Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

КFC-ийн тахианд хордсон иргэдийн нөхөн олговорыг олгуулахад ШӨХТГ анхаарч ажиллана гэв

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр KFC-ийн үйл ажиллагаанд хэрхэн хяналт шалгалт хийж байгаа талаар мэдээлэл өгөв. ШӨХТГ-ын ажлын хэсэг өчигдөр ХӨСҮТ-д ажиллалаа. Одоогийнбайдлаар KFC-ийн хоолноос хордсон гэж 247 иргэн тус төвд хандсан байна. Энэ төрлийн шалтгаанаар 44 иргэн хэвтэн эмчлүүлсэн. Үүнээс 24 нь хүүхэд, 20 нь том хүн аж. Харин өчигдрийн байдлаар 14 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 11 нь хүүхэд, 3 нь том хүн байжээ.“KFC-ийн түргэн хоолонд хордсонтой холбоотой анхаарвал зохих хэд хэдэн асуудал байна. Нэгдүгээрт, тусгай зөвшөөрөл олгож байгаа байгууллагуудын үйл ажиллагаанд хатуу анхаарах. Жишээ нь, Зайсан дахь KFC салбар тухайн дүүргээсээ зөвшөөрөл авч ажиллаж байсан. Иймээс тухайн үйлчилгээ, үйл ажиллагааг явуулах эрх олгож байгаа байгууллага гэрээнийхээ хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Хоёрдугаарт төрийн болон бүх шатны байгууллагууд үүнд хяналт тавьж ажиллах нь зүйтэй юм” гэж Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш. Цэрэндулам ярив. Хохирол учирсан иргэд холбогдох нотлох баримтын хамт гомдлоо гаргах эрхтэй. Одоогийн байдлаар KFC-ийн асуудлаар ШӨХТГ-т хоёр иргэн хандсан байна. “Хэрвээ энэ асуудлаар хохирогчид манай байгууллагад хандаж, ажлын хэсгийн хүрээнд гомдлоо барагдуулахыг хүсвэл бид тусалж ажиллана” гэдгийг тус байгууллагын төлөөлөл хэлж байсан юм. Зөрчлийн тухай хуулийн 10.2.5-т “Хэрэглэгчийн байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа ажил үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас эрүүл мэнд болон, хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан эсвэл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр. Харин хуулийн этгээдийг 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн хуулийн заалт бий. Тус хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.1, 12.6 дугаар заалтыг ШӨХТГ-ын ажлын хэсэг удирдлага болгож байгаа юм. Одоогийн байдлаар ажлын хэсэг гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр МХЕГ, НМХГ болон ХӨСҮТ-д холбогдох байгууллагуудаас тодорхой хариу тайлбарыг авч ажиллаж байна.

П. САЙНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *