийн шийдэлтэй жүжиг тавигддаг. Харин манайд ийм жүжиг өмнө нь тайзнаа гарч байгаагүй байх. Та ийм жүжиг бичье гэдэг санааг хэрхэн олсон бэ?

-Өмнө нь өөр уран бүтээлчийн олоогүй шинэ санаа гаргаж, АНХ УДАА гэсэн тодотголтой уран бүтээл туурвих нь миний гол зорилго биш л дээ. Хэрэв тийм эрэлд хатвал юу ч хийж чадалгүй тархиа гашилгасаар байгаад өнгөрөх байх.

Харин медиа эрин зуун, технологийн дэвшил гэсэн орчин цагийн сэдвийг хөндсөн зохиол бичье гэсэн санаа надад, миний дотор явсаар байсан. Үүнийг хамгийн оновчтойгоор илэрхийлж болох арга нь хүн биш, эд зүйлсийг гол дүр болгон сонгож хэрэв бид техникийн хэлийг ойлгодог бол тэд бидэнд хандаж юу хэлэх байсан бэ гэдгийг гаргаж ирэхийг зорьсон.

-Уламжлалт хэв маяг, стандартаас гажсан зүйлсийг хүлээж авах хүрээ нь их хязгаарлагдмал байдаг нь аль ч цаг үеийн эмгэнэл гэлтэй. Ийм жүжиг тавигдах гэж буйг хүмүүс харин ч сонирхоод байх шиг байна шүү?

-Бурхан үхчихсэн гэж Ницше аль 1890-ээд онд хэлсэн шүү дээ. Үүнтэй адил сонгодог урлаг үхчихсэн. Хээнцэрлэл, романтизм мөхсөн. Өндөр технологийн эрийн зуун уран бүтээлчдээс тэс өөр сэтгэмжийг нэхэж байна, шаардаж байна. Тэрийг нь ойлгосон гадны сэргэг уран бүтээлчид хэдийнэ боломжгүйг бодит болгох туршилтыг хийгээд эхэлж. Гэтэл энд бид Монголд “Учиртай гурван толгой-“гоо тоглосоор. Эсвэл “Учиртай гурван толгой”-гоос илүү гарахааргүй улиг болсон зохиолтой драмын жүжгүүд тавьж аль зуун жилийн өмнө бичсэн “Миний нутаг” шиг шүлгийг бүх яруу найрагчид хуулж бичсээр байна. Уран бүтээлчид нь хуучинсаг байж болох ч үзэгч залуус нь шинийг биднээс нэхэж байна.

Тэдний эрэлт, шаардлагаас давсан, өөрөө урд гаргаад замчилж чадах бүтээл туурвиж чадахгүй бол МУСТА одон тэмдгээ, Зохиолчдын эвлэлийн шагналын шар төмөртэйгөө зүүгээд урлагийн БАТСҮМБЭР-ийг зорих хэрэгтэй.

-“Beauty and the beast”-д гардаг шиг үйл явдал гарах нь ээ. Сонирхолтой санагдаж байна. Ямар ч байсан үзэгчийн хувиар очиж үзэхээр шийдлээ?

-Уолт Диснейн хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг бид цагийг амь оруулж чадахгүй. Харин цахилгаан хэрэгслүүдэд дуугарах эрх чөлөөг нь олгоно.

-Жүжгийн бэлтгэл хэр явж байна вэ?

-Бэлтгэл бүрэн хангагдаж байна. Одоо энэ жүжиг миний мэдлээс хэдийнэ гарсан. Театр бол найруулагчийн, тайзны зураачийн талбар. Үүнээс гадна манай жүжиг шиг контемпорари жүжгийн хувьд хөгжмийн зохиолчийн ажил юу юунаас илүү чухал.

-Аль тайзнаа тавигдах вэ. “Амьгүй биет” жүжигчингүй ч гэлээ тайзны ард олон хүний хүч хөдөлмөр гарч байгаа нь мэдээж. Жүжгийн багийнхнаа танилцуулахгүй юу?

-Багийг шинэ урлагийн голлох төлөөлөгчдөөр бүрдүүлэхийг зорьсон. Найруулагчаар “Ялагчийн цуваа” олон улсын моно драмын уралдааны Үндэсний ялагч Я.Билгүүнсар ажиллаж байгаа бол тайзны зураачаар Монголын нэн шинэ үеийн дүрслэх урлагийн гол төлөөлөгчдийн нэг С.Ганзүг, хөгжмийн зохиолчоор Монголд хөгжмийн livelooping арга барилыг дэлгэрүүлэгч Ата Боргужин ажиллаж байгаа. Мөн продюсераар дуучин Билл, төслийн менежерээр яруу найрагч Б.Батзаяа тус тус ажиллаж байна. Мөн хөгжмийн зохиолчоор Моханик хамтлагийн дуучин, хөгжимчин Ц.Даваажаргал ажиллаж байна.

-Тасалбарыг хаанаас авах вэ?

-Тасалбарыг ticket.mn сайтаар захиалж дуудлагаар авч болохоос гадна манай фэйсбүүк дэх албан ёсны эвент хуудсанд хандаж худалдан авч болно. Бас тэр өдрөө “Анкор” төвд очоод авч ч болно. Тасалбар 10 мянган төгрөгийн үнэтэй.

-Жүжигчид, хамтлаг продакшнууд Монголд сайн зохиол, жүжгийн зохиолч алга гээд байдаг. Үүнтэй санал нэгдэх үү?

-Сайн зохиолчийн хомсдолд орсондоо биш, харин тэдгээр продакшнуудын хүсээд байгаа захиалгын зохиолыг нь сэтгэлд нь нийцтэл бичих сонирхолтой зохиолч бий юу гэж хэлбэл илүү оновчтой болов уу.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *