ХААИС-ийн Хөдөө аж ахуй, хэрэглээний эдийн засгийн тэнхимийн ахлах багш, доктор Г.Ганзоригтой ярилцлаа.
-Өнөө жилийн Давосын чуулга уулзалтаар циркуляр эдийн засгийг нэлээд онцоллоо. Циркуляр экономи гэдэг тодорхойлолтыг монголоор орчуулбал юу гэх вэ?
-Циркуляр эдийн засгийг янз бүрээр орчуулж байна л даа. Бид түрүү жил гаргасан ногоон эдийн засгийн тухай номондоо тойрог хэлбэрт эдийн засаг гэж орчуулсан.
-Хэдэн оноос эхлэлтэй ойлголт юм бол?
-1966 оноос эхлэлтэй. Английн эдийн засагчдын гаргасан санаа. Гэхдээ тойрог хэлбэрт буюу циркуляр гэдэг нэр томьёо нь бүр сүүлд гарсан. Зогсолтгүй эргэлддэг эдийн засгийн тогтолцоо байх ёстой гэсэн санаа 2012 онд гарсан юм.
-Өнөөгийн шугаман эдийн засагт хэрэгцээгүй болсон зүйлийг хаядаг. Бүдүүн тоймоор хэлбэл хүн төрөлхтөн хаягдлаа булах маягаар л шийдсээр ирсэн. Тойрог хэлбэрт гэхээр элдэв хог хаягдалгүй, эдийн засгийн эргэлтэд нэг орсон л бол дахин боловсруулагдаад ашиг, өгөөжөө өгөөд явах эко шийдэл гэж ойлгож болох уу?
-Ер нь бол тийм. Эдийн засгийн одоогийн систем таны хэлсэн шиг л дээ. Нэг түүхий эд материал эдийн засгийн процесст ороод бүтээгдэхүүн болж хэрэглэгдээд шууд хаягдаж байгаа. Системээр нь харвал аливаа түүхий эд, материалыг оруулаад л гаргадаг. Гарсан нь дэлхийд хаягдал болдог. Өөрөөр хэлбэл нэг чиглэлээс нөгөө чиглэл рүү шилждэг систем. Ийм учраас шугаман эдийн засаг гэж тодотгодог юм. Улс орнууд энэ системээс татгалзахгүй бол эх дэлхий хогийн сав болсоор байна. Яваандаа өнөө хогийн сав маань дүүрэхээр бид яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Ихийг хэрэглэх хэрээр байгалийн баялаг хомстоно гэсэн асуудал бас бий.
-Циркуляр эдийн засаг жараад оны дундаас яригдаж байгаад 2012 оноос л эрчээ авсан хэрэг үү?
-Яг ч тийм биш. Шугаман эдийн засгаар явбал цаашдаа асуудал үүсэх нь ээ гэсэн болгоомжлол 1980-аад оны сүүлчээр хүчээ авсан. Тухайн үед хог хаягдал хамгийн том асуудал болох нь гэдэг санаа илүү хүчтэй яригдсан. Цэнхэр эдийн засаг, хог хаягдалгүй эдийн засаг, материалын хомсдлыг бууруулсан эдийн засаг гэх мэт янз бүрийн нэр томьёо гаргаж байсан л даа. Энэ ойлголтууд нь баяжиж дэлгэрсээр сүүлд 2012 оны хавьцаа “Тойрог хэлбэрт эдийн засаг” гэдэг нэр томьёо гарч ирсэн.
-Өндөр хөгжилтэй орнууд тойрог хэлбэрт эдийн засгийг онцгойлж анхаараад байх шиг. Шотландууд нэлээд идэвхтэй хэрэгжүүлж яваа анзаарагдсан…?
-Европын холбоо, Европын улс орнууд нэлээд дэмжиж байгаа. Тэр дундаа англичууд онцгой анхаарч байна. Сая таны дурддаг Шотландаас гадна Австри гэх өндөр хөгжилтэй орнууд тойрог хэлбэрт эдийн засагч ач холбогдол өгөөд эхэлчихсэн. Ер нь өндөр хөгжилтэй орнууд бүхний түрүүнд явдаг. Бүгдийг түрүүлж хардаг.
