Categories
мэдээ нийгэм

Х.Мандахбаяр: Сайтын холбоод нэгдэх хэрэгтэй

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл мэдээллийн сайтын эрхлэгч, сэтгүүлчидтэй уулзлаа.

Уулзалтаар монголын цахим сэтгүүлзүйн өнөөгийн байдал, хөгжил дэвшил, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарвал зохих зүйлс болон тулгамдаж буй асуудлаас гарах гарц гаргалгаа юу байж болох талаар санал бодлоо солилцлоо.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Одоогоор монголын сайтын холбоо, тэргүүлэгч сайтын холбоо, станцын сайтын холбоо, сайтуудын хөгжлийн нэгдсэн холбоо, мэргэжлийн сэтгүүлчдийн сайтын холбоо гэсэн таван сайтын холбоо ажиллаж байна. Түүнчлэн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа 70 гаруй мэдээллийн сайт байна.Үүнээс гадна тодорхой хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрөлжсөн сайтууд бий. Өнөөдрийн уулзалтанд зөвхөн мэдээллийн сайтын сэтгүүлч, эрхлэгчдийг урьсан. Цахим сэтгүүлзүйн мэргэжлийн сэтгүүлчийн мэргэшлийн асуудал болон, мэргэжлийн ур чадварын асуудал, орчин бүтэц, зохион байгуулалтыг харах ёстой.Энэ чиглэлэээр таван сайтын холбоо ажиллаж байна.

МСНЭ-ээс хоёр санал дэвшүүлж байна.

Бидний саналд “Сайтын холбоод хамтран ажиллах боломж бий юу. Энэ талаар та бүхэн судалж үзээрэй. Нөгөөтэйгүүр мэргэжлийн сэтгүүлчдийн ялгарах онцлог гэж байх ёстой.Бидний үйл ажиллагаа, үг хэл мэргэжлийн байх тал руугаа нэгдэж ажиллацгаая” гэсэн санал, уриалгыг дэвшүүлж байна. Мэдээллийн сайтуудын холбоо нэгдэх боломж байгаа бол мэргэжлийн сэтгүүлзүйн хөгжил дээр нэгдэх хэрэгтэй. Нийгэмд хэрэгтэй мэдээ мэдээлэл түгээе гэсэн чин сэтгэлтэй сэтгүүлчдэд тодорхой хэмжээнд зовлон байдаг. Сайт бол бизнес утгаараа хөгжих ёстой. Энэ бол тухайн сайтын болон сайтын холбооны асуудал. Сайтын холбоод сайтын эрх ашгийг хамгаалах гэхээр сайтын эздийн асуудал яригддаг байсан бол үүн дээр нэмээд сэтгүүлчдийн болон зураглаач, админы мэргэжлийн байх асуудлыг анхаарч нэгдээч ээ гэж хэлмээр байна.

МСНЭ-ээс дэвшүүлж буй дээрх хоёр санал дээр сэтгүүлчид үзэл бодлоо илэрхийллээ.

Сэтгүүлч Ч.Чулуунцэцэг “Бид нартай холбоотой асуудал хэрэглэгч, уншигчийн асуудал болчихлоо. Сонин сэтгүүлийн холбоон дээр ихэвчлэн сайттай холбоотой гомдол ирдэг. Тухайлбал нэг сайт дээр гарсан мэдээ бусад бүх сайт дээр гарчихдаг. Тэгэхээр гомдол гаргасан хүний гомдлыг хэлэлцэх боломжгүй болчихдог. Энэ бол асуудал юм. Тиймээс ёсзүйн зарчим кодоо өөрсдөөсөө эхэлцгээе.

Мөн бохир сошиал бизнес өнөөдөр асуудал болж байна. Хэрэглэгчид цахим сайт уу, фэйсбүүк хуудас уу? Гэдгээ ялгахгүй болчихоод байна. Зарим мэдээллийн сайтууд хэн нэгэн эрхмийг үхүүлж байж эсвэл худал хуурмаг анхаарал татсан мэдээлэл түгээж хандалтаа өсгөдөг. Эцэст нь бөөнөөрөө үүнийг гэж итгээд бүгд хуулж тавиад хам хэрэгтэн болдогоо больцгооё”.

Залуу.ком сайтын эрхлэгч Лхагвадорж “Сайтууд редакцын асуудлаа цэгцлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл редакцгүй сайтууд цахим сэтгүүлзүйн нэр хүндийг унагааж байна. Тиймээс нэн яаралтай энэ асуудалд сайтын холбоо болон Х.Мандахбаяр ерөнхийлөгч анхаарч цэгцэлж өгөөрэй. Түүнчлэн сүүлийн үед оюуны хулгай гэдэг зүйл газар авлаа. Энэ тал дээр сэтгүүлчид анхаарч бие биенийхээ хөдөлмөрийг үнэлээч ээ гэж хэлье. Мөн хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиа нэг тийш нь болгох хэрэгтэй байна. ”

Time.mn сайтын сэтгүүлч “Зарим мэдээлийн сайтуудыг хааж цэгцлэх хэрэгтэй. Эсвэл тусгай зөвшөөрөл олгодог болгох хэрэгтэй. Одоо хэн дуртай нь сайт ажиллуулдаг болж байна”.

Control.mn сайтын сэтгүүлч Хишигжаргал“ Энэ асуудлыг бид арван жил ярилаа. Гарц шийдэл ерөөсөө харагдсангүй, биелсэнгүй.Гэхдээ аяндаа өөрөө цэгцрээд, шигшигдээд явчихна гэж бодож байна. Тиймээс хаах шаардлага байхгүй. Илүү ажил болно. Учир нь бид өөрсдөө мэргэжлийн байгаад байвал хэрэглэгчид ч тэр ялгаж салгана.”

24цаг.мн сайтын эрхлэгч Гантуяа “Шинээр гарч ирж буй залуу сэтгүүлчдэд зориулж зөвөлгөө өгдөг болмоор байна. Ядаж хүнтэй зөв мэндэлж сургах хэрэгтэй. Бидний үед алхам тутамдаа алхаа гишгээ, үг яриа бүр дээрээ шүүмж авч, ахмад сэтгүүлчдээсээ суралцаж ирсэн. ”

Shuud.mn сайтын эрхлэгч “Мэдээллийн сайтууд телевиз шиг эздээ ил зарлах хэрэгтэй. Санхүүжилтээ ч гэсэн. Тэгэхгүй бол нэг хүн бүр 30, 40 сайттай юм яригдаад байгаа шүү.”

Ийнхүү сэтгүүлчид өөрсдийн үзэл бодол болон санал санаачилгаа дэвшүүлж дууссаны дараа МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр нийт сэтгүүлчдийн асуултанд товч хариуллаа.

Та бүхэн санал бодлоо солилцлоо. Зарим сайтын эрхлэгч, сэтгүүлчид тусгай зөвшөөрөлтэй болгох хэрэгтэй гэж байна. Энэ бол маш буруу. Бид төрөөс хараат байж болохгүй. Төрөөс хараат болж тусгай зөвшөөрөл авдаг болчихвол мэргэжлийн үйл ажиллагаа болоод, хэвлэлийн эрх чөлөөнд харш байх болно. Түүнчлэн зарим мэдээллийн хэрэгслийг хааж цэгцлэх хэрэгтэй гэлээ. Бид шууд үйл ажиллагааг нь зогсоогоод хааж болохгүй. Харин мэргэжлийн бус байгаад байвал бид хэлж засаж залруулахыг шаардах ёстой. Сэтгүүлчдэд техник технолого, IT мэдлэг, хэлний мэдлэг гэх мэтчилэн ур чадварууд дутагддаг. Энэ талыг нь сайжруулж хөгжүүлэх тал дээр бид анхаарч дэмжиж ажиллах боложтой. Цаашдаа сэтгүүлчдэд мэргэшлийн зэрэг олгодог болох тал дээр бид анхаарч байна. Энэ удаа бид тулгамдаж буй асуудлаа ярилцлаа. Дараагийн уулзалтаар илүү шинэлэг санаатай, асуудлыг шийдэх гарц боловсруулж, шийдэх тал дээр санал авч нэгдсэн шийдвэр гаргах болно. Энэ мэтчилэнгээр бидний уулзалт үр дүнгээ өгөх болно гэлээ.

Б.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *