Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
МАН-ын ахмад гишүүн Д.Бүдрагчаатай ярилцлаа.
-Та улсад хичнээн жил ажилласан бэ. Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Улсад 43 жил ажиллаад, 2004 онд тэтгэвэртээ суусан хүн л дээ, би. Миний намтар гэвэл 1961 онд МУИС-ийн физик, математикийн ангийг дүүргэсэн. Ажлын гараагаа Төв аймгийн Жаргалантын 10-н жилийн сургуулиас эхэлж билээ. Тэндээ нэг жил ажиллаад, Төв аймгийн Боловсролын хэлтэст 12 жил ажилласан. Дараа нь хотод ирж, Төмөр замын намын хороонд зургаан ажил ажилласан. Тэгээд нийслэлийн 51 дүгээр сургуульд 27 жил багшаар, үйлдвэрчний хорооны даргаар ажиллаж байгаад 2004 онд тэтгэвэрт гарсан юм.
-МАн-д хэзээ гишүүнээр элссэн юм бэ?
-1972 оны гуравдугаар сарын 1-нд намын баярын өмнөхөн элсэж байв. Тэр үед удирдах алба хашиж байсан улсууд намын гишүүн хүн биш бол ажил хийхэд хэцүү байлаа.
-Та намдаа 50 шахам жил зүтгэсэн хүн юм аа даа. Ямар ажил хариуцаж байв?
-Ерөнхийдөө намынхаа үзэл суртлын ажлыг хариуцаж байсан. Намаа олон нийтэд, ард түмэнд таниулахад сурталчилгаа асар чухал. Сүхбаатар зангилаанаас Замын-Үүд хүртэл галт тэрэгтэй суртлын баригадаар явж байлаа. Нэг талдаа 14 хоног хүртэл явна шүү дээ. Кинотой, гуталчинтай, бараа, таваартай явдаг сан. Төв аймагт байхдаа хүртэл Хэрлэнбаян-Улаан руу майхантай сар гаруйн хугацаанд ингэж явж байв. Ард түмний дунд киногоо гаргаад л, худалдаагаа хийгээд л, гутлыг нь, радиог нь засч өгөөд л. Бас дээрээс нь эмчтэй. Ингэж намаа сурталчилж явж байлаа. Гэтэл манай нам энэ тал дээрээ тун хойрго байна. УИХ-ыг хар л даа. Хууль батлаад л байдаг. Хэрэгжүүлэх тал дээр дутагдалтай. Чухам хэн нь хэрэгжүүлж байна гэдэг дээр хяналт, шалгалт хангалтгүй байна.
-уиХ-д 65 суудал авч гарч ирсэн МАНхоорондоо талцаж, ард түмний итгэлийг үнэхээр хугалж байна. Энэ намын ахмад гишүүний хувьд та улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа вэ?
-Нам доторх талцал хуучин, шинэ гишүүдийн үзэл бодлоос шалтгаалав уу гэж бодож байна. Хуучин гишүүд нь хуучин арга барилаасаа салж чадахгүй байхад нь залуус өөрчлөлт шинэчлэлт хийх гээд байх шиг харагдах юм. Тэдний хоорондын үл ойлголцол хэрээс хэтэрсэн болохоор намын лидерүүд эвлэлдэж өгөхгүй байна. Намын дарга, УИХ-ын дарга, ЗГХЭГ-ын дарга нар энэ эрчээрээ шинэчлэл, хариуцлага, салхилга батыг сайжруулах талаар ажиллахгүй л юм бол ард түмний хэл амнаас гарч чадахгүй.
-2020 оны сонгууль хаяанд ирлээ. Ардын нам энэ янзаараа дараагийн сонгуульд амжилт олохгүй гэж судлаачид дүгнэж байгаа. Харин та ямар бодолтой байна?
-Сонгууль болоход ердөө жил гаруйн хугацаа үлдлээ. Янз бүрийн судалгаанаас харахад Ардын нам, Ардчилсан нам хоёрын рейтинг их доогуур явж байна. Одоо эрх баригчид 2016 оны сонгуульд ялсан амлалтаа биелүүлэхийн тулд хичээж ажиллахгүй бол ирээдүй нь тун бүрхэг байгаа нь үнэн. Ялангуяа бүтээн байгуулалтад анхаарч, шаргуу ажиллах ёстой. Өнөөдөр сургууль, цэцэрлэгийн ачаалал хэрээс хэтэрлээ. Сургуулиуд гурав, дөрвөн ээлжээр хичээллэж байна. Хүүхдийн эмнэлгүүдийн ор хүрэлцэхгүй коридортоо хэвтэж байна шүү дээ. Тиймээс сонгуульд өгсөн амлалтдаа хүрч, сургууль, эмнэлгүүдийн тоог нэмэх хэрэгтэй. Бас 100 айлын чиглэлийн барилгын материалыг нүүлгэн шилжүүлэх, нефтийнхээ үйлдвэрийг дорвитой хийх зэрэг бодитой ажлууд хиймээр байна. Улаанбаатарын утааг бууруулъя л гэж байгаа юм бол бэлэн барьчихсан байгаа 26 мянган орон сууцаа ипотекийн зээлд хамруулаад гэр хорооллын айлуудад хөнгөлөлттэй зээлээр өгчих ёстой. Ер нь манай нам сонгуулиас наана, эв нэгдэлтэй байж, Үндсэн хууль, Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн хуулиа шинэчлэх хэрэгтэй.
-Гэтэл албан тушаалын хэрүүлээ хийсээр байгаад их хугацаа алдлаа шүү дээ?
-Нэг нь нэгийгээ устгах, өөрчлөх албан тушаалын хэрүүл хийгээд байх юм. УИХ-д сонгогдсон зардлаа нөхөж авахын төлөө л эд нар ингэж зүтгэж байна шүү дээ. ЖДҮ-д нэр холбогдсон хүмүүст 950 сая төгрөг өгсөн гээд л яригдаад байна. Уг нь адууны нуруу хавдаж өвдөхийг малчид жидүүдэх гэдэг. Улс төр дээр ярих юм бол төрийн гол нуруу тиймэрхүү өвчин туссан гэж хүмүүс яриад байна. Ийм байдлыг өөрчлөх шинэчлэх, ажлын хариуцлага, сахилга батыг сайжруулахад өөрсдөөсөө эхэлмээр байна. Жишээлбэл, Мөнхчулуун хотын даргад олонхын санал авчихсан бол томилчих л хэрэгтэй. Гэтэл У.Хүрэлсүх гэдэг хүн ард түмэнд өөрийнхөө сул талыг энэ мэтээр харуулаад байх юм. Тэр өөрийнхөө хүнийг буюу НИТХ-ын дарга С.Амарсайханыг хотын даргад тавих гээд байна гэсэн хүлээлтийг нийгэмд үүсгээд байна.
-уиХ-ын үйл ажиллагааг тасалдуулан байж төв талбай дээр сүрхий жагсаал цуглаан болсон. Энэ цуглаанд оролцсон “Нэхүүл” хөдөлгөөний залуусыг төр засаг хүлээн авч, шагнаж урамшуулсан тухай мэдээлж байна. Харин энэ намд насаараа зүтгэж байгаа ахмад гишүүдээ ингэж хөл алдаж хүлээж авдаг юм уу?
-Тэр жагсаал бол хэдэн залуу гишүүдийн лоббигоор цугласан улсууд шүү дээ. Хөдөлгөөний залуусыг шагнаад л байгаа харагдсан. Нам өөрөө хүнтэйгээ ажиллах ажиллагаа муу байна.Өөрийнхөө намын гишүүдээ, ахмад гишүүдээ хүндэлж, залуу гишүүдээ хүмүүжүүлэх тал дээр үлгэр жишээ байж чадахгүй байна. Зөвхөн сандал ширээний төлөө л эндээс ийшээ суучихъя гээд л яваад байх юм. Үүнийгээ гүйцэлдүүлэхийн төлөө жагссан, хэн ч танихгүй залуусыг шагнаж урамшуулаад л, үлгэрийн баатар аятай юм л яриад байна. Тэд сайндаа хоёр долоо хоног л талбай дээр суугаа биз. Гэтэл 20, 30, 40 жил намынхаа төлөө ажилласан улсууд нь амьд сэрүүн байж байна. Энэ намаар хүмүүжсэн бид санаа сэтгэл нэг байгаа шүү дээ. Өнөөдөр жагсъя гэнгүүт нь салбаганаж гүйж очоод жагсах нь буруу л даа. Иймэрхүү асуудлууд дээр нам дүгнэлттэй л хандах хэрэгтэй. Миний хувьд Төрийн ордондоо хоёр удаа л орж байсан. Ахмад багш нарын зөвлөгөөн гэх зэрэг ажлаар орж байлаа.
М.МӨНХ