-Дэлхийд хүчээ авсан энэ хандлагын яг хаахна нь бид явна вэ?
-Бид 2014 онд “Ногоон хөгжлийн бодлого”-оо баталсан улс. Ганц манайд ч биш, дэлхий даяар хожуу яригдсан сэдэв. Ногоон хөгжлийн бодлого олон улсын хэмжээнд хүчтэй яригдсан цаг хугацаа гэвэл 2016 оноос эхэлнэ. Сүүлийн үед улс орнууд тойрог хэлбэрийн эдийн засгийг хөгжлийн бодлогодоо тусгаж байгаа. Манай улсын хөгжлийн бодлогод энэ ойлголтыг тусгасан бичиг баримт одоогоор байхгүй. Тэгэхдээ тусаагүй байна гэдэг нь энэ ойлголт огт байхгүй гэсэн үг биш. Хог хаягдлын менежмэнтийн асуудлыг л тойрог хэлбэр эдийн засагтай холбож ойлгодог. Хог хаягдлын менежмэнт манайд бий. Гэхдээ хараахан сайн хөгжүүлж чадаагүй байна. Хэд хэдэн бодлогын баримт бичиг бий. “Үндсэн хууль”-даа хүртэл хог хаягдлын асуудлыг тусгачихсан. “Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол экологийн тэнцвэрт байдал алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэсэн заалт байгаа. Тэгэхээр манай улс Үндсэн хуулиа батлахдаа тойрог хэлбэрт эдийн засгийн асуудлыг тусгасан гэсэн үг. Ер нь ногоон эдийн засгаас бид хол амьдраагүй. Уламжлалаа сөхөөд харвал хоггүй эдийн засгийн систем угаасаа байсан. Дээр үед пластик, хуванцрын хэрэглээ байгаагүй. Хуванцар нийт хог хаягдлын ихэнхийг эзэлдэг юм. Мал аж ахуйгаас гарсан бүх бүтээгдэхүүн эргээд байгальд шингэдэг. Ямар нэг хуванцар, химийн бодис ашигладаггүй. Тэгэхээр Монгол циркуляр эдийн засагтай байсан болж таарч байгаа биз.
-Циркуляр эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлээд эхэлчихсэн Шотландад хэрэгслийн номын сан гэж ажиллаж байгаа юм билээ. Ганц ч номгүй, зүгээр л элдэв төрлийн багаж хэрэгсэлтэй. Өнөөхөөр нь хүмүүс эвдэрснээ засч янзлахад суралцдаг. Элдэв хоггүй ухаалаг амьдрах аятайхан шийдэл санагдсан. Улс орнуудад хэрэгжиж буй иймэрхүү жишээнүүд сонирхуулаач?
-Шотландын жишээ бол нэлээд сонгодог. Өндөр хөгжсөн орны хийж байгаа ажил. Өндөр хөгжилтэй, үйлдвэрлэгч улсын иргэд телевизээ ашиглахгүй гээд гаргаад хаядаг. Илүүг авахуулахгүйн тулд хуучин муудсаныг нь янзлуулах санаа сэдсэн нь сайн жишээнүүдийн нэгд зүй ёсоор орно. Хөгжилтэй орнуудад нэг эерэг тал анзаарагддаг. Хуучин эдлэл, хувцсаа хаяхдаа хүн аваасай гэсэн сэтгэлээр гэрийнхээ гадаа цэмбийтэл нь хураагаад тавьдаг. Гэтэл манайд эсрэгээрээ. Хүнд хэрэглүүлэхгүй гэж эвдэж урж хаядаг. Заримдаа бүр шатааж хаядаг. Шатаана гэдэг хүлэмжийн хийн ялгаралтад нөлөөлж, экологид халтай амьдарч байна гэсэн үг.
Германд second hand product буюу хуучин бүтээгдэхүүний зах гэж гардаг. Хотын захиргаанаас нь зохион байгуулдаг юм. Хуучин бүтээгдэхүүний зах ажиллуулна гэсэн зар гарангуут иргэд нь бүртгүүлдэг. Бүртгүүлсэн иргэд гэртээ ашиглахгүй зүйлсээ аваачиж зардаг. Гэхдээ ашиг олох зорилгоор биш. Хэрэглэж болох хүнд нь өгье гэсэн чин хүслээр хүүхдэдээ 40 еврогоор авсан тоглоомоо 50 центээр зардаг.
-Манайхан өмссөн хувцсаа хүнд хэрэглүүлэхгүй гээд шатаагаад байх шиг анзаарагддаг. Ядаж л ногоон эдийн засаг, байгальдаа халгүй амьдрах гэдэг талаас нь ойлголт, хандлага суулгамаар юм байна?
-Монголчууд өчнөөн тэрбум төгрөгийг комиссын бараанд зарцуулдаг. Наад зах нь энэ логикоор хандах хэрэгтэй л дээ. Ногоон эдийн засагт нийгмийн тэгш бус байдал гаарсан гэж үздэг. Хэсэг бүлэг нь асар баян, нийт олон нь асар ядууг тэгш бус байдал гээд байгаа юм. Манайд энэ ялгаа бүр нэмэгдэж байна. Тойрог хэлбэрт эдийн засгийн салшгүй нэг ойлголт л доо. Экологийн ул мөр гэх ойлголт бий. Тухайн улсын нэг хүнд ноогдох хүлэмжийн хийн ялгарлыг ингэж тодотгодог. Хүлэмжийн хийн ялгарлын гол шалтгаан нь хүмүүсийн хэрэглээ. Улс орон өндөр хөгжилтэй баян байх тусам иргэд нь ихийг хэрэглэдэг. Хэрэглээ зардал өндөр байх тусам их хог гардаг. Энэ жишээнд Америкийг их ярьдаг. Үрэлгэн, хүнсний хаягдал их, таргалалт ихтэй улс шүү дээ. Ихэнх иргэд нь том байшин, машинтай. Тэр хэрээр тог цахилгаан, түлш эрчим хүч урсана. Мэдээж ийм улсуудтай харьцуулбал манай улсын хэрэглээ бага. Гэхдээ жилээс жилд хэрэглээ өсч байгааг хог хаягдлын хэмжээнээс харж болно.
-Хог хаягдлын хэмжээ хэр өссөн бол, харьцуулсан статистик хэлээч?
-Манай улс 2009 онд 820 мянган тонн хог хаясан бол 2015 онд 2.9 сая тонн болж өссөн байх жишээний. Зургаахан жилийн дотор 3.2 дахин өснө гэдэг том тоо. Хэрэглээ асар хурдтай өсөхийн хэрээр байгальд аюул заналтайг энэ тооноос харчихаж болно. Статистик мэдээллээр Улаанбаатар хотод нэг ганцхан 3000 тонн хог хаягдал гардаг. Үүнийг 365 хоногт үржүүлээд үзээрэй.
-Хог хаягдлаа багасгахын тулд хамгийн түрүүнд яах ёстой юм бол оо?
-Хог хаягдлыг ахуйн, үйлдвэрлэлийн гэж ангилдаг. Манай улсын хувьд ахуйн хог хаягдал 90.9 хувийг эзэлдэг. Тэгэхээр хог хаягдлаа багасгахын тулд айл өрхүүдтэй тулж ажиллах хэрэгтэй. Хуванцар, шилний хог хаягдлын ихэнх нь иргэдээс гардаг. Тойрог хэлбэрийн эдийн засаг талаас харвал шил, лааз цуглуулж яваа хэсэг л байгаль орчинд ээлтэй хүмүүс болж таарч байна. Бидний хаясан хогийг тойрог хэлбэрт эдийн засагт оруулдаг гол систем нь хог, лааз, шил түүдэг хүмүүс болчихоод байгаа нь бодитой үнэн. Энэ талаас нь харвал тэднийг дэмжиж, ажлын байрыг нь баталгаатай болгож, даатгалд хамруулмаар байгаа биз. Иргэдийн хувьд хаяж л чадаж байгаа болохоос тойрог хэлбэрт эдийн засагт хувь нэмэр оруулахгүй яваа. Шил, лааз түүдэг хүмүүст дутагдал бий. Шил, лаазаа ялгаж авах гээд бусад хогийг нь бусниулчихдаг. Энэ мэт процессийн алдааг тухай бүрд нь сайжруулаад явбал тойрог хэлбэрийн эдийн засгийн суурийг аятайхан тавьчих боломжтой. Хог хаягдлын асуудлыг системд оруулбал ядуурлыг бууруулах боломж бий.
-Аюултай хаягдал нийт хогны хэчнээн хувийг эзэлдэг бол, шууд л газарт булчихаж байна уу?
-Амархан шатамхай, химийн урвалд ордог, амьтны бус гаралтай, байгаль орчинд хурдан задардаггүй хог хаягдлыг аюултай гэж тодотгодог. Аюултай хог хаягдалд батарей, аккумлятор, эмнэлгийн хог хаягдал ордог. Үүнээс гадна арьс ширний гэх мэт боловсруулах үйлдвэрүүд, уул уурхай, цементийн үйлдвэрүүдийн хаягдал ч багтана. Жилдээ 10 мянган тонн аюултай хог гардаг. Үүний 10-50 хувийг л дахин боловсруулж байна. Үлдсэн нь хаягдаж байгаа. Хаях зориулалтын арга нь ландфил буюу булшлах. Гүн нүхэнд хогоо хийгээд харагдахгүй болтол хөрсөөр булах арга л даа. Харамсалтай нь бид ингэж чадахгүй, нүх ухсан болоод хогоо газарт овоолчихоод байна.
-Хог хаягдлаа дахин ашиглахын тулд хамгийн эхний том ажил нь хогоо ялгаж сурсан иргэд гэж ойлголоо. Энэ тал дээр жишиг болохоор орон гэвэл аль улсыг онцлох вэ?
-Герман нэлээд өндөр түвшинд хөгжсөн. Бүх айл нь цаас, шил, лааз, хүнсний хог хаягдлыг тусад нь ялгах системд орчихсон. Тэнд эдийн засгийн хөшүүрэг байгаа учраас хогоо ялгаж байна л даа. Шил гэхэд л дотроо хоёр гурав ангилагдана. Жимсний чанамал, дарс, шар айрагны шил тусдаа. Томоохон худалдааны төвүүд шар айрагны хаягдал шил лааз худалдаж авдаг автомат машинтай. Шар айрагны шилэн дээр шошго нь байвал бар код уншуулаад л болоо. Нэг лаазыг зургаан центээр авдаг. 100-200 төгрөг гэсэн үг. Ундааны хуванцар лааз арай үнэтэй. Манайхаар 500-600 төгрөг. Жимсний чанамал, дарсны шилнүүдийг худалдаж авдаггүй. Ийм шилнүүдийг тусгай төмөр танканд хийдэг. Тэр танканд ерөөсөө шил л хийх зориулалттай. Бүх юмаа ингээд ялгачихаар боловсруулах үйлдвэрт очихоороо бэлэн түүхий болж байгаа юм. Хүнсний хаягдлын ялзралын процессийг ашиглаж газ үйлдвэрлэх, газнаасаа эрчим хүч гаргаж авах, хаягдсан хүнсний ялзмагаар бордоо хийх гэх мэт өчнөөн үйлдвэрлэл өрнөдөг.
-Давосын чуулганы үеэр Европын хөрөнгө оруулалтын банк циркуляр эдийн засагт шилжсэн улсуудад санхүүжилтийн дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдсэн. Циркуляр эдийн засагт шилжих чиглэлд анхаарна гээд санхүүжилт татах боломж нээгдэж эхэлсэн гэж ойлгож болох уу?
