УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтий аймаг дахь нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгуулийн Ерөнхий хорооны ажлын албаны дарга Д.Баяндүүрэнтэй ярилцлаа.
-УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтий аймаг дахь нөхөн сонгуулийн тов гарлаа. Бэлтгэл ажил хэрхэн өрнөж байгаа вэ?
-Хэнтий аймаг дахь нөхөн сонгууль зургадугаар сарын 30-нд явагдахаар товлон зарлагдлаа. Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд уг сонгуулийг явуулахаар УИХ-аас товлон зарлаад байсан. Тиймээс энэ хүрээнд бэлтгэл ажлууд хийгдэж байсан учир ямар нэг асуудалгүй, бэлтгэл ажил хэвийн явагдаж байна. Манай байгууллагаас сонгууль товлон зарлагдсантай холбогдуулан бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Энэ хүрээнд хамтран ажилладаг байгууллагууд руугаа хуулийн заалтыг хэрэгжүүлэх албан бичгүүдийг явуулсан. Бид нэлээн олон байгууллагатай хамтран ажилладаг.
Мөн улс төрийн намуудад сонгууль товлон зарласантай холбогдуулж, бэлтгэл ажлаа хангах болон Сонгуулийн тухай хуулийн зарим заалт хүчингүй болсон талаар албан бичиг явуулсан. Тодруулбал, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийн дагуу төрийн албан хаагч сонгуульд нэр дэвшихтэй холбоотой заалтад нэмэлт орсон. Төрийн албан хаагч сонгууль товлон зарласнаас хойш тав хоногийн дотор тухайн төрийн байгууллагадаа ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж сонгуульд нэр дэвшихээсээ өмнө чөлөөлөгдсөн байх хуулийн зохицуулалт орсон учраас энэ тухай мэдээлэл өгсөн. Мөн сонгуулийн санал авах тоног төхөөрөмж бэлэн байдалд байгаа.
-УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн талаар ярихгүй юу?
-Уг тойрог Хэнтий аймгийн Хэрлэн, Мөрөн, Жаргалтхаан гэсэн гурван сумыг хамардаг. Энд санал авах, сонгуулийн 21 хэсэг ажилладаг. 2016 оны УИХ-ын сонгуулиар 16600 сонгогчид бүртгэгдэж, 75 хувь нь сонгуульд оролцсон. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 16800 орчим сонгогч бүртгэгдэж, 65 хувь нь оролцсон. 42 дугаар тойрогт 2017 оны сонгуулиар санал авах 22 хэсэг ажилласан байгаа. Нийтдээ сум болон санал авах байр, сонгуулийн ерөнхий хороодын 200 гаруй ажилтан зохион байгуулалтын үйл ажиллагаанд оролцоно. Дээрээс нь Улсын бүртгэлийн байгууллага, Цагдаагийн байгууллага, ажиглагчид гээд нэлээн олон хүмүүс сонгуулийн үйл ажиллагаанд хамрагдах төлөвтэй байна.
-Цэц дээр маргаан үүсч Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орсон. Тиймээс хуулийн талаасаа ямар нэгэн зөрчил гарах асуудал байхгүй гэж ойлгож болох уу?
-Өмнө нь энэ сонгуулийг зарлахад Үндсэн хуулийн маргаан гарч хойшилсон. Энэ удаа хуулийн дагуу явуулах боломжтой гэж харж байгаа.
-Өмнөх сонгуулиудад тус тойргийн ирц өндөр хувьтай байсан гэсэн. Энэ удаад ч хангалттай сайн байна гэж бодож байгаа юу?
-Сонгогчдыг идэвхтэй оролцуулахын тулд бид тодорхой арга хэмжээ авна. Ухуулга сурталчилгаа явуулна. Энэ тойрог ирцийн хувьд харьцангуй гайгүй болов уу гэж харж байна. Сонгогчдын идэвхийг нэмэгдүүлэхэд сонгуулийн санал авах байр, сумын сонгуулийн хороод идэвхтэй ажиллах шаардлагатай. Бидний зүгээс радио, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан сонгогчдыг сонгуульд оролцуулах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Ирц хуулийн дагуу 50+1 форматаар явна.
-Нийт хэчнээн нам сонгуульд оролцохоо илэрхийлсэн бэ?
-Бид Улсын дээд шүүхээс намуудын талаарх лавлагаа гаргуулж авсан байгаа. Одоогийн байдлаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 31 нам байна. Энэ 31 намаас санал авах өдрөөс 180 хоногийн өмнө бүртгэгдсэн бүх нам оролцох эрхтэй. Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд явагдах сонгуулийн үеэр намуудыг бүртгэчихсэн байсан. Энэ үеэр нийтдээ 13 нам бүртгэгдээд нэг намыг бүртгэхээс татгалзсан байдалтай байсан. Одоо энэ намууд хуулийнхаа хугацаанд дахин шинээр бүртгүүлэх шаардлагатай.
-31 намын судалгаа ирсэн гэлээ. 180 хоногтоо багтаагүй буюу сонгуульд оролцох боломжгүй нам байгаа юу?
-31 намаас Иргэний зориг ногоон нам санхүүгийн тайлангаа 2016 онд манайд ирүүлээгүй. Хуулийн дагуу дараагийн сонгуульд оролцох боломжгүй болдог. Тиймээс энэ сонгуульд оролцох боломжгүй. Манай байгууллагатай шүүх дээр асуудлаа шийдэж байгаа. Шинээр бүртгүүлсэн гурван намын талаар нарийн мэдээлэлгүйн улмаас зөвлөмж хүргүүлээгүй. Өнгөрсөн хугацаанд хоёр нам нь манай байгууллага дээр ирж уулзсан. Ард түмний олонхын засаглал нам өнгөрсөн оны наймдугаар сарын 26-нд, Их эв нам өнгөрсөн оны есдүгээр сарын 29-нд бүртгүүлсэн юм билээ. Тиймээс оролцох боломжтой болсон. Харин Гэр хороолол хөгжлийн намын бүртгүүлсэн хугацаа нь 180 хоногтоо багтаагүй учраас оролцох боломжгүй. Нийтдээ 29 нам оролцох боломжтой.
-Бүртгэх хугацааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Сонгуульд оролцох нам, эвсэл санал авах өдрөөс 50 хоногийн өмнө буюу 2019 оны тавдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийн Ерөнхий хороонд хуульд заасан баримт бичгээ ирүүлэх боломжтой. Энэ хугацаанаас хойш намуудыг бүртгэх ажиллагаа явагдана. Тавдугаар сарын 1-нд намууд материалаа ирүүлж, Сонгуулийн Ерөнхий хороо тавдугаар сарын 5-наас өмнө тухайн тойрогт оролцох намуудыг бүртгэж дуусна.
-Нэр дэвшигчдийн нэрс хэдийгээр тодорхой болох вэ?
-Бүртгэгдсэн намууд нэр дэвшүүлэх үйл ажиллагаанд оролцоно. Уг үйл ажиллагаа тавдугаар сарын 24-нөөс тавдугаар сарын 28-ны хооронд явагдах учиртай. Бие даан нэр дэвшигчдийн хувьд тавдугаар сарын 24-нөөс 30-ны хооронд болно. Гэхдээ бие даан нэр дэвшигчид тухайн тойрог дээрээ очиж 801-ээс дээш сонгогчдын гарын үсгийг цуглуулах ёстой. Үүний дараа нэр дэвшүүлэх бичиг баримтыг нам эвсэл болон бие даан нэр дэвшигчид Сонгуулийн Ерөнхий хороонд ирүүлнэ. Сонгуулийн Ерөнхий хороо зургадугаар сарын 7-ны дотор нэр дэвшигчдийг бүртгэж авна.
Нэр дэвшигчдийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 8-нд зэрэг гардуулна. Сонгуулийн сурталчилгаа санал авах өдрөөс 18 хоногийн өмнө эхэлж, санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дууссан байх ёстой. Өөрөөр хэлбэл зургадугаар сарын 12-28-ны өдрийн хооронд явагдаж, 29-ний өдөр сонгуулийн сурталчилгаа явагдахгүй.
-Сонгуулийн төсвийн тухай мэдээлэл өгөөч?
-УИХ-ын 42 дугаар тойрогт сонгууль товлон зарласантай холбогдуулан сонгуулийн төсвийг УИХ-ын тогтоолоор баталсан. Сонгуулийн зардалд нийтдээ 287.6 сая төгрөгийг баталж өгсөн. Эндээс Улсын бүртгэлийн байгууллагад 32 сая төгрөг, Цагдаагийн байгууллагад найман сая төгрөг, үлдсэн зардал нь Сонгуулийн Ерөнхий хороонд зарцуулагдана.
-Санал авах, тоолох технологиуд шинэчлэгдсэн үү?
-42 дугаар тойргийн сонгуультай холбоотой бүртгэлийн үйл ажиллагаанд техник хэрэгсэл ашиглах тухай УИХ-ын тогтоол гарсан байгаа. Өнгөрсөн аравдугаар сарын 7-нд болох сонгуультай холбогдуулан гарсан тогтоол хүчин төгөлдөр хэвээр байгаа. Тиймээс улсын бүртгэлийн үйл ажиллагаанд техник хэрэгсэл, компьютер ашиглана. Хурууны хээгээр бүртгэнэ. Дэлгэцэн дээр сонгогчийн мэдээлэл гарч, санал авах тоолох үйл ажиллагаанд санал авах тоолох төхөөрөмжөө ашиглана. Энэ төхөөрөмжөөс гарсан дүнгээ сонгуулийн төв хорооны сервер рүү явуулж, дэлгэцээр шууд дамжуулах байгаа. 42 дугаар тойрог мэдээлэл дамжуулахад тохиромжтой. Өмнөх сонгуулиудаар Баян-Өлгий зэрэг аймгийн мэдээллүүд ирэхдээ удаашралтай байсан.
-Цаашдаа тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийх үү?
-Сонгуулийн техник хэрэгслийг ашиглах үйл ажиллагаа 2012 оны сонгуулиас хойш явагдлаа. Энэ үйл ажиллагаанд гадны олон ажиглагчид ирдэг. Тэд бидний сонгуулийн үйл ажиллагааг харьцангуй сайн байна гэдэг дүгнэлтийг өгч байгаа. Цаашдаа техник хэрэгслээ улам боловсронгуй болгох шаардлага бий. Сонгуулийн Ерөнхий хорооны энэ жилийн төсөвт дөрвөн тэрбум төгрөгийг баталж өгсөн. Энэ мөнгийг сонгогчийн бүртгэлийн компьютер техник хэрэгсэл авахад зарцуулна. 2020 оны УИХ, орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд шинэ технологи ашиглана. Санал авах, тоолох машины шинэ хувилбар гарсан. Энэ хэрэгслээс нэмж авах бодолтой ажиллаж байна. Энэ хаврын УИХ-ын чуулганы төрийн байгуулалтын байнгын хороонд зөвшилцөх албан бичгээ явуулна.