БААБАР ИНГЭЖ ХЭЛЭВ
Аль ч нийгмийг 40-60 насныхан авч явдаг. Нийгмийн салбар болгонд. Наслалт урттай Япон шиг нийгэмд 50-70 насныхан болж хойшилсон байна. Гэхдээ Мэйжийн хувьсгалын үед Японы ерөнхий сайд 24 настай байв.
Нийгэм солигдох үед шинэ залуу үе цоо цохин гарч ирдэг. Нийгмийн донсолгооны үед арвин туршлага гэхээсээ эрч хүч илүү чухал байдаг бололтой. Ийм үед ихэнхдээ туршлага үгүйсгэгддэг. Энэ нь ч аргагүй байх, нийгмийн шинэ дэг тогтоох гэж байгаа бол хуучин туршлага хэрэг болохгүй.
1911 оны үндэсний хувьсгалыг толгойлогчид залуучууд байлаа. Хамгийн ахмад нь гэгдэх Богд хаан дөнгөж дөч шүргэж байв. 1921 онд ч ялгаагүй. Хамгийн ахмад нь гэгдэх Бодоо, Данзан нар дөнгөж гуч гарч байсан юм. Чойбалсанг нас барсны дараа 1953 оноос Монголыг 36 настай Цэдэнбалаар ахлуулсан залуучууд удирдах болжээ. 1990 оны ардчилсан хувьсгалын толгой дээр мөн л залуучууд байсан. Ахмад нь болох Гончигдорж 36 настай байжээ. Зориг, Элбэгдорж нар гуч хүрээгүй байв. Гэхдээ тэд хожим 1996 онд анх удаа төрийн эрх мэдэлд хүрсэн юм. Нийгмийн хувьсгал гэдэг нь шинэ эрч хүчийг шаарддагаараа тэргүүний залуучуудад түүхэн бололцоо олгодог аж. Гэтэл үе болгоны залуучуудад ийм бололцоо олддоггүй. Тогтсон нийгэмд юун түрүүн туршлага хэрэгтэй. Харин нийгмийн хувьсгалын үед туршлага гээч юмтай уялдаагүй шинэ цус шаарддаг онцлогтой аж.
Энэ чанараараа биологийн эволюцитай их төстэй. Алив организм байгалийн жамаар шалгарлаараа дасан зохицож аажмаар хөгжиж байснаа, явцдаа орчинтойгоо огт таарахаа болиод эхлэнгүүт мутаци хэрэгтэй болдог. Мутаци бол хувьсгал. Гэхдээ мутаци амьд байгальд өдөр тутам тохиолдож байдаг авч 99,99999… хувь нь хортой, организмыг өөрийг нь ихэнхдээ үхэлд хүргэнэ. Чухам тэр ховор 0,0000…1 хувьд л аугаа ололт, түүнд цаашид шинээр хөгжин дэвжих үр хөврөл бий. Иймээс амьд байгалийг хөдөлгөх жинхэнэ хүч нь өдөр тутмын шалгарал биш, хэдэн сая живаад нэг тохиолдох мутаци билээ.
Ерэн оны бацаанууд өнөөдөр 50 хүрцгээж байна. Тогтсон нийгмийг удирдан авч явах ид насныхан. Ерэн оны хувьсгалын оройлогч төдийгүй оролцогч, хөндлөнгийн ажиглагч, эсэргүүцэгч бүгдээрээ нийгмийн энэхүү донсолгоонд хамрагдсан бүтээгдэхүүн юм. Өнгөрсөн хорин жилд эд бүгдээрээ нийгмийг удирдахад оролцсон. Чухам тэд өнөөдөр манай нийгмийг удирдаж яваа 40-60 насныхан болчихоод байгаа юм. Эдэнд Монголын нийгмийг удирдан авч явах дахиад арван жилийн хугацаа бий, их бодож л. Гуч хүрээгүй нийгмийн хувьсгалд оролцон оройлж явсан Элбэгдорж өдгөө Ерөнхийлөгчийн насанд хүрсэн, улс орныг хөгжүүлэх арван жилийн хөтөлбөр гаргажээ, энэ бол түүний нийгмийн идэвхтэй байх хугацаатай мөргөж байна. Чухам энэ хугацаанд л нийгэм түүнээс хамаг ашгаа шимэн авах ба дараа нь хүссэн хүсээгүй нийгмийн менежмэнт шинэ үеийнхэнд очно. Анхны парламентын гишүүн асан Баяр ч тавь өнгийлөө, дахиад арван жил тэрээр цуглуулсан туршлагаа нийгмийн сайн сайханд зориулна, дараа нь өвгөн партизаны яриа эхэлнэ.
Хүний үе солигдох хугацааг 20-25 жил гэж үздэг. Ингэхээр дараагийн Шинэ үеийнхэн өдгөө гуч ч хүрээгүй гунхаж явна. Социализм, коммунизмын тухай сураг ажгаар л мэддэг, өөрөөр хэлбэл тэр үзэл суртлаар хордоогүй, эрх чөлөөг бэлэг гэж үздэггүй, хүнд угаасаа заяамал зүйл гэж хар нялхаасаа мэдэрсэн, зах зээлийн харилцааг луйвар гэхээсээ хүний нийгмийн байх ёстой ердийн төлөв гэж хардаг, ардчилсан тогтолцоогүйгээр хорвоо оршин тогтнох бололцоогүй гэж үздэг өнөөгийн нялхас. Нийгмийн менежмэнтийн төлөөх тэдний өвөр хоорондын өрсөлдөөн хожим эрүүл саруулаар явагдах болно. Шалгарч гарч ирэх боловсрол мэдлэгтэй залуус нь өрнийн боловсролтой, соёлтой, хүнлэг, шударга, хариуцлагатай байх болно. Нийгэм жинхэнээрээ төлөвшинө. Урт хугацаагаар үргэлжилсэн шилжилт дуусах болно. Нийгэмд мутаци биш, ердийн шалгарал голлох үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ л Шинэ үеийнхэн гарч ирэхэд хамгийн багаар бодоход дор хаяж л арван жилийн зай байна. Хорь ч юм уу?!
Монголчуудад үе мултрах хэмээх 12 жилийн мөчлөг бий. Энэ нь бэлгэдлийн тоолол болохоос хүний үеийн мөчлөгтэй хамаагүй. Ерэн оныхон ба арав хорин жилийн дараа гарч ирэх учиртай Шинэ үеийнхэн хоёрын голд монгол тооллоор үе дөнгөж мултарч буй Завсрын үеийнхэн зоолттой байна. Энэ насны мянга мянган залуусыг энд хэлээгүй, нийгэм улс төрийн гаж шалгарлаар тодорч өдгөө улс төрийн тавцанд үүрэг гүйцэтгэж байгаа болон гүйцэтгэхээр бэлэн гозолзож буй цөөн бүлгийг хамруулж байна. Голдуу хоёр зууны зааг дээр тодорсон. Тэд ерэн оны хавьцаа арван жилийн сургуульд, зарим нь дээд сургууль дөнгөж элсээд байлаа. Шилжилтийн эхэн үед хорвоотой танилцсан. Социалист мораль нуран унасан боловч хүний мораль нийгэмд бүрэлдэж амжаагүй байх завсрын үеийн бүтээгдэхүүнүүд. Олон жил тогтсон боловсролын шалгарсан систем дампууран унасан үед мэргэжлийн үнэмлэхтэй болцгоосон. Боловсролын үнэ цэнэ шалан дээр байсан үе учраас өөрөө ч тогтоож амжаагүй олон мэргэжлийн үнэмлэх өвөртөлсөн төдийгүй жуулчилж явсан орнуудынхаа худал үнэн нь мэдэгдэхгүй өргөмжлөл маягийн гуншинтай болцгоосон. Ихэнх нь мөнгөөр зодож жилийн дотор хуульч, эдийн засагч хоч зүүцгээсэн.
Улс төрийн тавцанд тэдний гарч ирсэн шалтгаанд нь олон юм тоочиж болох авч юутай ч эх оронч дуудлага, авъяас, үзэл бодол гэх мэтийн “хийсвэр” зүйлс огтоос багтахгүй. Тэд прагматикчид боловч нэг зүйл дээр тун их андуурчээ. Нийгмийг залуучууд удирдаад байна, ингэхээр бид хоолноос хоцрох ёсгүй гэсэн эндүүрэл. Ерэн онд Зориг хорин наймтай байсан учраас одоо миний ээлж гэсэн гэнэн ойлголт. Үнэндээ хүний нийгэмд хувьсгал нь удирдагч нартайгаа хөгширсөөр тогтворжсон нийгэмтэй залгадаг. Элбэгдорж ч, Баяр ч, Бат-Үүл ч, Энхбаяр ч тэтгэвэрт гарч байж л нийгмийн биш биологийн шалтгаанаар зай тавьж өгнө. Нийгмийн дэвшил цаашдаа мутациар биш шалгарлаар явна, ингэж байж тогтворжсон нийгэм бүрэлдэнэ. Хүний нийгмийн бүхий л үед ийм байсан, гэнэт одоо л Монголд гаж өөр юм болох шалтгаан байхгүй. Нийгмийн хувьсгал ч өөрөө дэндүү өртөгтэй эд учир хэн нэгний дарга болох гэсэн сонирхлоос болоод байн байн давтагдаад байдаг зүйл биш аж. Харин тэд нэг зүйл дээр бодитоор оносон. Юу гэвэл МАХН хэмээх хуучин хүчин хөгшин хөвөөгөөрөө дуудуулж улс төрийн тавцан дахь байр суурь нь ганхаж байсан тул тэнд “орон тоо” элбэг байгааг гярхай ажиглажээ. Тэдний хэнээг ашиглаж улс төрийн хожоо гаргах гэсэн хэсэг этгээд удирдлагад байсан тул тохироо нь бүрэлдсэн тал бас бий. Гэхдээ энэ нь завсрын үеийнхэн Ардчилсан намд байхгүй гэсэн үг огт биш, концентраци нь одоохондоо арай л шингэн юм уу даа. Нэг хэсэг нь өнөөгийн улс төрийн голлох хоёр хүчнийг түлхэн унагаад оронд нь цоо шинээр гарч ирэх хий мөрөөдөлдөө хөтлөгдөн “эволюцийн хууль”-ийг зөрчих гэж мурчийна.
Ерэн оны хувьсгалчид, хоёр мянган оны завсрынхан хоёрын хооронд дэндүү том ялгаа бий. Эхнийх нь нийгмийн дуудлагаар төрж буй болсон, өөрийн гэсэн идеалтай, хэдийгээр хуучин нийгмийн бүтээгдэхүүн боловч үүнээсээ салах бүрэн эрмэлзэлтэй, гол төлөв романтик бодолд хөтлөгдсөн залуус. Тэд насан туршдаа нийгмийн зөв менежмэнт хийж чадахгүй төөрөгтэй, учир нь ид мэдлэг, мэдээлэл, боловсрол олдог үе нь социализмын хордлого. Ил ухамсар нь нийгмийн шинэчлэлийн төлөө авч нэгэнт бараг биеийн эд эрхтэн нь шахам болоод ургачихсан далд ухамсар нь хойш чангаана. Эрс тэс хоёр нийгмийн дунд тэлэгдэн хүмүүжсэн болохоор яриад хүсээд байгаа нийгмийн байгууламжаа өөрснөө гүйцэлдүүлэн бүтээх бололцоо ч үгүй, чадвар ч үгүй, ойлголт ч үгүй. Иймээс нэг талаас Алдагдсан үеийнхэн юм. Өнөөдөр нийгэм мөнгөжиж хөрөнгөжихийн хэрээр тэдний тарааж үрж цацаж “ард түмнээ харж үзэх” зөн билэг нь улам ил гарна. Нэг амаараа зах зээлийн зарчим сурталчлах боловч ард түмнээ өрөвдсөндөө болоод нөгөө амаараа төрөөс үнийг зохицуулж барих тухай сургана. Төрийг үйлчилгээний газар гэж онолдох авч өөрөө төр болчихоороо бүхнийг зохицуулж хянаж байдаг эцэг болон хувирна. Насжаад ирэхээрээ сентименталь, настолги нь хөдөлдөг бололтой уяраад л уйлаад л харж үзээд л буян үйлдээд л. Бэлэг тараадаг өвлийн өвгөнтэй улам төстэй болно. Социализм бол патриархи үзлээс гаралтай. Иймээс ард түмнийг өөрснөө шийдвэр гаргах чадваргүй гэж үздэг учраас эцгийн халамжийг байнга үзүүлнэ. Алдагдсан үеийнхний далд ухамсар өнөөгийн Монголын нийгмийн менежмэнтийг явуулж байгаа юм. Гэхдээ шилжилт хийж байгаа манай нийгэм эднээс зайлах бололцоо байхгүй. Зөв шалгарлаар гарч ирэх Шинэ үеийхнийг дахиад арав хорин жил хүлээхээс өөр арга үгүй.
Алдагдсан үеийхний орыг одоо өнөө маргаашгүй шууд залган эрхийг эзэгнэх гээд байгаа Завсрын үеийнхэн бол харин нийгмийн зөв шалгарлаар гарч ирээгүй. Алдагдсан үеийнхэн нь өөрийн үеийхнийхээ тэргүүний хэсэг байсан бол Завсрынхан болохоор өөрийн үеийнхнийхээ хамгийн жудаггүй, ёс төргүй хэсгийн төлөөлөл. Шилжилтийн үеийн хамгийн хүнд, хамгийн дампуурсан, хамгийн моральгүй болсон үеийн зэрэмдэг бүтээгдэхүүн. Алдагдсан үеийнхэн шиг сайн боловсрол ч үгүй, нийтийн төлөө гэсэн романтик үзэл ч үгүй, шударга үнэн гэсэн баримтлал ч үгүй. Цэвэр прагматикууд. Гэхдээ хамгийн вулгар прагматизм. Мөнгөнөөс өөр ариун нандин эрхэм үнэлэмж үгүй. Мөнгөнд хүрэх цорын ганц аргыг эрх мэдэл гэж үзнэ. Өөрсдийгөө шинэ үеийнхэн хэмээж ээлж нь болсон гэж дайрцгаах авч үнэндээ ердөө л хоолны оочирын тухай ярьж буй хэрэг юм. Нийгмийн демораль жилүүдийн бүтээгдэхүүн нь, золиос нь, хог ургамал нь. Улаан ногоон, алтан мөнгөн сарнай саргай, ардчилсан ардчилаагүй, социалист капиталист залуучууд болон талцан бүлгэрхэж эх орон ард түмэн хэмээн зурагдсан пянз шиг орилолдох авч луйвар хулгай дээрэм гэсэн аль л олхиогүй болгоны үнэр нэвт шингээстэй. Нийгэм нээлттэй болж түмэн бололцоо үүсэнгүүт эдний үеийн олон залуучууд амь амьдралаа авч явах гэж ухаан сийлж, хөдөлмөр зарж байхад улс төрөөр бөөлжиж, популист хийрхлээр цамнаж хөнгөн аргаар амьдрах гэсэн адгийн хэсэг нь нийгмийн донсолгоог далимдуулан улс төрийн тавцан дээр од болон тодорч гарч иржээ.
Бүхий л сэтгэлгээ нь люмпэн. Люмпэн гэдэг нь харьяалалгүй, хүсэл эрмэлзэлгүй, эрхэлсэн ажил мэргэжилгүй нийгмийн шавхрууг хэлдэг. Тэд сэхээтэн ч биш, ажилчин ч биш, тодорхой хөдөлмөр хэзээ ч эрхэлдэггүй, нийгмийн паразит хэсэг юм. Харанхуй, бүдүүлэг, соёлгүй, залхуу, моральгүй орчинд хүмүүжсэн Завсрын үеийнхэн нь тогтсон нийгмийн үнэлэмжээр бол нийгмийн хамгийн доод шаар байдаг авч үймсэн нийгэмд дээш хөвөн гарч хөлжин цадаж манлайлагчийн дүрээр тодорч элитар анги болдог байна. Энэ бол нийтлэг үзэгдэл. Францын хувьсгалаар ийм люмпэн элитүүд хэрхэн тодорч байсан тухай Камю, Фромм нар бичиж гүнзгий анализ хийжээ. Ийм люмпэн элитүүд Октябрийн эргэлтийн дараа сүрэг болон гарч ирснийг Булгаков бичиж Шариков хэмээх дүрээр илэрхийлсэн байдаг. Орвэлийн “Амьтны ферм”-д гардаг сурвалжит язгууртан дүр эсгэсэн, сюртюктэй гахай. Организмыг өөрийг нь үхэлд хүргэдэг мөнөөх 99,9999… хувь болсон мутаци л юм даа.
2009 оны арваннэгдүгээр сарын 16