Categories
мэдээ нийгэм

Огцом дулаарлаас үүдэлтэй гарч болзошгүй эрсдэлүүдээс сэрэмжилж ажиллахыг үүрэг болгов

Ойрын өдрүүдэд үүсэх огцом дулаарлаас үүдэлтэй шар усны үер буух, далан, суваг шуудуу бөглөрөх, шугам сүлжээ гэмтэх зэрэг гарч болзошгүй эрсдэлүүдээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом өнөөдөр болсон Үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөнөөс үүрэг болголоо.

Мөн тэрбээр дулаарч цас, мөс хайлж байгаа учир байгууллага, аж ахуйн нэгжүүд орчны тохижилт, хог цэвэрлэгээндээ анхаарч их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, жил бүрийн хавар, намарт хийгддэг навигацийн үзлэгийн бэлтгэл ажлыг хангахыг үүрэгдлээ.

Үйлдвэрлэлийн ээлжит шуурхай зөвлөгөөн Нисэх буудлуудын удирдах газар/НБУГ/-т болж, алба, салбарын удирдлагууд ИНЕГ-аас анх удаа тусдаа бие даан гарсан тус байгууллагын үйл ажиллагаатай танилцсан юм.

ИНЕГ-ын даргын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тушаалаар Нисэх буудлуудын удирдах газрын зохион байгуулалтын бүтэц батлагдсан бөгөөд НБУГ-ын хэлтэс тасаг, харьяа алба салбаруудыг нийлүүлээд нийтдээ 1504 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Нисэх буудлуудын үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий “Нисэх буудлуудын удирдах газар”-ыг байгуулснаар нисэх буудлууд зах зээлийн зарчмаар бие даан ажиллах нөхцлийг бүрдүүлэх, төрийн үйлчилгээний ил тод, шуурхай байдлыг хангах, агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлэх, агаарын тээврийн салбарт өмчийн олон хэлбэрийг бий болгоход чухал алхам болох төдийгүй ИНЕГ-ын хүний нөөц, аж ахуйн үйл ажиллагааны ачаалал эрс багасч, аюулгүй ажиллагааны болон аюулгүй байдлын хяналт, зохицуулалт сайжирна гэж тооцож байгаа гэдгийг НБУГ-ын дарга Д.Эрдэнэбаатар мэдээлэлдээ онцоллоо. НБУГ нь тодорхой хугацаанд ИНЕГ-аас санхүүжилтийн хувьд хамааралтай байх ба цаашид төсвийн ачааллыг бууруулж, өөрийгөө санхүүжүүлэн ажиллах зорилт тавин ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар ИНЕГ-ын харьяанд орон нутгийн 21 нисэх буудал үйл ажиллагаа явуулж байна. Харин хувийн өмчийн 3 нисэх буудал ажиллаж байна.

Ховд аймгийн “Ховд” нисэх буудлын аэродромыг 4С хяналтын код бүхий агаарын хөлөг хүлээж авах хүчин чадалтай болгон өргөтгөх зураг төслийг гүйцэтгүүлж, батлуулсан. Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудлын явгалах замын өргөтгөж, Завхан аймгийн “Доной” нисэх буудлын аэродромын барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлсэн. Кувейтийн сангийн хөрөнгөөр Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх буудлыг шинэчлэн барих төсөл”-ийн санхүүжилтийг шийдвэрлүүлж, аэродромын болон зорчигч үйлчилгээний цогцолборын барилга угсралтын ажлыг 2019 онд эхлүүлж, 2020 оны тавдугаар сарын 20-ны өдрөөс өмнө дуусгахаар төлөвлөж байгаа гэдгээ НБУГ-ын дарга мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *