Categories
мэдээ улс-төр

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахтай холбоотойгоор зайлшгүй, яаралтай хэлэлцэх шаардлагатай зарим хуулийн талаарх хэлэлцүүлэг гурав дахь өдрөө үргэлжилж байна.Даваа гарагт Татварын багц хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг амжилттай өрнөж, үндэсний үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож, татварын багц хуулийн төслийн талаарх мэтгэлцээн, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Мягмар гарагтТөрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнөлөө. Энэ бүхэн 2019 оны төсөв, төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэх, бизнес, эдийн засгийг хөгжүүлэх, томоохон бүтээн байгуулалтуудыг өрнүүлэхтэй холбоотойгоор яаралтай, зайлшгүй хэлэлцэн батлах шаардлагатай хуулийн төслүүд юм.

Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа Төрийн байгуулалтын байнгын хороо, хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн УИХ-ын гишүүд, эрдэмтэн судлаачид, парламент судлаачдадаа талархал илэрхийлье.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” хэмээн заасан байдаг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын хуралдааны дэг гэдэг бол 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн төрийн эрх мэдэл хуваарилах зарчмын дагуу төрийн эрх барих дээд байгууллага нь ард түмнээсээ сонгогдсон бөгөөд хууль тогтоох эрх мэдэл эдлэхээр заасан байдаг. Энэ төлөөллийн байгууллага маань ард түмний дуу хоолой болж, тэдний хүсэл эрмэлзлийг илэрхийлж, хэлэлцүүлэг мэтгэлцээн өрнүүлж, хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хянан шалгах үүргийг хэрэгжүүлэх учиртай. Ийм ч учраас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн талаар гавьяат хуульч, Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид багш “Өөрийн хийгээд дэлхийн улсуудын хүлээн зөвшөөрөгдсөн арга, туршлагыг судалж, орчин үеийн эрх зүйн шинжлэх ухааны онолын түвшинд хүртэл дэгийг боловсруулж, мөрдүүштэй. Энэ бол Үндсэн хуулиас дутуугүй ач холбогдолтой хууль” гэж хэлсэн байдаг. Энэ үг парламентын төлөвшил, парламентат ёсны хөгжилд хуралдааны дэгийн тухай хууль ямар ач холбогдолтой болохыг тод томруунаар харуулж, илэрхийлж байгаа хэрэг юм.

Хууль тогтоох байгууллага хуулиар тогтоосон үйл ажиллагаагаа хэвийн явуулж, асуудлыг шийдвэрлэж байгаа ч УИХ-ын үйл ажиллагаа, УИХ-ын гишүүдийн ёс зүй, ирцийн асуудал нийгэмд анхаарал татсан асуудал болоод байна. Тиймээс өөрчлөлтийг бид дээрээсээ, төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагаасаа эхэлж, хариуцлага, сахилга, дэг журмыг тогтоох учиртай.

Бид парламентат ёс, парламентын засаглалын нэр хүндийг өргөх асуудалд онцгой анхаарах хэрэгтэй байна. Иймээс Улсын Их Хурлын, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг өөрчлөх, шинэчлэх, цэгцлэх замаар бид парламентын нэр хүндийг сайжруулах нь зүйтэй гэж үзэж байна. Парламентын мэтгэлцээн ард түмнийхээ хүсэл зоригийг илэрхийлсэн, баримт нотолгоонд тулгуурласан, онолын болон шинжлэх ухаанд үндэслэсэн хууль тогтоох мэтгэлцээн байж гэмээнэ хуулийн чанар, хэрэгжилт сайжирна гэж үзэж байна. Гаргасан хууль нь бодитой хэрэгждэг, хянан шалгах ажлаа үр дүнтэй хийж чаддаг болсноор парламентын нэр хүнд сайжирна. Гадаад орнуудын парламентын туршлагыг судалсан зүйл нэлээдгүй байна. Дэлхийн бусад улс орны парламентын мэтгэлцээн Байнгын хороод, Дэд хороодын түвшинд хэрхэн өрнөдөг, түүнд нь Тамгын газрын ажилтнууд хэрхэн дэмжлэг үзүүлж, Үндсэн хуулийн хүрээнд хууль тогтоох ажиллагааг ард түмнийхээ хүсэл эрмэлзлэлд хэрхэн тулгуурлаж, шинжлэх ухааны үндэс, баримт нотолгоотой хэлэлцүүлэг мэтгэлцээн өрнүүлж байгаа талаарх сайн жишгийг бид нэвтрүүлэх шаардлагатай байна. Ингэснээр, хуулийн чанар, хэрэгжилт сайжирна.


Өнөөдрийн энэ арга хэмжээний хүрээнд Та бид Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал, бусад улс орны туршлага, түүнийг нэвтрүүлэх боломжуудын талаар тал бүрээс нь, судалгаа шинжилгээнд суурилсан бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлэх болно.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд парламентын хуралдааны дэгийн асуудлаар анх удаа иж бүрэн дүн шинжилгээ хийсэн. Тус судалгаагаар парламентын бие даасан, хараат бус байдлын гол баталгаа болох Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, дэгээр зохицуулах асуудал бүрийн хүрээнд парламентат ёс өндөр түвшинд хөгжсөн гадаадын зарим улсын эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судалж, дэгийн тухай хуулийг боловсронгуй болгох санал зөвлөмжийг боловсруулсан байгаа. Энэ судалгааны үр дүнг өнөөдөр Та бүхэнд танилцуулна. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн шинэчлэлийн зарим асуудал, УИХ-аас хууль, бусад шийдвэр гаргах босго, бусад орны туршлагын талаар УИХ-ын гишүүн, эрдэмтэн судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлэх юм.

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганаас эхлэн УИХ-ын гишүүд ирцээ хурууны хээгээрээ, саналаа мөн хурууны хээгээрээ өгч хууль баталдаг болно.Бусдын өмнөөс кноп дарлаа, эрхэнд халдлаа, эсвэл цөөн ирцтэйгээр хууль баталлаа гэдэг асуудал байхгүй болж цэгцэрнэ. Үүнтэй уялдуулан дэгийг сайжруулах, хэлэлцүүлэг, мэтгэлцээн бодитой, асуудалдаа чиглэсэн байх шаардлага бий болно. УИХ-ын хуралдааны танхим бол популизмын талбар, хэрүүлийн тайз байх учиргүй хэмээн үзэж байгаа тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинэчилж, ард түмнийхээ хүсэл зоригийг илэрхийлдэг индэр, шинжлэх ухааны баримт нотолгоонд суурилсан парламентын мэтгэлцээн өрнүүлэх замаар хууль тогтоодог танхим болгохыг зорьж байна.

2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр УИХ-ын даргын 43 тоот захирамжийн дагуу Монгол Улсын Их Хурлын шийдвэр нь судалгаа, нотолгоонд суурилсан байх зарчмыг хангах зорилгоор улс орнуудын парламентын хуралдааны дэгийг судлан, Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. Ажлын хэсэг төслийг боловсруулахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчим, үзэл баримтлалд захирагдах ёстой бөгөөд дэгийн зохицуулалтыг сайжруулахдаа гадаад орнуудын сайн туршлагаас суралцах явдал чухал хэмээн үзэж байна. Ийм учраас өнөөдрийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг Та бүхнээс хүсч байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *