УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд чуулганы нэгдсэн хуралдаанаар олон улсын 13 гэрээ, хэлэлцээр батлуулжээ. Тухайлбал, Монгол Улс, АНУ хооронд байгуулах Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийг батлав. Уг гэрээг Монгол Улсыг ГХЯ, АНУ-ыг Мянганы сорилтын корпораци төлөөлөн өнгөрсөн оны долдугаар сард байгуулсан бөгөөд Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулах зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Мянганы сорилтын корпорацаас олгох юм. Мөн Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээрт нэгдэх асуудлыг шийдвэрлэсэн юм. Хэлэлцээрт нэгдсэнээр МИАТ компани гадны томоохон нислэгийн компаниудын агаарын хөлөгт засвар хийхэд ашиглах тоног төхөөрөмж, эд ангийг хямд үнээр худалдан авах боломж бүрдсэн байна.
Түүнчлэн БНХАУ-ын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээх тогтоолыг УИХ-аар батлуулав. Ингэснээр Шанхай хотноо суралцаж буй 700 оюутнууд болон Гуандун, Фужян, Жөжян, Анхуй, Жянсу мужид амьдарч буй монголчуудын эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, БНХАУ-ын болон бусад орны иргэдэд визийн үйлчилгээг ойртуулах боломжтой боллоо.
Цахим бодлогын түр хорооны хуралдаанаар ажлын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэн баталж, төрийн байгууллагуудын мэдээллийн систем, сүлжээний нууцлал, аюулгүй байдал, хамгаалалтын өнөөгийн түвшинтэй танилцах, төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэнд хүнд сурталгүй, чирэгдэлгүй хүргэх, түүний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ, хөтөлбөр, төсөлтэй танилцах, үр дүнг үнэлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий чиглэлээр дөрвөн ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.
Мөн байнгын хороо Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Вьетнам улс хоорондын хэлэлцээр, АНЭУ-ын Абу Даби хот, Беларусь Улсын Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээх тухай, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах ‘‘Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр’’ зэрэг олон улсын гэрээ, хэлэлцээрийг хэлэлцэж, санал дүгнэлтээ Засгийн газарт хүргүүжээ.