-Энэ чигийн төслүүдэд санхүүжилт олгох боломж нэмэгдэж байгаа. Эдийн засаг талаас нь аваад үзвэл хямдхан нөөц буюу капитал , түүхий эд материал байна шүү дээ. Түүхий эд материалыг байгалиас олборлож боловсруулаад үйлдвэрлэл хийхэд их зардал шаардлагатай. “Адидас” хуванцар лаазаар спортын хувцас хийж байна. Бидний өмсдөг сагсны майк, пудволк, хослолыг синтетик буюу хуванцар лааз боловсруулж гаргаж авсан маш нарийн нийлэг утсаар хийдэг. Ийм материалаар хийсэн хувцасны тухайд их гүйх тусам улам сэрүүцэх давуу талтай. Байгаль орчинд ээлтэй гэгдэх юмс дэлхий даяар энэ маягаар тархаад ирэхээр том брэндүүд тэр чиглэл рүүгээ хандаж эхэлж байгаа. Манайд ч дурдахаар жишээ бий. Хаягдал дугуйг боловсруулаад замын хавтан, тоосго хийдэг. Хуванцрын хогоор сандал, хогийн сав хийж байна. Хувийн компаниуд сонирхож байна гэдэг чинь тойрог хэлбэрийн эдийн засаг Монголд хөгжих суурь бүрэлдэж эхэлсэн гэсэн үг. Төсөл санаачилж боловсруулбал санхүүжилт олдоцтой гэж би түрүүн хэлсэн. Азийн хөгжлийн банк, НҮБ гэх байгууллагууд онцгойлон дэмжиж байгаа.
-Манай улсад хог дахин боловсруулах үйлдвэр барилаа, барих гэж байна л гэдэг. Ашигтай, амжилттай ажиллалаа гэсэн мэдээ дуулдахгүй юм?
-Хэд хэдэн оролдлого бий. “ЖАЙКА”-гийн төслөөр Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн хогийн цэгийн хогийг дахин боловсруулах анхны алхмууд хийсэн. Сонгинохайрханд нэмж барьсан үйлдвэрээ ашиглаагүй асуудал байгаа. 2014 онд Дарханы удирдлагуудтай уулзахад Солонгосын Засгийн газраас хог шатааж эрчим хүч гаргадаг үйлдвэр, цахилгаан станц байгуулах санал тавьсныг сонирхуулж байсан. Үнэ тарифын систем, станц байгуулах зөвшөөрлийг Засгийн газраас хүсэхэд хууль тогтоомжтой зөрчилдсөн учраас гаргаж чадаагүй гэсэн. Тэгэхээр Солонгосын Засгийн газар нэлээд хэдэн жилийн өмнө хогийг чинь мөнгө болгоод эрчим хүч үйлдвэрлэе гэсэн санал тавьсан гэсэн үг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Баянзүрх дүүргийн Цагаан даваа, Сонгинохайрхан дүүргийн Нарангийн энгэрт “Эко парк” цогцолбор үйлдвэр байгуулах санаачлага гаргасан. Хогийг ангилах, устгахаас аргагүйг нь шатаах замаар эрчим хүч гаргаж авах гэсэн ерөнхий агуулгатай төсөл. Өртөг зардал нь 246 тэрбум төгрөг. Энэ төслийг хэрэгжүүлье гэж Европын холбоо болон санхүүжүүлэгч байгууллагууд руу хандаад байгаа юм билээ.
Төслийн хүрээнд хог дахин боловсруулах 26 үйлдвэртэй болно гэсэн зорилт дуулдсан. Цаашаа явахаар ирээдүйтэй санал, санаачлага. Орчин үеийн хандлага тодорхой болж эхэлж байна. Эко, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн л ирээдүйд зах зээлд амжилттай эргэлдэнэ. Экологид ээлгүй бүтээгдэхүүн зарагдахгүй гэдэг дохио зах зээлд цацагдаж байгаа тохиолдолд хог хаягдал эргээд эдийн засгийн процесс болох ёстой. Ингэж байж тойрог хэлбэрт эдийн засгийн тогтолцоо үүснэ .
-Тойрог хэлбэрт эдийн засагт бүх хогийг ашиглана гэсэн ойлголт байна уу, эсвэл ашиглах аргагүй хог хаягдал гэсэн тодорхойлолт бий юу?
-Тойрог хэлбэрийн эдийн засаг нь хаалттай дугуй, тэр дугуй руу орсон л бол гарахгүй гэдэг ойлголт онолын хувьд байгаа боловч амьдрал дээр шууд биеллээ олохгүй. Хэн ч ашиглахгүй, дахин юу ч хийх боломжгүй хог заавал гарна. Тэрийг нь үлдэгдэл хог гэж нэрлэж байгаа. Үүний нэг жишээ нь цөмийн хаягдал. Цөмийн хаягдлыг юунд ч ашиглаж болохгүй. Гол арга нь газарт булах эсвэл сансарт хаях л байна.
П.САЙНЖАРГАЛ